Т.САЙХАН
Засгийн газар өнөөдрийн /2021.02.14/ ээлжит бус хурлаар Нэг хаалга-Нэг шинжилгээ болон вакцинжуулалттай холбоотой асуудал, эдийн засгийг сэргээх 10 их наядын төлөвлөгөө зэрэг асуудлыг хэлэлцжээ.
Засгийн газрын шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийсэн.
Тэрээр "Эдийн засгийг сэргээх 10 их наяд төгрөгийн төлөвлөгөөг өнөөдрийн хуралдаанаар онцгойлон хэлэлцлээ. Дэлхий нийтээрээ аюулт цар тахалтай анх удаа нүүр тулсан бөгөөд эрүүл мэндийг нэгдүгээрт тавих, эдийн засгийг нэгдүгээр тавих гэх хоёр төрлөөр тэмцэж байгаа. Монгол Улсын хувьд ард иргэдийн эрүүл мэндийг эн тэргүүнд тавьж байсан бол цаашид эдийн засгийг хамтад нь авч үзэх ёстой хэмээн шийдсэн. Хэрэв эдийн засгийг энэ хэвээр нь үргэлжлүүлбэл улс орны эдийн засаг ихээхэн цохилт авч, эрүүл мэндийн салбараа ч санхүүжүүлж чадахгүй хэмжээнд хүрч болохыг үгүйсгэхгүй. 10 их наядын төлөвлөгөөг хоёрдугаар сарын 10-нд ерөнхий төлөвлөгөөг танилцуулсан. Цаашид салбар бүрээр нь нарийвчлан танилцуулах болно.
Мөнгөний нийлүүлэлтийн тухайд мөнгө хэвлэх гэж байна гэх мэдээлэл иргэдийг төөрөгдүүлж байна. Сүүлийн нэг жилийн хугацаанд эдийн засгийг хүний биеэр зүйрлэвэл цусны эргэлт нь үндсэндээ 60-70 хувь зогссон. Мөнгөний нийлүүлэлт нь банкуудаар олгох зээл, төсвийн хөрөнгө оруулалт, гадаадын хөрөнгө оруулалт гэх үндсэн гурван сувгаар явдаг.
Эдийн засгаа сэргээнэ гэдэг нь товчхондоо мөнгөний эргэлтийг сайжруулах юм. Түүнээс биш бэлэн мөнгө хэвлэн тараахгүй. Банкуудад гацсан байгаа нөөц хөрөнгөөр зээл олголтыг нэмэгдүүлэх, төсвийн урсгал зардал, төсвөөр дамжин хийгдэх хөрөнгө оруулалт, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлийг цогц хөтөлбөртөө багтаасан юм. Түүнээс биш халамжийн чиглэлээр бэлэн мөнгө тараах, урьд өмнө нь хэрэгжүүлж байсны адил алдаатай арга хэмжээ огт байхгүй" гэв.
Эх сурвалж:www.polit.mn