Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд гуравдугаар сарын 1-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Сэргэн мандлын үеийн Италийн агуу зураач Сандро Боттичелли жинхэнэ нэр нь Алессандро ди Мариано ди Вани Филипепи 1445 оны гуравдугаар сарын 1-нд Флоренци хотын  ажил хэрэгч хүний гэр бүлд төржээ. Анхан шатны боловсролоо Санта Мария Новелла хийдэд эзэмшсэн бөгөөд хожим түүний бүтээлүүд тэнд тавигдсан байна. “Волхвуудын шүтэн мөргөсөн нь” Анх тэрээр уран дархны мэргэжилээр суралцсан нь түүнд уран бүтээлийн авьяасыг нээж өгчээ. Уран зураг сонирхон Алессандро тухайн үеийн нэртэй зураач Филиппо Липпийн урланд суралцжээ. Дараа нь Андрео де Вероккиогийн шавь болсон байна. Зураач 1470 онд өөрийн анхны захиалгыг авсан ба түүний Санта Мария Новелла сүм дэх “Волхвуудын шүтэн мөргөсөн нь” зураг түүнд ихээхэн нэр хүнд авчирчээ. Уг зурагт Боттичелли өөрийн хөргөө зурсан байна. Түүний тогтмол захиалагч нь Лоренцо ди Пьерфранческо Медичи болсон юм. Боттичелли 1481 онд Сикстины тэргүүн дуганын ханын зургийн чимэглэлд оролцоод Ромд буцан ирсний дараа “Хавар”, “Тэмцээн”, “Венера төрсөн нь” нэртэй зургуудыг Библийн сэдвээр зуржээ. Зураач 1480-аад оноос алдар хүндийнхээ оргилд хүрч, зургийн захиалгаар тасрахгүй байдаг болсон аж. Ганц бие түүнд ажлаа амжуулах нь хэцүү байснаас гол бүтээлдээ анхаарч өөрөө зурж, бусад захиасыг нь шавь нар нь хийдэг байжээ. Насан өндөр болох цагтаа тэрээр даяанчдын сургаалын Савонаролагийн үзэл санаанд автсан бөгөөд энэ үеийн уран бүтээлд нь шашины сэдэв ихэсч, эмгэнэл ба урам хугаралт нь нэлээд тодруун байдаг. Амьдралынх нь сүүлийн жилүүдэд нь түүний алдар нэрээс зөвхөн дурсамж л үлдсэн байна. Агуу зураач 1510 оны тавдугаар сарын 17-нд өөд болжээ. Сандро Боттичеллийг  XIX зуунд Английн урлаг судлаач Жон Рескин ба рафаэлистууд гэх зураачдын бүлэг дахин нээн гаргаж ирсэн юм.

Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1873.03.01. АНУ-ын Нью-Йорк хотын Илион хотод Э.Ремингтон болон түүний хүүхдүүд хэрэглээнд шууд нэвтрүүлэх бичгийн машиныг үйлдвэрлэж эхэлжээ.

1893.03.01. Эрчим хүчний инженер Никола Тесл АНУ-ын Миссури мужийн Ст.Луйс хотод олон нийтэд анхны үзүүлбэрээ үзүүлжээ.

1956.03.01. Олон улсын агаарын тээврийн холбоо радио цахилгаан мэдээний үсгийн ацагаан толгойг боловсруулж, эцсийн байдлаар Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллагад хүргүүлэв.

1961.03.01. АНУ-ын Ерөнхийлөгч Жон Ф.Кеннеди олон улсын сайн санааны "Пийс Корп" байгууллагыг байгуулжээ.

1966.03.01. ЗХУ-ын "Венера 3" сансарын хөлөг Сугар гаригт осолдсоноор өөр гаригт осолдсон дэлхийн анхны хөлөг болсон байна.

1974.03.01. Уотергейтын дуулиан: Уотергейтын хэрэгтэй холбоотой төрийн долоон албан хаагчийг буруутай гэж үзэн яллав.

1981.03.01. Ирландын бүгд найрамдах армийн гишүүн Бобби Сендс Мейз "шорон"-д өлсгөлөн зарлажээ.

1992.03.01 Холбооны бүгд найрамдах, социалист Югослав улсаас Босни Герцеговина улс тусгаар тогтнож байгаагаа зарлав.

1995.03.01. Интернетийн хайлт, харилцаа холбооны Yahoo! компани байгуулагджээ.

1998.03.01. Найруулагч Жеймс Камероны найруулсан "Титаник" кино дэлхийн кино урлагийн зах зээлээс нэг тэрбум долларын босгыг давсан анхны кино болов.

Эх сурвалж www.zms.mn