Т.САЙХАН

“ЗӨВ ХҮН электорат” эвслээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд ямар хүн нэр дэвшүүлэх талаар өнөөдөр /02.05/ мэдээлэл хийлээ. 

УИХ-ын гишүүн Т.Доржханд “Төрийн тэргүүний сонгууль 3-4 сарын дараа болох гэж байна. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль маш эрт болох нь. Дөрөвдүгээр сарын 15-наас эхлэн нийт 45 хоногийн хугацаатай болох юм байна. Бид зургадугаар сарын 9-нд сонгогдсон шинэ төрийн тэргүүнтэйгээ наадамлах юм байна.Хуулиар УИХ-д суудалтай нам, эвслүүд Ерөнхийлөгчид нэр дэвшүүлдэг.

“Зөв ХҮН электорат” эвсэл ямар хүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээ маш тодорхой илэрхийлэх гэж энэхүү мэдээллийг хийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч аль нэг нам, бүлгийн төлөөлөл биш. Энэ агуулгаар Ерөнхийлөгчийн сонгуульд шинэ жишиг тогтоосон хувилбарыг танилцуулж байна. Энэ бол бид нэр дэвшүүлэх биш сонголт хийх, сонгогдох эрхийг ард түмэнд, нийт иргэддээ олгож байна. Үүнтэй холбоотойгоор “Ерөнхийлөгчөө захиалъя” гэдэг хөдөлгөөнийг өнөөдрөөс эхлүүлж байгаагаа албан ёсоор мэдэгдье" гэлээ.

Мөн тэрээр " Ерөнхийлөгч Монгол үндэстнийг уриалж чаддаг лидер байх хэрэгтэй. Түүнээс илүү монголчуудын эв нэгдлийг хангаж чаддаг эрх чанартай хүн баймаар байна. Энэ хүний хийх ажил нь хамгийн сайн дипломатч байгаасай гэж хүсэж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын нүүр царай байгаасай, бизнесүүдийг дэлхийд гарахад нь дэмждэг, монгол хүний үнэлэмжийг нэмэгдүүлж чаддаг хүн байгаасай гэж хүсэж байна" гэв. 

Эх сурвалж:www.polit.mn