Т.САЙХАН
УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанд Шадар сайд С.Амарсайхан вакцинжуулалтын асуудлаар мэдээлэл өглөө. Тэрээр “Засгийн газраас дархлаажуулалтыг эрчимжүүлж гуравдугаар сарын 17-ны байдлаар нийт 155.746 иргэн буюу нийт зорилтот бүлгийн 30 хувийг вакцинд хамрууллаа. Үлдсэн 352 мянган хүнийг гурав, дөрөвдүгээр сард вакцинд хамруулахаар төлөвлөж байна. Эрүүл мэндийн байгууллагын ажилчдыг 90 хувь, онцгой, цагдаагийн албан хаагчдыг 100 хувь дархлаажуулалтад хамруулсан. Мөн төрийн албан хаагчдын 70 хувийг вакцинд хамруулсан ” гэв. Үүний дараа гишүүд Шадар сайд С.Амарсайханаас асуулт асууж, хариулт авсан.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: - Вакцины хүрэлцээ хангамж, сонголт байна уу. Эхний хэсэг нь Энэтхэгийн вакциныг хийлгэсэн бол одоо Хятад вакциныг хийж байна. Сонголт алга.Сонголтгүйгээс үүдэж Хятадын вакциныг би хийлгэсэн. Эхний тунгаа тариулсан хүмүүс хоёр дахь тунгаа хийлгэхгүй байх вий гэсэн болгоомжлол байна.
Шадар сайд С.Амарсайхан: -“AstraZeneca” вакцинаас 164 мянган тунг манай улс оруулж ирсэн. Вакцины татан авалттай уялдуулж, аль болох тасралтгүй дархлаажуулалтыг хийнэ. Тухайн иргэний эрүүл мэндийн нөхцөл байдал, эмнэлзүйн дүгнэлт дээр үндэслэж ямар төрлийн вакцинд хамруулах уу гэдгийг ЭМЯ шийдвэрлэнэ. 18-аас доош насныханд вакцин хийхгүй.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа: - Дандаа буцалтгүй тусламжаар ирж байгаа вакцинууд хийж байна. Засгийн газар өмнө нь төсвөө гаргаад худалдан авах төлөвлөгөөг баталсан байх ёстой. Үүн дээр маш муу ажилласан. Дандаа гуйлгачин сэтгэхүйгээрээ явдаг. Ингэж нэр нүүрээ барж болохгүй. Гуравдугаарт, БЗД-ийн 26-р хорооны Засаг даргыг улс төрийн зорилгоор халсан. Үүнийг Шадар сайд мэдэж байх хэрэгтэй. Ажлаа мэддэг, хороогоо мэддэг бүх хүнийг халсан. Тэгэхээр тэнд халдвар нэмэгдээд замбараагүй байдал үүсээд байна.
Шадар сайд С.Амарсайхан: -Вакцины татан авалт хуваарийн дагуу явж байгаа. Хандив тусламжаар ирсэн вакцин эрт орж ирсэн учраас бид бүтэн сарын өмнө вакцинжуулалтын ажлаа эхлүүлэх нөхцөл боломж бүрдсэн. Мөнгөгүйдээ хандив тусламж аваад байгаа юм биш. Мөнгө нь байгаа ч вакцин нь олдохгүй байна. Засгийн газар төлөвлөгөөний дагуу татан авалтыг хийж 317 тэрбум төгрөг Сангийн яаманд шийдэгдсэн. Яриа хэлэлцээрүүд хийж байна. “АстраЗенека” вакциныг хоёрдугаар сарын 23-наас хийж эхэлсэн. Энэ асуудалд дэлхийн олон оронд ханган нийлүүлэлтээс хамаарч байгаа. Бид долдугаар сарын 1-нээс өмнө нийт хүн амынхаа 60 хувийг хийнэ.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:- Одоо 36 мянган иргэнтэй Баянзүрх дүүргийн 26 дугаар хороог яагаад гэнэт хатуу хөл хорио тогтоочихов оо. Хүнсний худалдааны төвүүд ажиллахгүй байгаа. “Энхсаран” сувилалын асуудал юу болсон бэ?
Шадар сайд С.Амарсайхан:-Хэсэгчилсэн хөл хориог тогтоохдоо урьдчилсан мэдээлдэг байх холбогдох дүрэм журам бий. Зарим албан тушаалтан урьдчилсан байдлаар мэдээлэхээр гараад явчихдаг гэж хэлсэн байсан. Энхсаран сувиллаас анх халдвар алдагдсан. Тэрбум 300 сая төгрөгийг тусгаарлах байрны зардал гэж тус сувилал авсан. Гэсэн ч халдар хамгааллаа сахиагүй асуудал үүссэн. Эдгээр хүнд хариуцлага тооцохыг холбогдох байгууллагынханд үүрэг болгосон. ХӨСҮТ-д хүний өмнөөс шинжилгээ сольж авсан асуудал гарсан. ХӨСҮТ-д гарсан асуудалтай холбогдуулан прокурор, цагдаагийн байгууллагаас шалгахаар ажлын хэсэг орж байгаа” гэлээ.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд:-Нийслэлд анх Баянзүрх дүүрэг дээр хамгийн том голомт гарсан. Хөл хорио суларсны дараагаар УДЭТ-ын голомтоос гэхэд 200 гаруй тохиолдол батлагдсан. Үргэлжлүүлэн баярын арга хэмжээнүүдээс халдвар олноор илэрсэн. Одоогоор 1140 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.3.19 БААСАН № 53 (6530)