Б.ДАМДИН-ОЧИР

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “...Шүүх прокурорын бай­гууллага хараат бус байгаасай гэж хүсдэг. Би ҮАБЗ-ийн хурал дээр гишүүдэд болон холбогдох хүмүүст хэлж байсан. Наад албан тушаалууд чинь мөнхийн биш шүү. Та бүхэн хэзээ нэгэн цагт төрийн өмнө шалгагдана шүү. ҮАБЗ хэзээ ч хууль зөрчиж болохгүй, Ерөнхийлөгч өө. Хэрэв та бид нар хууль зөрчвөл энэ Монголын төрд хууль биелүүлдэг газар үгүй болно шүү гэдгийг удаа дараа хэлсэн” гэж хэлээд огцорсон. Энэ үйл явдлыг Ерөнхийлөгч Х.Баттулга “..төрийн эргэлт” хэмээн тодорхойлсон. 2021 оны нэгдүгээр сарын 21-нд болсон үйл явдал. Үүнээс найм хоногийн дараа 32 дахь Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томиллоо.

 

Хүлээгээгүй ч түлхсэнгүй

Ийм үеийн Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийн дараах хамгийн боломжит хувилбар Л.Оюун-Эрдэнэ байсан л даа. COVID19-ийн ийм хүнд нөхцөлд засгийн гал тогоог базааж байсан хүний хувьд залгамж чанар үргэлжлэхэд илүү дөхөмтэй. Нөгөөтэйгүүр У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёрын хувьд дарга цэрэг гэхээсээ улс төрийн ах дүүгийн харилцаатай явсаар ирсэн. Бид мэдэхгүй бусад холбоо ч байдаг биз. Юутай ч У.Хүрэлсүх нэгэнт МАН-ын дарга учраас өөр хувилбаргүйгээр Л.Оюун-Эрдэнийг сонгосон нь тодорхой юм.

Энэ сонголт нийгмийн хүлээлт байсан гэвэл худ­лаа. Гэхдээ МАН-ын Удир­дах зөвлөл дээр 32 дахь Ерөн­хий сайдаар нэр нь тодроход ард түмэн “...Пүү, паа” гэж сүйд болоогүй нь бол үнэн. Мөн гадаад ертөнцөд буюу Харвардын Их сургуулийн албан ёсны өдөр тутмын сонин “The Harvard Crimson”-д Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий  сайдаар томилогдсоны дараа “...Харвардын их сургуулийн төгсөгч Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томилогджээ. Түүний өмнөх Засгийн газар Монгол Улсад COVID19 цар тахлын үед төр засгаас хэрэгжүүлж буй арга хэмжээнд дургүйцсэн иргэдийн тайван жагсаалаас үүдэн огцорсон байна. Л.Оюун-Эрдэнэ Монголын парламентын гишүүдийн 87.9 хувийн саналаар 40 насандаа Ерөнхий Сайдаар томилогдсоноор дэлхийн долоо дахь залуу Засгийн газрын тэргүүн болж байгаа юм. Л.Оюун-Эрдэнэ Хэнтий аймгийн Бэрх хэмээх уур­хайн жижиг тосгонд өс­сөн бөгөөд Харвардын их сур­гуулийн магистрын хөтөл­бөрийг 2015 онд дүүргэж эх орондоо очсоноос хойш хоёр дахь удаагаа УИХ-ын ги­шүүнээр сонгогдон ажилласан юм. Харвардад сурч байхдаа хилийн ча­на­дад сурдаг монгол оюутнуудын нөхөрлөлийн хүрээ­лэл үүсгэж, улмаар тэд­ний заримыг нь Монгол Ул­сын Засгийн газарт урьж ажил­луулж байгаа аж” гэж бичжээ.

 

“Давс мэт шорвог” дөрвөн зорилт, “10 их наяд” төлөвлөгөө

Л.Оюун-Эрдэнэ Ерөн­хий сайдаар томилог­дон­гуутаа УИХ-ын чуулганы индэр дээрээс Засгийн газрынхаа анхаарал тавьж ажиллах дөрвөн зорилтыг танилцуулсан. Энэ нь COVID19-ийг гэтлэн давах, эдийн засгийг богино хугацаанд сэргээх, шударга ёсыг тогтоох, дундаж давхаргыг дэмжихэд чиглэнэ гэдгийг хэлсэн. Энд анхаарал татсан “үг” бол “...Энэ хүрээнд давс мэт шорвог шийдвэрүүд гаргана” гээд байгаа юм. Хэнд зориулсан үг вэ гэдэг одоогоор мэдэгдэхгүй л байна. Учир нь өнөөдөр түүний тэргүүлсэн Засгийн газрын үйл ажиллагаа өнгөрсөн нэг сарын хугацаанд хэн нэгний эрх ашгийг хөндсөн “шорвог” үйлдэл хийсэнгүй. Харин ч олны ам нааштай байна гэхэд болно. Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрынхаа 14 дэх хоног дээр ирэх гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэх “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г танилцуулсан.

Улмаар 2021 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр Засгийн газар албан ёсоор энэ төлөвлөгөөг баталсан. Сангийн сайд Б.Жавхлан гардаж хариуцаж байна.

Ингэж дээрээ сайн, бас сайхан шийдвэр гаргалаа. Харин доороо яаж хэрэгжих вэ, өмнөх жишгээр “дунд гар”-ын түшмэлүүд хуруу, хумсаа дүрж, хамаг байдгийг нь халаас руугаа чихчихэж мэднэ. Иргэд, аж ахуйн нэгжүүд ч ийм айдастай байна. Уржигдар, бямба гаригт Ерөнхий сайдыг “Нарантуул” зах дээр ажиллахад худалдаачид, иргэд үүнийг л хэлж байна. Ялангуяа ЖДҮ-д очих хоёр их наяд төгрөгийг хүртэх хуультай хүн олон ажээ. 10 их наядын хоёр нь энэ салбарт, гэтэл энэ салбар нь ийм зээл хуй шаардлагатай Монголын бүхий л салбарыг өөртөө багтаадаг ажээ. Багадчихсан уу гэмээр л үзэгдэж байна. Тэгэхээр тэдгээр хүнд суртал, авлигын “уурхай”-нуудаа том жижиг гэлтгүй анхаарах биз ээ.

 

Өдөр шөнөгүй ажилладаг яамд, “өглөөний хүн” суртал

Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар томилогдоод л маргаашаас нь өглөө эрт УОК дээр ажилласан. Түүнээс хойш өглөөдөө нэг яам, тамгын газарт ажиллаад байгаа. Тэрээр Ерөнхий сайдаар томилогдоод хэлсэн үгэндээ  “...Эрүүл идэвхтэй амьдралын хэв маягийг бүрдүүлэх шинэ соёл бидэнд хэрэгтэй байна. Өглөө эрт босдог, орой эрт унтдаг үндэстэн болох шаардлага байна” гэсэн нь цөөнгүй хүний анхааралд хүрчээ. Нэг их ач холбогдолгүй юм шиг атлаа олон хүний “балиашиг” хүртсэн. “...Өглөө эрт босох” гэдэг агуулга хувь, хувьсгалын хэрэгт чухал юм. Үүнийг ч өөрөө үзүүлэх гээд зүтгэж буй бололтой юм. Ямартай ч өнгөрсөн өдрүүдийн өглөө бүр барилга, технологи, төмөр зам, аялал жуулчлал, эрүүл мэнд гээд улс орны ачааны хүндийг дааж явдаг олон салбарынхантай хийсэн уулзалт нь дэмий ажил болж өнгөрөхөөргүй харагдаж байна. Ер нь бол хувийн хэвшлүүдийн үйл ажиллагаанд төр хэтэрхий оролцож, түүгээрээ дарамт өгдөг. Тэгэхээр дэмжинэ гэж дарамтлах биш ажил хийх боломжийг нь олгож холхон шиг байх нь тэдэнд хэрэг болно шүү гэдгийг бүгдээрээ л хэлцгээнэ лээ.

Эндээс төрийн албанд хариуцлага дэг журам хэрэгтэй хувийн хэвшлийнхэнд төрийн дарамт хэрэггүй гэдгийг Ерөнхий сайд олж харсан байх. Ингэж өглөөгүүр “гүй­дэл­тэй” болсон Ерөнхий сайд чухал баримт бичиг, гэрээ хэлцэл дээр ажиллаж байгаа яамд, ажлын хэс­гийнх­нийг бол нам шахаж ажиллуулж буй аж. Хагас, бүтэн сайн гэж амралгүй, өдөр шөнө гэж зогсохгүй ажил­лахыг үүрэгдсэн гэж байна. Өөрөө тэгж ажил­ладаг гэдэг юм. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан “Рио Тинто” ком­па­нитай хэлэлцээ хийх Засгийн газрын ажлын хэсэг 2021 оны хоёрдугаар сарын 3-нд “Рио Тинто”-гийн төлөөлөлтэй уулзахын урьд шөнө унталгүй ажиллаж, маргааш нь үргэлжлүүлэн хэлэлцээртээ оржээ. Сон­соход, энгийн мэт боловч ингэж ажиллах нь зөв гэдгийг “сэвэх” ёстой юм.

 

Монголын Засгийн газар “Рио Тинто”-д анх удаа “давлаа”

Нэг гоё мэдээ баасан гаригийн орой цацагдлаа. “...Нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан 649.4 тэрбум төгрөгийн татварын өрийг төлүүлэхээр татварын алба 2021 оны хоёрдугаар сарын 10, 19-ний өдөр тус тус “Оюутолгой” ХХК-д нэхэмжлэх хүргүүлсэн.

Татварын албаны нэхэмж­лэхийн дагуу “Оюутолгой” ХХК нь татварын актаар нөхөн ногдуулсан 229.8 тэрбум төгрөгийн татварыг 2021 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр төсөвт төлөөд байна.

Монгол Улсын Засгийн газрын Ажлын хэсгээс Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч талтай хийж буй яриа хэлэлцээний хүрээнд “Оюутолгой” ХХК нь Монгол Улсын татварын хууль тогтоомжийг биелүүлж, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүхий л аж ахуйн нэгжийн нэгэн адил Монгол Улсад татвараа бүрэн төлөх шаардлагыг тууштай тавьсны үр дүнд татварын актаар тогтоогдсон нийт төлбөрөөс эхний ээл­жийн 229.8 тэрбум төгрөгийн төлбөрийг ийнхүү төлж эхэлж байна” гэж Засгийн газар мэдээлжээ. Олон л “автор” гарч ирж байх шиг байна. Хэн дийлж, энэ ажлыг хийсэн гэж булаах нь чухал бус. Хамгийн гол нь Оюутолгойн гэрээг байгуулсан 2009 оноос хойш дандаа даруулж, дээрэл­хүүлж явсан Монгол Улс, Монголын Засгийн газар “Рио Тинто”-г анх удаа “давж” байгаа юм.

 

“Асуултын тэмдэг”-тэй зөвлөхүүдийн томилгоо

ЗГХЭГ-ын дарга байхдаа Харвардын сонин дээр бичсэн шиг өндөр бо­ловс­ролтой залуусыг өөрийнхөө зөвлөхөөр авч байсан Л.Оюун-Эрдэнэ Ерөн­хий  сайд болоод эсрэг сонголт хийв. Хоёр зөв­лө­хийг нь онцолъё. А.Амундра гэж хэвлэл мэдээллийн сурталчилгааны ажил хийж байгаад 2017 оноос хойш Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын барилгын ажлын төслийг удирдсан. Тэрээр энэ төслөөсөө гарч МАН-д элсээд, дараа нь Ерөнхий сайдын зөвлөх болов. А.Амундра АН-тай хамтарч ажиллаж, тус намын лидерүүдийн мэдээлэл, сурталчилгааг хариуцаж ирсэн. Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг нар Ерөнхий сайд, Э.Бат-Үүл Хотын дарга байхдаа түүнд сонгууль хийгээд төрийн өндөр албан тушаалтныхаа мэдээлэл сурталчилгааг хариуцуулж байлаа. МАН-аас ганц Су.Батболдтой ажиллаж байжээ. Мөн олимпийн хорооны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр Ерөнхий сайдын зөвлөх болов. АН-ын гишүүн хүн л дээ. Ер нь А.Амундра нь “Голомт” Д.Баясгалан, төмөр зам хоёроороо, Н.Түвшинбаяр угаасаа Ерөнхийлөгч Х.Баттулгатай маш ойрын холбоотой. Яаж яваад Л.Оюун-Эрдэнэ дээр ирчихэв гэдэг анхаарал татна. Бас асуултын тэмдэг тавигдана. Ерөнхийлөгчийн сонгуулийн дажин эхэлчихсэн. МАН, АН ч гэх юм уу, У.Хүрэлсүх, Х.Баттулга ч гэдэг юм уу, ид үзэж байна. Тэгэхээр энэ хоёр нөхөр хэнийг дагаж, хэнд зөвлөх нь вэ гэдэг сонирхолтой л юм. Дахин нэр дэвших үү үгүй юу гэдэг нь эргэлзээтэй болоод байгаа Х.Баттулгыгаа хаяад ирчихэв үү гэж ч харагдаж байгаа юм. Тэгвэл ч Л.Оюун-Эрдэнэ нэлээн сайн "улс төрийн найруулагч" байж таарах нь.

 

Л.Оюун-Эрдэнээс хэн, юу хүлээж байна вэ

Л.Оюун-Эрдэнийн Ерөнхий сайдаар томилогдсон энэ цаг үе их онцлогтой. COVID19 цар тахал Монголыг байтугай дэлхийг хямраачихсан. Энэ бэрхшээл хүндрэлийг яаж давах вэ, дараа нь хэрхэн хэвийн амьдралд шилжих вэ гэдэг улс бүрийн удирдагчийн тархины өвчин болоод байгаа нь тодорхой юм.

Энэ утгаараа Ерөнхий сайд хэмээх өндөр албан тушаал маш их ачаатайгаар Л.Оюун-Эрдэнэд очсон.

Гэхдээ тэр эхний 30 хоног буюу нэг сарын хугацаанд ер түүртсэнгүй. Бодлого хийж байна. Төлөвлөгөө гаргаж байна. Түүгээрээ яваад эхэллээ. 2021 оны нэгдүгээр сарын 29-нд “...Цар тахлын голомтод ажиллаж буй ажилтан, албан хаагчид, эрсдэлтэй бүлгийнхэн, цаашлаад нийт иргэдээ ДЭМБ-ын зөвшөөрсөн вакцинд үе шаттай хамруулах ажлыг Засгийн газар эхний 100 хоногт багтаан зохион байгуулахын тулд бүх нөөц боломжоо дайчлан ажиллана. Вакцинжуулалтыг шуурхай зохион байгуулснаар цар тахлаас улбаалсан эдийн засгийн болон нийгмийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах боломж бүрдэнэ. Цар тахлын нөлөөнд хамгийн их нэрвэгдсэн аж ахуйн нэгжүүд, ажил олгогч, жижиг дунд бизнес эрхлэгчдээ дэмжих цогц арга хэмжээг Засгийн газар  цар тахлыг даван туулах төлөвлөгөөнд тусгаж, үе шаттай шуурхай хэрэгжүүлнэ” гэж хэлсэн. Вакцинаа оруулж, ирээд вакцинжуулалтыг эхлүүлсэн. Өөрөө хамгийн түрүүнд вакцин хийлгэж үзүүлнэ лээ. Хоёрдугаар сарын 23-ныг хүртэл12 хоногийн хөл хорио тогтоосон. Тэр хугацаандаа хориог цуцаллаа. Одоо олон нийт халдваргүйтгэл, хамгааллын дэглэмийг энэ хэвээр бариад байвал орон нутгийн зам, агаарын хилийг нээнэ гээд хугацаа хүртэл хэлсэн байна.

Мөн “10 их наяд-ын төлөвлөгөө гаргасан. Дээр бичсэн. Хэрэгжүүлж эхэлсэн. Энэ мэтээр Л.Оюун-Эрдэнэ одоогоор амаргүй амлалт болсон “зам”-аа тавьчихаад түүгээрээ алхаж явна. Олон нийт итгэж эхлээд байна. Гэхдээ энэ бүгдээ хийж, эдийн засгийн богино хугацаанд хэвийн хэмжээнд хүргэхгүй бол эргээд хариуцлага яригдах нь тодорхой юм.

Харин улс төрийн хувьд нам нь түүнээс хүлээх юмтай. Хамгийн түрүүнд 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН яаж оролцох нь Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрын үйл ажиллагаатай шууд холбогдоно. Олигтой бол нэр дэвшигч нь амжилт үзүүлнэ. Олиггүй бол унана. Ер нь ямар ч сонгуулиар эрх баригч намд Засгийн газар гэж том зүтгэх хүч байдаг ч тэр нь муу бол чиргүүл болж хувирдаг.

Энэ л жишгээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ч Ерөнхийлөгчийн сонгуулиар хамгийн эхний дүнгээ тавиулна. 32 дахь Ерөнхий сайдын эхний 30 хоногийг тоймлоход иймэрхүү байна даа...

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.3.1 ДАВАА № 39, 40 (6516, 6517)