Эрүүл мэндийн сайд асан Т.МӨНХСАЙХАН
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан салбартаа, бас нийгэмд хамгийн өндөр үнэлгээтэй байлаа. Менежмент сайтай, “гар хүрсэн” ажлаа амжилттай дуусгадаг гэгдэж байв. Сайн ч ажиллаж байсан. Т.Мөнхсайхан сайд болоод олон ажил хийсэн, эхлүүлсэн. Мөн салбарын хуулиудад орох нэмэлт, өөрчлөлтийг УИХ-ын ээлжит бус чуулганаар батлахад түүний оруулсан саналаар эрүүл мэндийн салбарын эмч, ажилчид гүйцэтгэлээрээ цалин, урамшууллаа авах боломж нь бүрдсэн байдаг. Гэвч ийм албан тушаал хаших туршлага, улс төрийн нөлөө гэдэг хоёр асуудал дээр бүдэрсэн. Учир нь эрүүл мэндийн салбарт бугшсан “идээ бээр”-ийг хагалж эхэлснээр “дайсан”-ууд нь босч, нүдсээр байгаад буулгасан.
Эрүүл мэндийн сайд С.ЭНХБОЛД
Олон хүн энэ яам руу зүтгэсэн ч огт яригдаж байгаагүй, Улсын II эмнэлэгийн захирлаар ажиллаж байсан С.Энхболд томилогдчихов. “Битүү морь” гэсэн үг. 2007-2019 онд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Дүрс оношилгооны төвийн дарга, 2019 оноос Улсын хоёрдугаар төв эмнэлгийн захирлаар ажиллажээ. Тэр хүнд ачаа үүрлээ. Шударга нь дэндвэл Т.Мөнхсайхан шиг хувь заяа хүлээж байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ Засгийн газрын тэргүүнийхээ зорилт болгож тавьсан иргэн бүрийг жил бүхэн бүрэн оношлогоонд хамрагддаг тогтолцоонд алдалгүй шилжүүлж, ирэх дөрвөн жилийн хугацаанд Эрхтэн шилжүүлэн суулгах үндэсний төв, Зүрх судасны үндэсний төв, Түлэнхийн төв, Хавдар судлалын үндэсний төвийг шинээр барих ажилд анхаарлаа хандуулж таарна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.2.2 МЯГМАР № 23 (6500)