Б.ИРЭЭДҮЙ
Татвар төлөгч иргэн жилд нэг удаа амьдран суух зориулалтаар хувьдаа анх удаа байр авсан, байшин барьсан зардал болон оюутан хүүхдийнхээ сургалтын төлбөрийн 10 хувийн хөнгөлөлтийг авдаг. Өнгөрсөн жил төлсөн татварын хөнгөлөлтийн материалыг энэ сарын 10-наас ирэх сарын 15-ны хооронд харъяа дүүрэг нь хүлээн авах ажээ.
Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн сургалт, сурталчилгаа хариуцсан байцаагч Т.Ариунзаяа “Татварын хөнгөлөлт чөлөөлөлт авах иргэд тэр жилдээ ХАОАТ-т хэдэн төгрөг төлснөө авдаг. Тухайн иргэн өнгөрсөн онд 1.5 сая төгрөгийн татвар төлсөн бол түүнийгээ авна. Харин үлдсэн мөнгөө дараа жил нь авах боломжтой” гэв.
Сүхбаатар дүүргийн иргэн Д.Хандсүрэн 2009 онд 53 сая төгрөгийн орон сууц худалдан авчээ. Тэрээр анх удаа авсан байрныхаа татварын хөнгөлөлтөд гурван сая төгрөг авчээ. 2010 онд түүний төлсөн татвар 830 мянган төгрөг байсан байна. Харин өнгөрсөн жил 980 мянган төгрөг авав. Тэрээр “Эхний жил нь нэлээд олон материал бүрдүүлж өгсөн. Харин дараа жил нь авахдаа цалингийн тодорхойлолт, татвар төлсөн баримтаа бүрдүүлсэн. Хөнгөлөлтийн мөнгө миний дансанд тавдугаар сарын сүүлээр орсон” гэлээ.
СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ХӨНГӨЛӨЛТӨД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
1.Хөнгөлөлт эдлэх иргэний бичсэн хүсэлт
2.Эцэг /эх/-ийн болон хүүхдийн иргэний үнэмлэхний хуулбар /эх хувьтай нь тулгах эсвэл нотариатаар баталгаажсан байх/
3.ТТО.ТБДэвтэр: Оршин суугаа газрын татварын албанд бүртгүүлж авсан дэвтэрт олгосон орлого, суутгасан татварыг бичих
4.Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /дэвтрийн нүүр, сүүлийн жилийн бичилт, тушаалтай хэсгүүд эх хувьтай нь тулгах эсвэл нотариатаар баталгаажсан байх/
5.Ажлын газрын ба цалингийн тодорхойлолт: тухайн жилд цалин, нийгмийн даатгалын шимтгэл, татвар төлж байсан талаарх баталгаажуулсан тодорхойлолт /12 сараар цалингийн задаргаа/
6.Сургалтын төлбөрт төлсөн төлбөрийн баримт /сургалтын төлбөр төлсөн хөрөнгө нь албан татвар төлсний дараах орлого гэдгийг нотлох баримт тайлбарын хамт/
7.Суралцаж буй оюутны сургуулийн тодорхойлолт /гадаад сургалт нь албан ёсны орчуулгын товчоонд орчуулж баталгаажуулна/
8.Эх нь эдэлж байгаа бол хүүхдийн төрсний гэрчилгээ болон гэрлэлтийн баталгааг нотариатаар батлуулсан байх
9.Үрчилж авсан бол нотлох баримт /нотариатаар баталгаажсан байх/
10.Иргэний өөрийн нэр дээрх данс банкны нэр
11.Хувь хүний орлогын албан татварын тайлан гаргах /Маягт ТТ-06/А/, Маягт ТТ-06/Б/-р тайлагнах/
АНХ УДАА ОРОН СУУЦ ХУДАЛДАН АВЧ БАЙГАА БОЛОН БАЙШИН БАРИВАЛ:
1.Чөлөөлөлт эдлэх иргэний бичсэн хүсэлт
2.Иргэний үнэмлэхний хуулбар /Эх хувьтай тулгах эсвэл нотариатаар баталгаажсан/
3.ТТО.ТБДэвтэр: Оршин суугаа газрын татварын албанд бүртгүүлж авсан дэвтэрт олгосон орлого, суутгасан татварыг бичих
4.Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, дэвтрийн нүүр, сүүлийн жилийн бичилт, тушаалтай хэсгүүд /Эх хувьтай тулгах эсвэл нотариатаар баталгаажсан/
5.Ажлын газрын ба цалингийн тодорхойлолт: тухайн жилд цалин, нийгмийн даатгалын шимтгэл, татвар төлж байсан талаарх баталгаажуулсан тодорхойлолт /12 сараар цалингийн задаргаа/
6.Үл хөдлөх эд хөрөнгийн өмлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон гэрчилгээний хуулбар
7.Захиалгын болон худалдах, худалдан авах гэрээ /нотариатаар баталгаажсан байх/
8.Орон сууц худалдан авах, барихтай холбогдон гарсан орлогын эх үүсвэрийг нотлох баримтууд, байрны төлбөрт төлсөн баримт /өөрийн орлого/
9.Үл хөдлөх хөрөнгө борлуулсны хоёр хувь татвар төлсөн баримт
10.Зээлийн эх үүсвэрийн тухайд: зээл олгосон банк, санхүүгийн байгууллагатай байгуулсан гэрээ мөнгө шилжүүлсэн баримт /Зээлийн гэрээ нотариатаар баталгаажсан байх/
11.Хөрөнгө үнэлгээний зөвшөөрөлтэй байгууллагын үнэлсэн тайлан
12.Иргэний өөрийн нэр дээрх данс банкны нэр
13.Хувь хүний орлогын албан татварын тайлан гаргах /Маягт ТТ-06/А/, Маягт ТТ-06 тайлагнах/