Ч.ҮЛ-ОЛДОХ

 

Улсаараа өрнөөс гарч “жаргана” гэсэн Хөрөнгө оруулалтын гэрээнийхээ  хохирогч  нь болсноор Оюутолгойн  эхний  арван  жил төгсөв. Энэ мөчлөгийг Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн “Оюутолгойн гэрээ бол эрх мэдэлтнүүд хуйвалдаж, улсаа худалдаж, нийгэм, үндэсний эрх ашгаасаа урвасан үйлдэл. Оюутолгой дөнгөж ажиллаж эхэлж байхад монгол төрийн гурван сайд ороод хоёр тэрбум 130 сая ам.долларын зөрчилтэй байна гээд илрүүлсэн атал үүний ул мөрөөр ямар ч ажил хийгдээгүй. Хээл хахуульд гүн гүнзгий живсэн нь Монгол Улс Оюутолгойн гэрээг батлуулах үндсэн эх сурвалж нь болсон.Энэ талаар олон баримт дурдаж болно, одоо ч  баримтууд гарч ирсээр байна” хэмээн дүгнэсэн юм.

Оюутолгойн хоёр дахь арван  өдгөө Л.Оюун-Эрдэнэ хэмээх  Ерөнхий сайдтай эхэлж байна.  Ерөнхий сайдын  хувьд шинэ ч, засагт ажилласан хугацааг нь харвал  хуучин хүн. Тэр У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар таван жил ажиллахад гурван жилд нь  Засгийн газрын ХЭГ-ын даргаар  ажилласан. Түүний засаг барьж буй цаг  үе нь  УИХ-ын гишүүн С.Ганбаатарын хэлснээр монголчууд Оюутолгойгоо өөрсдөдөө  ашигтай болгож чадах хувьсгалын тохироо бүрдсэн “алтан боломж” тохиож буй тун эгзэгтэй цаг мөч. Түүнчлэн дуулиан шуугиантайгаар эхэлж буй  Оюутолгойн хоёр дахь арваныг   тодорхойлж буй бас нэгэн дүгнэлт  юм. Юу гэвэл, Английн шүүх дээр \ мэдээлэл нь Нью-Йоркийн шүүхийн цахим санд тавигдсан\ Оюутолгойн хөрөнгө оруулагч тал ХОГ байгуулахдаа Монголын төрийн эрх мэдэлтнүүдэд авлига өгсөн  асуудал сөхөгдөн шалгагдаж эхэлсэн. Монголын төр шалгуулахыг  хүсээгүй байхад Англи, АНУ, Сингапур, Хонгконгийн шүүхүүд дээр Оюутолгойн жижиг хувьцаа эзэмшигч болох “Туркойз Хиллс”-ийн тал “Рио Тинто”  шударга биш байна  хэмээн  шүүхдэх явцад  Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах үед  Монголын улстөрчдөд авлига өгсөн байж болзошгүй асуудлууд үүссэн.  Английн шүүх  Монгол Улс хохирогч юм байна гэдэг асуудлыг сөхсөн бөгөөд Монголын Засгийн газарт  нэхэмжлэл гаргах эрх үүссэн. Энэ асуудал  нотлогдвол  гэрээг засах боломжтой гэж байгаа. Дээр нь зэсийн үнэ ирэх жилүүдэд огцом өсөх эдийн засгийн зураг гарч буй. Монгол Улс өрнөөс гарах, алдсанаа авах нөхцөл ийнхүү үүсч байгаа юм. Харин засгийн шинэ тэргүүн гэрээг шинэчилж, Н.Алтанхуягийн сөхөж тавиад “сөхөрсөн” боломжийг эргүүлж,   өөрт нь халаагаа өгсөн өмнөх  Ерөнхий сайдынхаа  “сүхдэж” чадалгүй орхисныг гүйцээх үү.

Ямартай ч  Английн шүүх рүү Монгол Улс хуулийн хугацаанд багтан ард түмнийхээ нэрийн өмнөөс “бид хохирсон” гэсэн утга бүхий нэхэмжлэл  илгээх ёстой байсныг өмнөх Ерөнхий сайд нь явуулалгүйгээр   огцорсон. Эцэст нь  75 гишүүний  нэг  болох С.Ганбаатар   өлсгөлөн зарлаж, амь насаараа дэнчин тавьж  байж  УИХ-аас   Ажлын хэсэг  гарч,  Засгийн газар Оюутолгой төслийн хооронд  2009 онд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх,  “Дубайн гэрээ”-г цуцлах шаардлагыг хөрөнгө оруулагч талд тавьсан. Ингээд шуудрах нь уу гэтэл эргэлзээтэй. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Солонго “Оюутолгой далд уурхай ашиглалтад ороод 2051 он хүртэл Монгол Улс ногдол ашиг авахгүй, цаашлаад 22 тэрбум ам.долларын өртэй үлдэх тооцоог “Рио Тинто” компани Монгол Улсын Засгийн газарт танилцуулсан” хэмээн ярилцлага өгч, түүнийг нь бүх эх сурвалж  цацав. Нөгөө л  “Гэрээ байгуулахгүй бол монголчууд өдөрт 1.5 сая ам.доллар алдаж байна”  гэсэн айлган сүрдүүлэлтэд автуулж байсантай агаар нэг мэдэгдэл, мэдээллүүд ийнхүү цуврах төлөвтэй.

Дараагийн нэг асуудал нь  “Английн шүүх рүү Монголын Засгийн газар гомдол гаргахгүй гэсэн бичиг илгээсэн байжээ” гээд хэсэг  шуугисан. Зарим нь  “Тэр худлаа, харин ч хохирлоо  нэхэмжилж,  яриа хэлэлцээ өрнүүлж  байсан” гэж  хэлдэг. Аль нь болохыг тогтоож, хариуцлага ярих байх гэтэл  тэгсэнгүй. Ер нь бол Засгийн газраас ямар нэгэн бичиг явуулсан нь үнэн бол хэнд тийм эрх байх вэ гэдэг асуулт бий. Нэг номерийн эрх бүхий хүн бол  Ерөнхий сайд. Түүний дараа Засгийн газрын ХЭГ-ын дарга, энэ асуудлыг эрхэлсэн Ажлын албаны дарга гэсэн   гурван хүнээс  энэ  асуудал хаашаа ч зайлахгүй. Тухайн үед Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ  нь Л.Оюун-Эрдэнэ байсан.

Бас нэг эх сурвалж бол  Оюутолгой ТУЗ дахь гурван хүн, тэднийг  хардах эрх хэнд ч бий. Тэр тусмаа Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүн ТУЗ-д  нь байгаа тохиолдолд, тэд Монголоос биш гадаадын хөрөнгө оруулагчаас өндөр цалин аваад,  Оюутолгой Монголд ямар ч ашиггүй  дээр нь өрөнд оруулж газар нутгаа гадны барьцаанд тавьсан асуудалд  хардлага бүр ч лавшрах учиртай. Энэ бүхнийг өнгөрүүлж  дараагийн асуудал руугаа цаг алдалгүй яаравчлан орж байгаа бол дахиад  сонин нөхцөл байдал гарч ирж буй. Тэр нь Засгийн газрын ХЭГ-ын дарга бөгөөд өдгөө  Оюутолгойн асуудлыг барьж ажиллах гол хүн нь Ц.Нямдорж. Түүний хувьд С.Баярын Засгийн газар Оюутолгойн    гэрээг байгуулахад хууль эрхзүйн асуудлыг боловсруулж  хянаж шалгасан  Хууль зүй, дотоод хэргийн сайд нь байсан. Улмаар С.Батболдын танхим хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-д оруулж батлуулахад ч салбарын сайд, УИХ-ын гишүүн гэсэн “давхар дээл”-тэй гар өргөж дэмжээд сууж байсан.  Түүнээс хойш ч  сайд хэвээр явж ирсэн. Ерөөс Оюутолгойн эхний арван жилд үе үеийн Засгийн газрыг дамжин Хууль зүй дотоод хэргийн сайдаар ажилласан хүн бол Ц.Нямдорж юм. Гэтэл  одоо  Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын газар Оюутолгойн хувь заяаг хаашаа эргүүлэх бол гэсэн эгзэгтэй мөчид Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар очлоо. Хамгийн гол нь Английн шүүх дээр “Оюутолгойн гэрээг 2009 онд байгуулахад хөрөнгө оруулагч тал Монголын  шийдвэр гаргах түвшний хүмүүс  авлига өгсөн” гэдэг асуудал яригдаж байхад тэрээр  Засгийн газрын ХЭГ-ын дарга болсон нь сонин. Тухайн үед тэр шийдвэр гаргах түвшинд ажиллаж байсан, тэр бүү хэл гол салбарын сайд  байсан хүн шүү дээ. Оюутолгойн “баасыг барьсан”  хуучин хүнээс болж гэрээг шинэчлэх ажил гацвал яах вэ. Эсвэл өөрчилнө, шинэчилнэ гэж гацааж цаг алдуулсаар   тэр хооронд нь  “Рио Тинто” компани  Оюутолгойг цөлмөчихөөд гараад явчихвал яах билээ. Ийм гашуун сургамж манайд бий. Оюутолгой “Эрдэнэт”-ээс хэд дахин том гэж ярьдаг. Зэсээс гадна алт, мөнгөний орц их гэлцдэг. Гэтэл ашгаа гадагш нь зөөж гаргачихаад монголчуудыг мэхэлж өрөнд оруулж, алдагдал үүрүүлж ирснийг бид мартах учиргүй. 

Өөр нэг асуудал  нь Оюутолгойн асуудал орж ирэхэд одоогийн УИХ дорвитой шийдвэр гаргаж чадах уу. Гэрээг баталсан тухайн үеийн \2009 оны\ УИХ-д бас ч гэж “Наад гэрээ чинь Монголд ямар ч ашиг өгөхөөргүй байна” хэмээн эсэргүүцэл илэрхийлсэн  6-7  гишүүн байсан. Даанч тэд  цөөнх болсон. 2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан одоогийн УИХ-ын гуравны нэг нь шинэ хүмүүс гэж байгаа ч  62 суудлыг эрх баригч МАН дангаар эзэлж байгаа. Сөрөг хүчин АН нь  хүчгүйн дээр асуудалд нэгдэж нягтрахын оронд намын дарга хэн болох, Оюутолгойн гэрээний наад, цаадыг сайн мэдэх, Ерөнхий сайд байж үзсэн Н.Алтанхуяг нь бие даагчийн статустай сууж байгаа.

Оюутолгойн гэрээнд шүүмжлэлтэй хандаж ирсэн  хуучны гишүүдээс Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн нар байгаа ч нам дотроо бас л цөөнх. УИХ-аас гарсан ажлын хэсэг, түр хороог тэднээр удирдуулсангүй.  С.Ганбаатарын хувьд 2009 онд Монголын Засгийн газар  Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурах үед “Монголчуудын эзэмших хувийг нэмэгдүүл” хэмээн  Сүхбаатарын талбай дээр жагсч явсан иргэний хөдөлгөөний фронт командлагчдын нэг байсан. Тэрээр  УИХ-д орж ирснээр өлсгөлөн зарлаж байгаад ч болов  Оюутолгойн шинэ арваныг эхлүүллээ. Хэдийгээр тэрээр намаасаа ганцаархнаа УИХ-д сууж буй ч МАХН  Оюутолгойн асуудалд хүрд эргүүлэхэд хүчин зүтгэсэн нь жагсаал, цуглаанаас харагдсан.  Түүний зэрэгцээ Монголын төр нэг гишүүнээ  Английн шүүх дээр асуудал үүсээд байгаа Оюутолгойн асуудлаар шаардлага тавихад нь үл тоомсорлож, эцэст нь  хөхөө авлийн хүйтэнд хөлдөөж  алсан гэвэл  ардчилсан Монгол Улс дэлхийн тавцанд юу болох билээ гэдгээс эрх баригчид шийрэгнэсэн биз. Гэхдээ одоогийн эрх баригчид бол С.Баярын л шавь нар, ард түмний нэр барьсан  “үр могой”-нууд  цөөнгүй.

Эцэст нь  “Рио Тинто” компаниас УИХ-ын ажлын хэсэгт ирүүлсэн   Оюутолгой төслийн 2029 он хүртэлх санхүүгийн загварчлалыг авч үзвэл “2023 онд далд уурхай ашиглалтад  ороход  Оюутолгой төслийн борлуулалтын орлого өснө,   2029 онд  29 тэрбум ам.долларын борлуулалт хийнэ. Үүнээс 10 тэрбум ам.долларыг үйл ажиллагаандаа зарцуулна.  Үлдсэн 19 тэрбум ам.доллараас 12 тэрбумыг нь элэгдэл хорогдолд тооцох,  үлдэж буй 6.3 тэрбум ам.доллараар хөрөнгө оруулалтаа нөхөж, Монгол Улс  гурван  тэрбум ам.долларын зээл төлнө” гэсэн  загвар ирүүлжээ.

Үүний дараа  гэрээг  ашигтай болгохын тулд цөөнхийн бүлэг болон С.Ганбаатар гишүүнийг  оролцуулан өргөтсөн баг  байгуулсан.  20 гишүүнтэй  энэ ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан хэлэхдээ “Оюутолгойн орд бол Монгол Улсын, ард түмний баялаг. Гэтэл ордыг ашиглаад дуусахад Монгол Улс нэг ч ам.долларын ашиг авахгүйгээр барахгүй 22 тэрбум ам.долларын өрөнд орохоор байгаа нь байж боломгүй зүйл. Ямартай ч Оюутолгойн гэрээ байгуулагдсанаас хойш 10 жил болж байхад анх удаагаа УИХ тодорхой шийдвэр гаргасан нь тус ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай 92 дугаар тогтоол юм. Тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг Засгийн газарт даалгасан. Тогтоолын дагуу гэрээг өөрчлөх, хэлэлцээрт орох ажлыг Засгийн газар хийнэ.

Оюутолгойн эргэн тойронд өрнөж буй талуудын үг, үйлдлийг шинжихэд ийм байна. Оюутолгойн хоёр дахь арван: авах уу, алдах уу  гэдгийг тодруулах он жилүүд байх нь ойлгомжтой ч үүссэн нөхцөл байдлаас тийм горьдлого төрөхгүй байна.  Харин ч Засгийн газар дахиад  “Рио Тинто”-гийн шидэт үлгэрт итгэж, шинэ тоглоомынх нь золиос болчих вий. Үе үеийн Ерөнхий сайд Оюутолгойн захиалгаар төрдөг, бас түүнээс   болж огцордог байсан.  Л.Оюун-Эрдэнийн танхимын хувь заяа,  ард түмнээр дүнгээ тавиулах хамгийн том асуудал нь  Оюутолгой гэдэгтэй хэн ч маргашүй юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.2.26 БААСАН № 38 (6515)