Б.ОЮУНЗУЛ
Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа монголын түүхэнд хоёрдугаар сарын 8-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.
Маршал Х.Чойбалсан 1895 оны 2 сарын 8-нд төрсөн. 1912 онд Нийслэл Хүрээнд ирж хөлсний ажлаар амь зууж, 1913-1914 онд Хүрээний Оросын консулын сургууль,1914-1917 онд Эрхүү хотын “Реальное” гимназид суралцсан.1917-1919 онд Цахилгаан мэдээний хороонд ажилчин, орчуулагч, 1923-1924 онд Москва хотноо Цэргийн академийн бэлтгэл курст суралцсан. Консулын бүлгийн гишүүн, ЗОУ-д одох анхны төлөөлөгчөөр С.Данзангийн хамт явж Эрхүүгийн уулзалтуудад оролцон тус хотноо Д.Сүхбаатар, Д.Лосол нарын хамтаар ажилласан. 1921 оны эхээр умард хошуудаас цэрэг элсүүлэх ажлыг хийж, 3-7 дугаар сард Ардын намын суртлыг номлогч, АТЗГ-ын гишүүн, Цэргийн яамны түшмэл, Бүх цэргийн комиссар, Баруун замын тусгай ангийг захирагч, АЖЦ-ийн дэд жанжны тушаалыг хүлээн цагаантныг устгах үйл хэрэгт оролцсон. 1921оны 8 сарын 25-нд Монголын Бошгийг халах залуучуудын эвлэлийн Түр цагийн Төв хорооны анхны даргаар сонгогдсон. 1922 онд “Д.Бодоогийн хэрэг” гэгчид холбогдон Бүх Цэргийн Зөвлөлийн гишүүнээс огцорч, ЗХУ-д цэргийн сургуульд жил гаруй сурсан. 1924 оны 8 сараас Бүх цэргийн жанжин, МАН-ын Төв Хорооны тэргүүлэгч гишүүн, 1930-аад оноос Мал тариалангийн яам,ГЯЯ, ДЯЯ, ЦЯЯ-ны сайдын албыг хашиж, 1939 оноос ерөнхий сайдаар ажиллахдаа улс нийгмээ хөгжүүлэхийн төлөө хичээнгүйлэн зүтгэж, Халхын голын дайн, Чөлөөлөх дайнд БНМАУ-ын зэвсэгт хүчнийг удирдан эх орноо батлан хамгаалах, тусгаар тогтнолоо бэхжүүлэн олон улсад хүлээн зөвшөөрүүлэх үйл хэрэгт онцгой гавьяа байгуулсан. Түүний гавьяаг үнэлэн 1936 онд БНМАУ-ын өрлөг жанжин цол,1941,1945 онд БНМАУ-ын баатар цол олгож, Сүхбаатарын одонгоор 4, Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор 5 удаа, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, ЗСБНХУ-ын Лениний одон, Байлдааны улаан тугийн одонгоор тус бүр 2 удаа, Суворовын 1-р зэргийн одон, медалиудаар шагнажээ. Тэрээр Г.Дэмид, Д.Лосол нартай хамтран бичсэн зохиолоос гадна ”Ардын хувьсгалын түүх”, “Хатанбаатар Магсаржав” ном, Ардын журамт цэргийн түүхийн өгүүллүүдийг хэвлүүлсэн.
Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд
1817.02.08. Сан Мартиний удирдлага дор цугларсан арми Андийн нурууг давж, Чили улсыг Испанийн дарлалаас чөлөөлөв.
1837.02.08. АНУ-ын сенат хуралдан АНУ-ын анхны дэд ерөнхийлөгчийн суудалд Ричард Жонсонг суулгасан байна.
1922.02.08. АНУ-ын ерөнхийлөгч Уоррен Г.Хардинг радиогоор үг хэлсэн анхны ерөнхийлөгч болов.
1942.02.08. Дэлхийн хоёрдугаар дайн: Японы арми Сингапурыг эзлэн түрэмгийлэв.
1949.02.08. Унгарын кардинал Мидшентиг эх орноосоо урвасан гэх үндэслэлээр баривчилав.
1950.02.08. Зүүн Германд нууц ажиллагаатай цагдаагийн газар болох Стаси байгуулагджээ.
1952.02.08. Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсын хаан ширээнд II Элизабет суужээ.
1962.02.08. Шаронны халдлага: Парис хотод жагсаал зохион байгуулсан үйлдвэрчний эвлэлийн 9 гишүүн цагдаагийн гарт амиа алдав. Тэд Алжирын тусгаар тогтнолыг дэмжиж жагсаал зохион байгуулсан юм.
1963.02.08. АНУ-ын ерөнхийлөгч Жон Ф.Кеннеди Куба руу худалдаа, аялал, бизнесийн чиглэлээр америкчуудыг зорчихийг хуулиар хориглов.
1968.02.08. Иргэний эрхийн төлөөх Америкийн хөдөлгөөн: Өмнөд Каролина мужийн Оранжбург хотод байрлах Өмнөд Каролинагын их сургуулийн оюутнууд хар арьстануудыг эсэргүүцэж, жагсаал зохион байгуулжээ. Жагсаалын улмаас 3-4 хүн амиа алдсан байна.
Эх сурвалж www.zms.mn