Б.ДАМДИН-ОЧИР
Хувьцаа гэж компанид хөрөнгө оруулж, түүнийг үндэслэн хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож санал өгөх, ногдол ашиг авах, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдан борлуулснаас олсон орлогоос хувь хүртэх болон хуулиар тогтоосон бусад эрхийг гэрчилсэн үнэт цаасыг хэлнэ. Энэ утгаараа хувьцаа бол хөрөнгө.
Харин манайхан хувьцааны үнэ цэнийг хэр зэрэг ойлгодог вэ. Аль нэг компанийн хувьцаа эзэмшдэг бол хувь хүртэнэ гэдгээ ойлгодог уу. Ялангуяа “жижиг” хэмээх тодотголтой хувьцаа эзэмшигчид хувь эзэмшигчийн хувьд хурал, шийдвэрт нь оролцож, ногдол ашиг авдаг уу. Эсвэл тийм боломжийг томоохон хувьцаа эзэмшигчид нь хаадаг уу.
Компаниудын хувьцаа тойрсон ийм асуудал Монголд цөөнгүй бий. Тухайлбал, “Улсын их дэлгүүр” ХК-ийн хувьцааны асуудал олон жилийн турш хэрүүл маргаантай явж ирсэн. Энэ компанийн гол хувьцаа эзэмшигчид /Эх сурвалж: https://marketinfo.mn/stock/company/484/ болох Р.Содном /45.03 хувь/, Ш.Баярсайхан 5.57 хувь/, Ш.Уламбаяр /10.59/ эзэмшдэг байгаа юм. Бусад эх сурвалжаар Р.Содном 45 хувь, А.Шагдарсүрэн, Ш.Уламбаяр, Ш.Баярсайхан, Ш.Энхбаяр нар үлдсэн хувийг нь эзэмшдэг гэж байна. “Улсын их дэлгүүр” ХХК-аас нийт 21.3 тэрбумаар үнэлэгдэх 36 807 850 ширхэг үнэт цаас гаргасан. Дээрх томоохон хувьцаа эзэмшигчид 22 521 247 ширхэг үнэт цаас буюу 61.19 хувийг эзэмшиж, үлдсэн 14 286 603 ширхэг буюу 38.81хувийг 43 995 иргэн эзэмшдэг. Үүгээрээ “Улсын их дэлгүүр” ХК нь Монголдоо хамгийн олон хувьцаа эзэмшигчтэйгээрээ № 2-т бичигддэг байгаа юм.
Гэвч энэ компанийн бүх асуудлыг томоохон хувьцаа эзэмшигч хэдхэн хүн л мэддэг. 38.81 хувийг нь эзэмшдэг 43 995 хувьцаа эзэмшигч “хаалга”-ны гадна байдаг. Тэр ч байтугай ямар ч ногдол ашиг авалгүй өнөөдрийг хүрсэн.
Тухайлбал, СЗХ-ноос 2019 онд “Улсын их дэлгүүр” ХК-ийн 2016-2018 оны үйл ажиллагаанд шалгалт хийсэн. Тус хорооноос “Улсын их дэлгүүр” ХК-тай хийсэн “...Үйл ажиллагааг сайжруулах, бие даасан байдлыг хангуулах гэрээ” гэж байдаг байна.
Гэрээнд “УИД ХК-ийн барилгыг түрээслэх гэрээний үнийн дүнг тухайн үеийн зах зээлийн ханштай дүйцүүлэх…” гэж заажээ. Гэтэл “Номин реалтор” ХХК-тай түрээсийн гэрээг зах зээлийн үнээс хэт бага үнээр хийж дээрх гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй байна.
Гэтэл “Улсын их дэлгүүр” ХК-ийн 2016-2018 оны ТУЗ-ийн тогтоолоор тус дэлгүүрийн барилгыг бүхэлд нь нэг сарын 450 сая төгрөгөөр хувьцаа эзэмшигч Ш.Баярсайханы хамаарал бүхий “Номин Реалтор” ХХК-д түрээсийн гэрээний дагуу түрээслүүлжээ. “Номин Реалтор” ХХК нь цаашаа мөн л Ш.Баярсайханы өөрийн хамааралтай “Номин Тав Трейд" ХХК-д бүх талбайг нэг сарын 800 саяар түрээслэсэн байдаг. Ингэхдээ бас арга хэрэглэсэн. Энэ түрээсийн асуудлыг Хувьцаа эзэмшигчдийн хурлаар орохын өмнө “Улсын их дэлгүүр” ХК -ийн 2.0 хувийг “Номин холдинг” ХХК-даа шилжүүлсэн байна. Ингээд хувьцаа эзэмшигчдийн хурлаар “...2.0 хувь эзэмшиж байгаа этгээд түрээслэх нь зүйтэй” гэж санал өгсөнөөр өөрсдийн хамаарал бүхий “Номин Реалтор” ХХК-д “Улсын их дэлгүүр” ХК -ийн талбайг зах зээлийн үнээс багаар түрээслүүлэх боломжийг эдлүүлсэн байдаг. Үүний улмаас “Улсын их дэлгүүр” ХК нь 2016 онд 3.9 тэрбум, 2017 онд 2.4 тэрбум, 2018 онд 2.6 тэрбум төгрөгийн татварын дараах цэвэр ашигтай ажиллах боломжийг хаасан байна.
Хэрэв энэ ашгийг хууль ёсны дагуу авсан бол тус компани нэгж хувьцаанд 2016 онд 106 төгрөг, 2017 онд 65 төгрөг, 2018 онд 71 төгрөгийг ногдол ашиг хэлбэрээр хуваарилах байсан гэх тооцооллыг СЗХ-ноос хийсэн байна.
Ийнхүү урсгал зардлаа ч дийлэхгүй шахуу үнээр талбайгаа түрээслүүлсэн учраас“Улсын их дэлгүүр” ХК өөрөө өрөнд ордог. Тэгэх тоолондоо “Номин Реалтор” ХХК-наас мөнгө зээлдэг. СЗХ-ны шалгалтаар “Улсын их дэлгүүр” ХК нь 3.1 сая ам.долларыг “Номин реалтор” компаниас зээлсэн бөгөөд сарын 1.44 хувийн хүү төлдөг нь ил болжээ. Хамгийн ноцтой нь ингэж ам.долларын зээлийг компанид олгодоггүй. Төлбөр тооцоог төгрөгөөр хийх Монгол Улсын хууль үйлчилсээр байгаа юм. Тиймээс тухайн үед “... “Улсын их дэлгүүр” ХК нь “Номин холдинг” ХХК-тай зээлийн гэрээг гадаад валютаар байгуулсан нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн. Иймд СЗХ-ноос прокурорын байгууллагад хандан зөрчлийн хэрэг нээж, хэрэг бүртгэлтийн ажиллагааг эхлүүлсэн байна. Шалгалтын ажлын хэсгээс “Улсын их дэлгүүр” ХК -ийн холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн бусад үйл ажиллагаанд торгууль оногдуулж, улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлж, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр холбогдох хууль тогтоомжид заасны дагуу арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж ажиллах үүргийг өгчээ” гэсэн мэдээлэл цацагдаж байв. Улмаар СЗХ-ноос ХУД-ийн Иргэний анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүх “...СЗХ нь “Улсын их дэлгүүр” ХК -ийн 31 хувь буюу жижиг хувьцаа эзэмшигч 40 мянган иргэнийг төлөөлөх эрхгүй” гэсэн шийдвэрийг гаргуулсан байна.
Түүчнлэн “Улсын их дэлгүүр” ХК -ийн ТУЗ-ийн хараат бус гишүүдийн нэг нь ГТГ-ын дарга асан Г.Өлзийбүрэнгийн хүү Үнэнбүрэн ажээ.
Дээрх явдлуудын талаар 2019 оны арванхоёрдугаар сард “жижиг” хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл О.Отгонбаяр Өдрийн сонинд “...СЗХ-ноос хийсэн шалгалтаар “Улсын их дэлгүүр” ХК доороо охин компани байгуулаад түүндээ бүх ашгаа өгдөг, эсвэл түүнээсээ зээл аваад хоорондоо гэрээ хийгээд бирж дээр бүртгэлтэй байгаа компаниа алдагдалтай ажиллуулахад хүргэдэг. Түүнийг 2015 онд хувьцаа эзэмшигчид эсэргүүцээд явж байсан боловч хоорондоо тухайн үед үр дүнд хүрч чадаагүй. Тэр үеийн нөхцөл байдлаас шалтгаалсан болов уу, бүгд хоорондоо ярилцаж үзэл бодлоо хуваалцах, мэдээлэлтэй болох нөхцөл бүрдээгүй. Тиймээс фэйсбүүк сүлжээнд “УИД-ийн жижиг хувьцаа эзэмшигчдийн нэгдсэн групп” байгуулаад хүмүүстээ мэдээлэл өгөөд явж байна. Магадгүй 2015 онд хүмүүс илүү сайн зохион байгуулалттай байсан бол 44 000 хүнээс дор хаяж 10, 20 мянга нь нэгдэж илүү үр дүнд хүрэх байсан болов уу гэж боддог” гэж ярьж байлаа.
Мөн Үнэт цаасны “БиДи Сек” компанийн 2015 оны судалгааны материалд “...СЗХ шүүх дээр ялагдсан ч, энэ үйл явдал нь цаашдаа “Улсын их дэлгүүр” ХК-ийг илүү хараат бус, илүү нээлттэй, илүү сайн компанийн засаглалтай болгох болов уу гэж бид үзэж байна. Зах зээлийн ханшнаас маш доогуур үнээр түрээс төлснөөр “Номин” жижиг хувьцаа эзэмшигчдийг хохироож байгаа бөгөөд энэ өөрчлөгдөх ёстой. Бид СЗХ-ноос эхлүүлсэн энэхүү ажлыг маш зөв гэж үзэж байгаа” гэжээ.
Ер нь бол Ш.Баярсайхан нар “Улсын их дэлгүүр” ХК-ийн 40.000 гаруй хувьцаа эзэмшигчид 2021 оныг хүртэл ямар нэгэн ногдол ашиг өгөөгүй. Гэтэл “Улсын их дэлгүүр” ХК -ийн ихэнх хувьцааг эзэмшдэг Ш.Баярсайхан нар Улсын их дэлгүүрийн барилгыг өөрсдөө түрээслэж, энэ нь ашиггүй “ажиллахад” хүргэсэн байдаг. Тэгсэн атлаа Ш.Баярсайхан 2016 оноос “Ариг” банкны хувьцааг эзэмших болсон. Хоёр, гурван жилийн өмнөөс “Ариг” банкны хувьцааны асуудлаар маргаан үүсч, хамтрагч нь ял авч шоронд орсон. Энэ бүхэн нь өөрийнхөө өмчийг өөртөө түрээсэлж, жижиг хувьцаа эзэмшигч нарт өгөх ёстой байсан ногдол ашгаар “Ариг” банкийг авчихав уу гэж хардах бүрэн үндэслэлийг бий болгоод байна. Өөрөөр хэлбэл, Ш.Баярсайханы “Ариг” банкны хувьцаа авахад зарцуулсан хөрөнгийн эх үүсвэрийг шалгах хэрэгтэй гэсэн үг.
Нөгөөтэйгүүр Ш.Баярсайхантай “ноцолдсон” хэн ч Хан-Уул дүүргийн шүүх дээр дандаа унадаг олон тохиолдлыг эх сурвалжууд яриад эхэлсэн. Энэ бас л анхаарал татна. Шүүх байгууллагад итгэж болох ч энэ “давхцал”-ыг бий болгодог шүүгч нар байхыг үгүйсгэхгүй.
Нэг үгээр хэлбэл, Монголын хууль, шүүхийн байгууллага Улсын их дэлгүүрээс “Ариг” банк хүрсэн “Номин”-гийн Ш.Баярсайханы замыг шалгах цаг болсон байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.2.23 МЯГМАР № 35 (6512)