Т.САЙХАН
Ерөнхийлөгч Х.Баттулга хууль зүйн салбарын эрдэмтэн, судлаач, хуульчдын төлөөллийг хүлээн авч Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал, зарчим, нэмэлт өөрчлөлтийн агуулга, Үндсэн хуулийн цэцээр хянагдаж байгаа маргаантай асуудлуудын талаар санал солилцлоо.
Энэ үеэр хуульч Б.Гүнбилэг бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ удаагийн сонгуульд нэр дэвших эрхтэй эсэх талаар өөрийн байр суурийг илэрхийллээ.
Тэрээр, “Монгол Улсын Үндсэн хуульд орсон нэмэлт өөрчлөлт, түүнийг дагаж мөрдөх журмын тухай хууль болон Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа Ерөнхийлөгчийн нэр дэвших эрхийг хязгаарласан зүйл огт байхгүй, хууль зүйн шинжлэх ухааны онол, практикын үүднээс ч эргэлзээ дагуулах, маргах асуудал огт байхгүй. Харамсалтай нь Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа болсон, улстөрөөс бүрэн хараат бус ажиллах ёстой, тийм үүрэгтэй Үндсэн хуулийн цэц маргаангүй асуудлыг маргаантай юм шигээр хүлээн авч, сахиулан хамгаалах учиртай Үндсэн хуулиа өөрөө зөрчсөн байж болзошгүй үйл ажиллагаа явуулж байгаад хууль зүйн салбарын эрдэмтний хувьд сэтгэл дундуур нэн шүүмжлэлтэй хандаж байна. Улс орны тусгаар тогтнол, Монголын ард түмний эрх, эрх чөлөөний баталгаа, хамгаалалт болж байдаг Үндсэн хуулийг улстөрийн өнцөгөөр тайлбарлаж, бүдүүлэгээр хэрэгжүүлж болохгүй. Бид Үндсэн хуулиараа тоглож, суурь зарчмуудыг нь улстөрийн зорилгоор үгүйсгээд эхэлбэл улсаараа хүнд байдалд орно.Таныг зөвшөөрвөл би энэ асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж, хууль зүйн салбарын эрдэмтний хувьд Үндсэн хуулийнхаа үзэл анаа, суурь зарчим, үнэт зүйлийг хамгаалж ажиллах хүсэлтэй байна”гэлээ.
Ерөнхийлөгч Х.Баттулга “Б.Чимид гуай нэгэнтээ Үндсэн хууль бол алганд багтдаг МонголУлс гэж хэлж байсан. Ямар ч тохиолдолд Монгол Улсын эрх ашиг эн тэргүүнд байх ёстой.Үндсэн хуулийг үгүйсгэсэн, ард түмний эрхийг хясан боогдуулсан, хураан авах гэсэн, төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг санаархсан аливаа оролдлого, зүй бус үйл ажиллагааг өөгшүүлж болохгүй. Улс орныхоо эрх ашгийг тэргүүнд бодож, Үндсэн хуулиа хамгаалах чиглэлд хамтран ажиллах санал гаргаж буйд талархаж байна” гэлээ.
Улмаар хуульч Б.Гүнбилэгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилжээ.
Эх сурвалж:www.polit.mn