Б.ГАРЬД
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ажиллаж эхлээд сар хагас боллоо. Энэ хугацааг ямар “нүд”-ээр тоолохоос урт уу, богино уу гэдэг хэмжээс тодорно.
Юутай ч өнгөрсөн 40 гаруй хоногт Засгийн газар амжилттай ажиллалаа гэж дүгнэж болохоор боллоо. Хэдийгээр хийх ёстой, хуулиар хүлээсэн үүрэгтэй ч эхлүүлсэн нь үр дүнд хүрнэ гэдэг таатай хэрэг юм.
Засгийн газар сар хагасын өмнө COVID19 цар тахлыг даван туулах дөрвөн зорилт, сарын өмнө 10 их наядын цогц төлөвлөгөөг танилцуулж байсан.
Тэр төлөвлөгөөндөө ЖДҮ үйлчилгээ эрхлэгчдэд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай хоёр их наяд төгрөгийн зээл, калуучуудыг ажил, мэргэжилд бэлтгэх, эрүүл чийрэг, идэвхтэй амьдралын хэв маягт хөтлөх хоёр сарын хугацаатай, сарын 500 мянган төгрөгийн тэтгэлэгт сургалтад хамруулахад 500 тэрбум төгрөг, эхний ээлжинд Улаанбаатар хотод барих “Залуус I, II, III” хорооллын дэд бүтэц, газар олгох, орон сууцыг нэг маягийн зургаар барих, ипотекийн хөнгөлөлттэй зээл олгох зэрэгт гурван их наяд төгрөг, стратегийн ач холбогдол бүхий томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хоёр их наяд төгрөг, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, малчдын орлого, амьжиргааг дэмжих зорилгоор 500 тэрбум төгрөг, Монголбанкны жилд нэг их наяд төгрөг байгаа репо санхүүжилтийг хоёр их наяд төгрөг болгож нэмэх /ингэхдээ жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох 300 сая төгрөгийг 500 сая, уул уурхайн бус экспортын үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох нэг тэрбум хүртэл төгрөгийг гурван тэрбум хүртэл болгох/-ээр тусгасан юм.
Хэрэгжээд эхэллээ.
Тухайлбал, 10 их наядын цогц төлөвлөгөөнд тусгагдсан “Ажлын байрыг дэмжих 2.0 их наядын төлөвлөгөө”, “Хөдөө аж ахуйг дэмжих 500 тэрбумын төлөвлөгөө”, “Ажлын байрыг дэмжих зээл”-ийг өчигдрөөс эхлэн банкуудын эх үүсвэрт тулгуурлан 3.0 хувийн хүүтэй олгох ажил эхэлсэн байна. “Ажлын байрыг дэмжих зээл”-ийн санхүүжилтийн ерөнхий нөхцлийн хувьд аж ахуйн нэгж 500 сая төгрөг хүртэл, бизнес эрхлэгч иргэн 50 сая төгрөг хүртэл олгоно. Батлан даалтын хэмжээ нь ЖДҮ үйлчилгээг дэмжих тухай хуулийг барьж үндсэн зээлийн 60 хүртэл хувь буюу 300 сая төгрөг хүртэл байна. Энэ зээлийг авагч нь ажлын байраа хадгалах, бизнесийн үйл ажиллагаагаа тогтвортой явуулахад шаардлагатай эргэлтийн хөрөнгийг бүрдүүлэх, банкнаас ижил зориулалтаар авсан зээлийг дахин санхүүжүүлэх ёстой. Зээлийн эх үүсвэр нь тухайн банкнаас гарна. Зээл олгох хугацаа нь 2021 оны гуравдугаар сарын 5-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үргэлжилнэ. Зээлийн хугацаа гурван жил, хүү нь гурван хувь гэж байна.
Ер нь бол жил гаруйн хугацаанд COVID19 цар тахлын “маск” зүүсэн манай эдийн засаг ингэж сэргэх магадлал мэдрэгдэж эхлэв. Нам гацаад байсан бизнесүүд хөдөлгөөнд орж эхэлсэн байна. Энд тэндгүй бизнес ярьсан хүмүүс олширлоо. Эдийн засгийн “макс”-ийг тайлчих шиг боллоо.
Дэлхийн банк Монголын эдийн засгийн уналтын циклийг тотворжиж, өсөлт рүү орох төлөв ажиглагдаж эхэлснийг “анзаарсан” байна.
Яадаг ч байсан энэ бол сайны дохио. Дэлхийн эдийн засаг намар ирэх “шок”-ийг хүлээж байна. Харин манайх өдийд ингэж сэргэлт авч чадвал хүндрэлийг гарз хохирол багатай давна гэсэн үг.
Нөгөөтэйгүүр нийслэл, орон нутагт COVID19 цар тахлын халдварын тархалт нэлээд өсч байна. Гэлээ ч үүнтэй зэрэгцээд Засгийн газраас вакцинжуулалтыг шуурхайлж эхэллээ.
Ер нь тэгээд халдвар, тархалтад өртөхгүй байх нь хүн бүрээс шалтгаалах нь тодорхой болсон. Томилогдоод удалгүй улс даяарын танил болсон Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал “...Одоо иргэддээ найдах үлдлээ” гэсэн нь бодит байдлыг шууд л хэлсэн үг юм. Дэлхий нийтээрээ л байдал ийм байна. Тэгэхээр Монгол Улс, монголчууд бид ч ялгаагүй юм.
Түүнчлэн өнгөрсөн хугацаанд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар шүүмжлэлд багагүй л өртөж харагдсан. Их л нүдүүлэх шиг болно лээ. Шүүмжлүүлээд л, гөвүүлээд л байсан Ерөнхий сайдыг гоочиж, сайд нарыг нь голж, юм юм л болж өнгөрөх шиг болов.
Гэхдээ овоо л юм. Энэ Засгийн газар ямартай ч хойшоо биш урагшаа гишгэж байна. Хэлсэн хугацаандаа ярьсан төлөвлөгөөгөө хэрэгжүүлээд эхэлж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.3.12 БААСАН № 48 (6525)