Б.ДАМДИН-ОЧИР
Прокурорын тухай хуулийн 47.1-д “...Прокурор албан тушаалд томилогдохдоо: “Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийг чанд сахиж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн, албаны үүргээ үнэнч шударгаар биелүүлж, прокурорын мэргэжил, ёс зүйн хэм хэмжээ, нэр хүндийг өндөрт өргөж явахаа тангараглая. Хэрэв миний бие өргөсөн тангаргаасаа няцвал хуульд заасан хариуцлагыг хүлээнэ” гэж тангараг өргөнө” хэмээжээ.
Үүнийг сануулсан нь учиртай. Эргэлзээтэй асуудал байгаа юм. УИХ-ын гишүүн Сү.Батболдыг тойрсон асуудалд прокурор хуулийн хүрээнд ажилласан уу гэсэн асуулт тавигдлаа.
Учрыг хэлэхийн тулд ганц “цаас” гаргаж ирээд ярья л даа.
Нийслэлийн ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат 2020 оны арваннэгдүгээр сарын 6-нд Английн “Кинг энд спалдинг интернейшнл” өмгөөллийн фирмийн Сара Я Уокерт Мэдээлэл хүргүүлэх тухай МН-123 тоот албан бичиг илгээжээ.
Эндээс асуудал эхэлнэ. Прокурорын байгууллага аливаа хэрэг маргааны талаар гадаад улсын хувийн байгууллагатай харилцах хууль байхгүй. Хэрэв шаардлага үүсвэл “...Гадаад улсын ижил төстэй байгууллага, олон улсын байгууллагатай шууд харилцаж хамтран ажиллах, гэмт хэрэгтэй тэмцэх асуудлаар санамж бичиг, хэлэлцээр байгуулна” гэдгийг Прокурорын тухай хуулийн 48.1.12-д заагаад өгчихсөн.
...Английн “Кинг энд спалдинг интернейшнл” өмгөөллийн фирмийг хэн хөлсөлсөн бэ гэдгийг хамгийн түрүүнд Монгол Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан хариулах ёстой.
Үүнийг ч Нийслэлийн ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат баталж, 2021 оны нэгдүгээр сарын 13-нд албан ёсоор мэдээлэл хийж, С.Баяр, Ч.Давааням, С.Баярцогт, Ш.Батхүү нарын гадаад улс дахь хөрөнгийг хураах болсон талаар ярихдаа “...Мөрдөх байгууллага болон прокуророос тухайн эд хөрөнгийг хууль бусаар олсон гэдгийг гадаадын ижил эрх бүхий байгууллагуудтай харилцан мэдээлэл, нотлох баримт солилцож, эрх зүйн туслалцааны хүрээнд ажиллагаа явуулах зэргээр өргөн хүрээнд шалгах ажиллагаа явагддаг. Энэ хүрээнд хөрөнгийг битүүмжлэх, царцаах үүргийг мөрдөх байгууллага болон прокурорын байгууллага хэрэгжүүлдэг. Хурааж авах шийдвэрийг шүүх эцэслэн гаргадаг. Давж заалдах, хяналтын шатаар эцэслэн шийдэгдсэний дараа энэ үйл ажиллагаа явагддаг” гэж байв.
Харин Сү.Батболдын энэ асуудал дээр энэ хуулийг мартжээ. Тэр ч байтугай Нийслэлийн ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат нь Английн “Кинг энд спалдинг интернейшнл” өмгөөллийн фирмийн Сара Я Уокерт илгээсэн бичигтээ “...Арга хэмжээг авахуулах захирамжийг холбогдох бүхий л шүүхэд гаргуулахаар хандах чиглэлийг танд урьд харилцан тохиролцсон гэрээний дагуу өгч байна” гэжээ. Эндээс үзвэл Монгол Улсаас Английн “Кинг энд спалдинг интернейшнл” өмгөөллийн фирмтэй гэрээ байгуулжээ. Тэгэхээр тэр хувийн байгууллагатай ямар байгууллага эсвэл хэн гэдэг хүн гэрээ байгуулсан бэ гэдгийг зарлах шаардлага үүсч байна. Өөрөөр хэлбэл, захиалагч нь хэн бэ.
Тиймээс Английн “Кинг энд спалдинг интернейшнл” өмгөөллийн фирмийг хэн хөлсөлсөн бэ гэдгийг хамгийн түрүүнд Монгол Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан хариулах ёстой.
Цааш нь харъя. Ц.Насанбат уг бичигтээ “...Хэрэв эдгээр бусад улсын харьяаллын аль нэг шүүх битүүмжлэх захирамжийг гаргах үндэслэлгүй байсны улмаас хохирол учирсан болохыг хожим тогтоож, тухайн хариуцагч эсхүл гуравдагч этгээдэд хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн тохиолдолд нэхэмжлэгч талууд энэ талаар тухайн шүүхийн гаргаж болох аливаа захирамж, шийдвэрийг дагаж мөрдөх үүрэг хүлээж буйг нэхэмжлэгч талуудын өмнөөс би баталж чадна” гэжээ. Эдгээр нэхэмжлэгч талууд гэгч нь Монгол Улсын ТӨБЗГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Оюутолгой” ХХК аж. Гэвч эдгээр байгууллагын удирдлагууд прокурор Ц.Насанбатад ийм итгэмжлэл өгөөгүй гэдгээ өнгөрсөн оны сүүлчээр албан ёсоор мэдэгдсэн билээ. Гэхдээ энэ бол тусдаа асуудал.
Хамгийн гол нь энэ “кэйс”-ээр дамжаад эрүүгийн хэргийн хохирогчийн хохирлыг шийдвэрлэх зорилгоор прокурорт олгосон чиг үүрэг эрүүгийн хэрэг үүсгээгүй байхад иргэний маргаанд сайн дураар оролцогч болоод хувирчихаж байгаа юм.
“...Энэ нь цаанаа улстөрчдийн зөрчил хуулийн тогтолцоог самарч байгаа үйлдэл” гэдгийг Монголын нэр хүндтэй хуульчид хэлээд эхэллээ.
Бас нэг ноцтой асуудал нь Нийслэлийн ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбатын энэ үйлдлүүдийг зөвтгөн хамгаалах заалтыг 2021 оын нэгдүгээр сарын 21-ний өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлтээр оруулжээ. Тодруулбал, уг хуулийн 31.1-д “...Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно” гэсэн заалт нэмсэн байгаа юм. Үүнийг 2021 оны гуравдугаар сарын 1-нээс дагаж мөрдөнө.
Гэтэл энэ заалт яаж яваад ороод ирсэн нь ойлгомжгүй байгаа юм. Бас хэрэгжүүлээд эхлэхээр гарах үр дүнг хаанаас нь ямар "бодлого"-оор харсан нь тодорхойгүй байна. Учир нь Шүүхийн тухай хууль, бусад хуульд оруулсан нэмэлтийг батлах үед УИХ-ын дарга Г.Занданшатар "... Энэ хуулиар төрийн нэрийн өмнөөс шууд гомдол гаргах эрхийг прокурорт өгч байгаа юм байна. Тийм үү. Одоо бол прокурор шүүх хуралдаанд гуравдагч этгээдээр оролцож байсан. Үүнийг нягталж үзээрэй, бусад хуультай зөрчилдөж магадгүй шүү" гэж байв.
Ер нь бол Монголын хуулийг гишгэж, хилийн дээс давсан энэ жонхууг прокурор зуураад байгаа нь ил боллоо.
Нөгөөтэйгүүр эрүүгийн хэрэг байхгүй, иргэний хэргийн гэх нэг тогтоолтой, гадаадын шүүхэд маш зузаан хэвлэлд гарсан материал сэлтийг илгээж шүүгчдийнх нь ундууцлыг төрүүлж, бүр загнуулаад авсан энэ “том” асуудлын цаана үнэхээр прокурорт олгогдсон нийтийн эрх ашгийн төлөөх зарчим байна уу. Аль эсвэл хэн нэгний сэдлээр хууль зөрчин хийгдэж байгаа ажил уу. Албан ёсны хариулт нэхэж байна?!
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.2.22 ДАВАА № 34 (6511)