Т.САЙХАН
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ А.Амундра, Л.Цэдэвсүрэн, Т.Хаш-Эрдэнэ нарыг зөвлөхөөрөө томилжээ.
Тухайлбал, А.Амундраг олон нийт, хэвлэл мэдээлэлтэй харилцах зөвлөхөөр томилсон байна. Саяхан тэрээр МАН-ын гишүүнээр элссэн байдаг.
Эдийн засгийн бодлого, төсөл хөтөлбөрүүдийг хариуцсан зөвлөхөөр Т.Хаш-Эрдэнийг томилжээ. Тэрээр 2017 оноос Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөхөөр, 2018-2021 онд Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн бодлогын зөвлөлийн Ажлын албаны даргаар ажилласан байна. Мөн “Алсын хараа 2050 - Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого” боловсруулах Эдийн засгийн дэд ажлын хэсэгт гишүүнээр ажиллажээ.
Харин БШУ-ны сайд асан Л.Цэдэвсүрэнг Хууль зүйн бодлого хариуцсан зөвлөхөөр томилжээ. 2020 онд Боловсрол, шинжлэх ухааны сайдаар ажиллаж байсан тэрээр Соёлын яамнаас ажлын гараагаа эхэлж, 1996-2000 онд Гэгээрлийн яаманд хуулийн зөвлөхөөр, 2000 оноос БСШУСЯ-нд хуулийн хэлтсийн даргаар, төрийн нарийн бичгийн даргаар тус тус ажилласан байдаг.
Эх сурвалж:www.polit.mn