Б.НАМУУНТАМИР
Одоогоос хоёр жилийн өмнө нэг удаагийн нийлэг уутыг хэрэглээнээс халах тухай захирамж, тогтоол гарч, ААН, байгууллагуудад гялгар уут худалдаалахгүй байхыг үүрэг болгоод байсан билээ. Тодруулбал, бүх төрлийн 0.035 мм болон түүнээс нимгэн, нэг удаагийн нийлэг хальсан уутыг худалдаа, үйлчилгээнд сав, баглаа боодлын зориулалтаар импортлох, үйлдвэрлэх, хэрэглэхийг 2019 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хориглосон билээ.
Гэвч монголын хууль гурав хоногтоо гэгчийн жишгээр тус хуулийн хэрэгжилт нийлэг уутны үнийг өсгөснөөс өөр үр дүнд хүрсэнгүй. Өнөөг хүртэл иргэд, ААН, байгууллагууд хориглосон нийлэг хальсан уутыг хэрэглэсээр буй бөгөөд хяналт, шалгалт тавьдаггүй талаар худалдаа эрхлэгчид хэлсээр байгаа.
Манайд дахин ашиглагдах сав баглаа боодолтой бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг нь цөөн
Байгаль дэлхийд нийлэг уут сөрөг нөлөө үзүүлж буй тухай хоёр жилийн өмнө яригдаж байсан ч цар тахлын улмаас амны хаалт, нэг удаагийн бээлий нийлэг уутнаас ч илүү сөрөг нөлөө үзүүлж эхэлсэн талаар бид өмнөх нийтлэлдээ онцолсон. Судлаачдын тооцоолсноор дэлхий дээр нэг минутанд гурван сая амны хаалт байгальд хаягдаж байна. Нэг удаагийн амны хаалт нь пластик утаснаас бүтдэг бөгөөд бусад хуванцар хаягдлын адил байгальд задардаггүй бүтэцтэй юм.
Түүнчлэн цар тахлын дэгдэлт эхэлснээс хойш хоол хүнс, ариун цэврийн цаас, цэвэрлэгээний бүтээгдэхүүн, гар ариутгагч зэргийн худалдан авалт өмнөхөөс хэд дахин өссөн. Мөн хүмүүс онлайн худалдаагаар хэрэгцээт зүйлсээ авдаг болсны улмаас нэг удаагийн цаасан хайрцаг, тор, гялгар уутны үйлдвэрлэл, хэрэглээ өмнөхөөс хэд дахин ихэсч байгаа юм. Эмнэлгийн хог хаягдал ч элбэгшиж, эх дэлхий хогонд шумбах боллоо. Даавуун болон цаасан торны олдоц элбэг, үнэ хямд бол иргэд өөрсдийн ухамсраар нийлэг уутнаас татгалзаж болохоос гадна, үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчид үйлдвэрлэлдээ нийлэг уутыг биш, цаасан, эко сав баглаа боодлоор өрсөлдөж, байгальд төдийгүй эдийн засгийн өгөөжөө нэмэгдүүлэх бүрэн боломжтой юм. Харамсалтай нь манайд дахин ашиглагдах, байгальд ээлтэй сав баглаа боодолтой бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэрлэгчид тэр бүр байдаггүй юм.
Яагаад дахин ашиглагдах сав баглаа боодол гэж?
Дахин ашиглах боломжтой сав баглаа боодол нь нэгээс илүү удаа ашиглагддаг савлагаа юм. Бараа бүтээгдэхүүний борлуулалтад нөлөөлөх хүчин зүйлүүдийн эхний байруудад сав баглаа боодол гарцаагүй орно. Бүр гаднах хайрцагийг нь хараад авчихлаа гэсэн яриа байдаг. Тиймээс үйлдвэрлэгчид сав баглаа боодолд гойд анхаарлаа хандуулдаг. Дахин ашиглах сав баглаа боодол нь бат бөх чанар, хэрэглэхэд хялбар, цэвэрлэхэд хялбар, засахад хялбар байдаг. Дахин ашиглагдах сав баглаа боодол нь олон дахин ашиглагдахын сацуу эдийн засгийн өгөөжийн хувьд ч хэмнэлттэй юм.
Тухайлбал хүн бүрийн мэдэх Солонгосын цахилгаан барааны үйлдвэрлэлийн тэргүүлэгч компани болох “Самсунг электроникс” бүх бүтээгдэхүүнийхээ сав баглаа боодолд нийлэг уут, болон хувцанцарыг ашиглахгүй гэдгээ мэдэгдэж, хэрэгжүүлж эхлээд хоёр жил болж буй юм.
Тус компани дэлхийн байгаль хамгаалах байгууллагуудаас сав баглаа боодлын стандартын гэрчилгээ авахаар зорьж байгаа ба энэхүү зорилтдоо хүрэхийн тулд дээрх төслийг санаачилсан байна. Хуванцрын оронд хог хаягдлыг дахин боловсруулж цардуул, чихрийн нишингэ зэрэгтэй хольж гарган авдаг био- хуванцар юм уу цаасыг ашиглахаар болсон байна. Био-хуванцар гэдэг нь байгальд ээлтэй шинэ төрлийн материал бөгөөд 2030 он гэхэд нийтдээ 500 мянган тонн био-хуванцрыг ашигласан байхаар төлөвлөж байгаа гэв. Тэгэхээр дэлхий нийт тэг хаягдалтай байгальд ээлтэй амьдралын хэвшилд хөл нийлүүлэн амьдрахын тулд манай дотоодын ААН, үйлдвэрлэгчид ч мөн адил нийлэг уут, хуванцар сав баглаа боодлоос татгалзан байгальд ээлтэй, дахин ашиглагдах сав баглаа боодлоороо өрсөлдөцгөөе.
Эдийн засгийн өсөлтийг бий болгохын тулд байгалийн нөөцөө илүү их ашиглах, бус нэгэнт байгалийн нөөцийг шавхан үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг дахин боловсруулж, иргэд хэрэглээгээ уртасгаж, ухаалаг сонголт хийхгүй аваас хүн төрөлхтөнд аюулын харанга дэлдэж буй.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.3.19 БААСАН № 53 (6530)