Б.НАМУУНТАМИР

 

Түм түжигнэж, бум бужигнасан нийслэлийн агаар, хөрсний бохирдол, замбараагүй төлөвлөлтийг шийдвэрлэх оновчтой бодлого нь айл өрхүүдийг орон сууцжуулах. Энэ бодлогын хүрээнд урт хугацаатай, жилийн найман хувийн хүүтэй  орон сууцны зээлийн хөтөлбөр хэрэгжүүлээд багагүй хугацаа өнгөрсөн. Гэсэн ч хотын зах хүрээгээ тэлж, гэр хорооллын яндангийн тоо жилээс жилд нэмэгдсээр байна. Энэ дагуу Засгийн газар, Монголбанк хамтран шинэ оны өмнө ипотекийн зээлийн хүүг жилийн зургаан хувь болгон бууруулсан. Тэр үеэс барилгын компаниуд орон сууцныхаа үнийг бага, багаар нэмэх болжээ. Энэ өсөлтийг ажигласан зарим иргэн ипотекийн хүү буурахаас урьтан, байр зээлээр авах хүсэлтээ банкинд гаргасан ч ипотекийн санхүүжилтийн эх үүсвэр нь хүрэлцэхгүй хүлээх шаардлагатай болсон аж. Хэдийгээр Засгийн газар, Монголбанк ипотекийн зээлийн хүүг бууруулж, зургаан хувь болголоо, эх үүсвэрийг нэмэгдүүллээ гэдгээ зарласан ч орон сууцны үнэ өссөн байсан нь зарим иргэдийн хувьд банкнаас тавих нөхцөл шаардлагыг ч хангахгүйд хүрч, буцахад хүргэжээ.

Үе, үеийн Засгийн газар бага, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах зорилт тавьж, жилийн 30 гаруй хувийн хүүтэй олгогддог байсан зээлийг ипотекийн хөтөлбөр хэрэгжүүлснээр зургаан хувь руу буулгасан нь том дэвшил боловч, хамрагдсан иргэд авсан зээлээ бараг хоёр дахин нугалж төлөх үүрэг хүлээдэг нь банкуудад илүү ашигтай тусч буй тухай шүүмжлэл ч гарсаар ирсэн. Тиймээс ипотекийн зээлийн иргэдэд учирч байгаа дарамтыг бууруулах шаардлага ч давхар бас тавигдаж буй юм. Харин энэ зургаан хувийн зээлийг гаргахад банкууд хойрго хандаж, эдийн засагчид нь авлига нэхдэг гэдгийг иргэд гомдоллож байлаа.

 

“Мөнгөө дундын дансандаа байршуулвал 7-10 хоногт бүтээж өгдөг”

 

Иргэн Л.Энхдөлгөөн “Хаан, голомт банк зээлийн хүсэлт авахгүй гээд байгаа. Банкны шаардлагаа хангаж байгаа урьдчилгаа бэлэн гээд банкинд бүрдүүлэх материалаа аваад очихоор шинээр хүсэлт авахгүй гээд байх юм. Сошиал дээр найдвартай гаргаж өгнө гэсэн заруудын дагуу холбогдохоор 3-6 сая төгрөг өгвөл гаргаж өгнө гэсэн” гэдгийг хэллээ.

Иргэн Л.О “Ипотекийн зээлийг ил тод шударга болгомоор байна. Монгол Улсын Засгийн газраас гаргаж байгаа энэ зээлийг банкны эдийн засагчид барилгын компанитай хуйвалдаж манай энэ байрнаас авбал шууд зээл гаргана гэдэг. Өөр боломжийн байр олоод очихоор дараалалтай байна, жилийн дараа зээл чинь гарна гэх мэтээр иргэдэд үнэтэй байраа шахаж шулж байна.

Бид эдийн засагчдаас зээл гуйж байна. Уг нь улсаас хэрэгжүүлж байгаа хөтөлбөр гэдгийг санамаар юм. Бас зууч нэртэй амар хялбар аргаар мөнгө  олох санаатай хүмүүс ганц хоёр байр үзүүлээд таван саяыг урьдчилаад өгчихвөл хурдан зээл гаргана гэх мэтээр луйвар хийж байна. Эдийн засагч нь 6-9 сая гээд бүр тарифлаад хэнэгчгүй бага мөнгө юм шиг аманд орсоноо хэлж байна” гэлээ.

Иргэн С.Цогбаяр “Голомт банк өөрсдийн санхүүжүүлсэн орон сууц дээрээ зээл хурдан гаргаад бусад дээр их удаашралтай квот дууссан гэж байна. 5.5-6 сая төгрөгийг өгвөл  7-10 хоногт шийдэгдэж гаргаж өгнө гэж байна. 5.5 сая дундын дансанд байршуулаад зээл чинь 7-10 хоногт баталгаажаад гэрээгээ банктайгаа хийж асуудал шийдэгдсэний дараа бүтээж өгсөн мөнгөө авдаг” гэлээ.

Засгийн газар, Монголбанк хамтран шинэ оны өмнө ипотекийн зээлийн хүүг жилийн зургаан хувь болгон бууруулсан ч банкны эдийн засагчид зээл гаргахад өндөр үнэтэй авлига нэхэж, мөнгө өгсөнд нь зээл гаргаж өгдөг тогтолцоо хэдийнэ  бий болжээ. Дунд орлоготой иргэд орон сууцтай болоход энэ мэт хүндрэл учруулж байгаад иргэд бухимдалтай байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.3.2 МЯГМАР № 41 (6518)