Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн танхимд дөрвөн эмэгтэй сайд ажиллаж байна. Эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлж, тэдэнд Монгол Улсын дөрвөн томоохон салбарыг хариуцуулснаараа энэ Засгийн газар түүхэнд бичигдэх болов. Тухайлбал, Гадаад харилцааны сайдаар Б.Батцэцэг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар А.Ариунзаяа, Соёлын сайдаар Ч.Номин, БОАЖ-ын сайдаар Н.Уртнасан нар томилогдож, эмэгтэйчүүд салбараа түүчээлэн ажиллаж байна. Удахгүй болох Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Зууны мэдээ” сонин  Төрийн сайд бүсгүйчүүдийн тухай мэдээллийг онцлон хүргэж байна.  

 

Гадаад харилцааны гурав дахь эмэгтэй сайд

 

Өндөр хөгжилтэй улс орныг эмэгтэйчүүд удирдаж, өмнөхөөс нь ч илүү сайн жишгийг нэвтрүүлж байгааг нийтээрээ шагшин магтаж  эхэллээ. Камала Харрис хэмээх Өмнөд Азиас гаралтай цагаач гэр бүлд мэндэлсэн өнгөт арьст эмэгтэй, Америкийн анхны эмэгтэй дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон нь олон мянган эмэгтэйчүүд, охидын зүрх сэтгэлд итгэл найдварын галыг асаасан юм. Оклендэд бүсийн орлогч прокуророос цаг үргэлж өсөн дэвшсээр дэд ерөнхийлөгчийн суудалд ирсэн түүний замнал,“Би энэ албыг хаших анхны эмэгтэй боловч сүүлийнх биш” гэсэн үг нь олон эмэгтэйд илүү ихийг хийж бүтээх урам зоригийг бэлэглэв.

Эмэгтэйчүүд улс төрийн манлайллаараа үлгэр жишээ болж байгаа жишгийг Монгол Улс мөн дагалаа. Тухайлбал, аливаа улс орны хөгжлийн чиг, ирээдүйн  төлвийг шийддэг хамгийн чухал алба болох Гадаад харилцааны яамыг төрийн болон дипломат албанд 24 жил ажилласан Батмөнхийн Батцэцэг хэмээх эмэгтэй тэргүүлж байна.Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагийн Гадаад сурталчилгаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга, Сангийн сайдын гадаад бодлогын зөвлөх, Гадаад харилцааны яамны дэд сайдаар ажиллаж байсан тэрээр салбарынхаа алдаа оноо бүхнийг андахгүй мэдэх хүмүүсийн нэг. Аливаа сайдуудын араас дагадаг салбарын хүн биш гэх тодотгол түүнд байхгүй.

Б.Батцэцэгийн хувьд Гадаад харилцааны сайдаар томилогдсон гурав дахь эмэгтэй сайд болж байна.Түүнээс өмнө 1998-2000 онд Н.Туяа, 2007-2008 онд С.Оюун нар сайдаар ажиллаж байв. Гэхдээ Б.Батцэцэг 100 жилдээ ганцхан тохиолддог гэх цар тахлын хамгийн эгзэгтэй цаг үед ажиллаж байгаа анхны сайд гэдгээрээ онцлогтой.Тусгаарлах байрны хүрэлцээнээс шалтгаалан төлөвлөсөн байсан тусгай үүргийн нислэгээ цуцалснаар Гадаад харилцааны яам хамгийн их шүүмжлэлд өртсөн юм. Харин шинэ сайд Б.Батцэцэг гадаад улсаас ирэх иргэдийн тусгаарлах хоногийг багасгаж, нислэгийн тоог нэмэгдүүлснээр нэг сард 12-14 нислэг үйлдэж, 2000 гаруй иргэн эх орондоо ирэх боломж бүрдсэн юм.

 

Аялал жуулчлалын салбарыг босгох сайд

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ аялал жуулчлалын чиглэлд анхаарал хандуулж, цар тахлын  дараа аялал жуулчлалыг хэрхэн сэргээх, дотоодын аялал жуулчлалыг нэмэгдүүлэх чиглэлээр тууштай ажиллах баг бүрдүүлж ажиллана гэдгээ мэдэгдсэн юм. Энэ хүрээнд БОАЖ-ын сайдаар сэтгүүлч мэргэжилтэй Н.Уртнасан гэх эмэгтэйг томилсон. Олон талаараа нийгэмд ил гарч танигдаагүй учраас түүнийг хэрхэн ажиллах бол, ямар туршлагатай хүн юм бэ хэмээн олон нийт тандаж, сэтгүүлчид ч салбарынхаа төлөөлөлд зарим талаараа шүүмжлэлтэй хандаж байлаа.

Тэгвэл Н.Уртнасан сайд ажлаа авсан даруйдаа хэд, хэдэн орны Элчин сайд нартай уулзалт хийж, зогсонги байдалд орсон аялал жуулчлалын салбарыг хэрхэн цар тахлын дараа сэргээх талаар ажил хэрэгч уулзалт хийжээ.

Тухайлбал, жуулчдын асар их урсгалтай Хятад улсаас жуулчид татах талаар БНХАУ-ын Элчин сайдтай, Япон улсын Элчин сайдтай байгаль орчноо хамгаалах, орон нутгийг ногооруулах, моджуулах асуудлаар болон жуулчин татах чиглэлээр мөн уулзалт хийсэн байна. Мөн ажлаа аваад сар гаруйн хугацаанд аялал жуулчлалын салбарынхантай гурван ч удаа уулзаж, цар тахлын дараа салбараа ямар байдлаар шинэ шатанд гаргаж, хөгжүүлэх вэ гэсэн гарц шийдлийг ярилцжээ.  Аялал жуулчлалын салбарын 2300 аж ахуйн нэгжийн 88 мянган ажлын байрны төлөө ажиллаж чадах мэдрэмжтэй хүн иржээ хэмээн салбарынхнаасаа ажил хэрэгч, шуурхай гэсэн үнэлэлт авсан гэдэг. Ямартай ч ирэх жилээс энэ салбар эргээд хөл дээрээ босно гэх итгэлээр Н.Уртнасан сайд ажилдаа хандаж байна. Ерөнхийлөгч Х.Баттулга ч түүнд салбартайгаа танилцах тал дээр, болон аялал жуулчлалаар хамтран ажиллахаа илэрхийлж байсан удаатай.

Манай улсад 2019 онд 577300 жуулчин ирж, энэ салбар 607 сая төгрөгийн орлого олж байсан бол 2020 онд салбарын орлого 65.8 хувиар буурчээ.  Тиймээс салбарынхных нь хэлсэнчлэн  өвөрмонголчууд шиг хэдэн саяар нь жуулчин хүлээн авах цаг удахгүй ирэх биз ээ.

 

Халамжаас хөдөлмөрт шилжих баталгаа сайдын зангарагаас шалтгаална  

 

У.Хүрэлсүхийн Засгийн газар танхимаараа огцорход дараагийн засагт тунаж үлдсэн цөөн сайдын нэг нь А.Ариунзаяа. Эмэгтэй сайд нар дундаа хоёр ч засагт ажиллаж байгаа учраас арай туршлагатай нь гэж харж болохоор. Олон нийт түүнийг П.Жасрай сайдын зээ охин гэдгээр нь мэднэ. Мөн тоо ярьдаг сайд ч гэж тодотгох нь бий. Учир нь тэрээр Үндэсний статистикийн газрын дарга байхдаа тооны ухааныг ойлгуулах гэж нэлээдгүй зүтгэл гаргасан. Харин төрийн сайдаар дэвшихдээ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт орж ирэв. Гэхдээ нийгмийн хамгааллын салбар өмнөх албанаас нь хол зөрөхгүй. Адилхан л ажлын байр, орлого, халамж гээд тоотой ажиллах учраас арай дөхөм байж мэднэ.

Аль ч улсын Засгийн газрын гол зорилго бол иргэдээ ажилтай орлоготой байлгаж, нийгмийн хамгааллын баталгааг нь бүрдүүлж өгөх. Тэр утгаараа Засгийн газрын гол зангилаа яамны бодлогыг гардан хийж байгаа хүн нь А.Ариунзаяа. Ерөнхий зургаар нь харвал ажлаа аваад  халамжаас хөдөлмөрт шилжиж, цахим яам болохоо зарлаж байв. У.Хүрэлсүх сайдын үед 100 хоногоо тайлагнахдаа бодлогын хэмжээний хууль эрхзүйн томоохон ажлууд “барьж” авсны дотор салбарынхаа ихэнх үйлчилгээг цахимжуулах ажлыг эрчимжүүлж байгаагаа мэдэгдсэн. Нийгмийн даатгал, халамж, ажиллах хүчний шилжилт хөдөлгөөн, мэргэжлийн боловсрол сургалт, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид үзүүлэх хамгаалал, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан бичвэрийг ярианд хөрвүүлэх, сэргээн засах хөгжлийн төвүүдийг цахим системд холбож амжжээ. Тэгвэл цар тахлын шуурганд хамгийн их өртсөн хөдөлмөр эрхлэлтийн салбарыг сэргээх, халамжийг хавтгайруулахгүйгээр нийгмийн баталгааг хангах чигч бодлого А.Ариунзаяагийн зангарагаас шалт­гаалах нь. Мөн дундаж орло­готой иргэдийг дэмжих үндэс­ний тогтолцоог бүрдүүлэх, цааш­лаад хүүхэд хамгаалал, хөгж­лийн бэрхшээлтэй иргэдийн тэгш оролцоог хангах зэрэг улс орны амин чухал асуудлууд А.Ариун­заяа сайдын нуруун дээр байна. Одоогоор цахим, шуурхай, нээлт­тэй гэдэг  үгээр имиджээ бүрдүүлж яваа ч төрийн сайдын хариуц­лагатай албанд хэн болж үлдэхийг цаг хугацаа харуулна байх.

 

Ч.Номин сайд  одоо "экспорт"-д анхаарах ёстой

 

Засгийн газар шинэ кабинетаа бүрдүүлэхдээ залуу сайд нарын нэгээр “Гацуурт”-ын Л.Чинбатын охин, “Mongol HD” телевизийн захирал Ч.Номинг томилсон нь тухайн үеийн бас нэгэн содон томилгоо байсан юм. Олон нийтийн зүгээс энэ томилгоог талархалтай, шүүмжлэлтэй олон янзаар хүлээж авсан ч ерөнхийдөө “Шинэ өнгө төрх” гэсэн хандлага давамгайлж байв. Массын хувьд түүнийг телевизийн салбарт амжилттай яваагаар нь сайн мэддэг. Тиймдээ ч өнгө төрх, шинэлэг контент, мэдрэмжээрээ бусдаасаа ялгардаг шигээ улсынхаа Соёлын бодлого, хөгжлийг залуу хүний сэтгэлгээ, хурдаар тодорхойлон удирдана гэсэн итгэлийг хүлээлгээд байгаа юм.

“Mongol HD” телевиз гадаадын контентуудыг нутагшуулах тал дээр мэргэжлийн өндөр төвшинд ажиллаж байгаа гэж хэлэхэд болно. “Voice Mongolia”, “Apprentice Mongolia” гэх мэт албан ёсны зөвшөөрөлтэйгээр зохион байгуулдаг шоу нэвтрүүлгүүд нь цацагдах бүртээ хандалтаараа тэргүүлж, ярианы сэдэв болдог нь үнэн. Ч.Номин захирлын оновчтой, хурдтай менежмент, зохион байгуулах чадвар, мэдрэмжийн хүчээр телевизийн салбарт шоу контентын босго, төвшинг ахиулсаар байгааг салбарынхан нь өндрөөр үнэлдэг.

Харин одоо бол түүний зорилго өөр байх ёстой. Гадны соёлыг импортлох биш Монгол Улсын түүх, соёлыг дэлхийд таниулах, экспортлох асар том үүрэг хариуцлага түүнд ирсэн. Засгийн газрын шинэхэн бүтэц болсон Соёлын яамыг байгуулах үндсэн шалтгаан нь ч энэ юм. Соёлын салбар бол зөвхөн дуу хөгжим төдий биш эдийн засгийн тэргүүлэх салбар байж, өв уламжлал, түүх соёл, аялал жуулчлал гээд бүхий л талаараа дэлхийд танигдаж, гайхуулж, товчхондоо олон улсын зах зээлээс мөнгө босгох фронтын тэргүүн эгнээнд байх ёстойг Ерөнхий сайд нь сануулж байлаа.  Үүнтэй зэрэгцэн энэ том бодлогыг хэрэгжүүлж, авч явах нь шоу контент, нэвтрүүлэг төдийхөн хийхтэй адилгүй гэсэн шүүмжлэл ч Ч.Номин сайдыг хүчтэй онилж байгаа юм. Сайд бүсгүй харин ямар хариу барихыг одоогоор таашгүй. Ямартай ч хамгийн олон эмэгтэй сайдтайгаараа онцлогтой энэ удаагийн Засгийн газрын бүрэлдэхүүнд сюрприз болж орж ирсэн шинэхэн сайдыг цаг хугацаа харуулах биз. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.3.5 БААСАН № 44 (6521)