Гадаад харилцааны сайд асан Н.ЭНХТАЙВАН
-Н.Энхтайван УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны даргаар ажиллаж байгаад Гадаад харилцааны сайд болж дэвшсэн. Тэрээр 2020 оны есдүгээр сарын дундуур БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И манай улсад гэнэт айлчлах үеэр “Монгол, Хятад улс бие биенийхээ хэрэгт хөндлөнгөөс үл оролцох зарчмыг баримталж ажиллана” гэж БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И-д хэлээд явуулсан юм.
Энэ нь “Гадаад харилцааны сайд шууд бусаар монгол бичгийг хэрхэх нь бидэнд хамаагүй гэсэн Монгол Улсын байр суурийг илэрхийллээ” гэж шүүмжлүүлсэн. Үүнээс 14 хоногийн дараа Н.Энхтайван сайд “Саарал жагсаалтаас Монгол Улсыг гаргасан шийдвэрийг Европын холбооны Сангийн сайд нар энэ аравдугаар сарын 6-нд гаргав” гэж мэдэгдэв. Гэтэл манай улс ФАТФ-ын саарал жагсаалтад бичигдчихээд байв. Үүнээс бусдаар Н.Энхтайван Гадаад харилцааны сайдын албан дээр нам жим байж байгаад буулаа. Энэ хооронд COVID19 цар тахлын улмаас гадаадад гацсан монголчуудын асуудлаар ч “гал” авч байгаагүйг дурдах хэрэгтэй.
Гадаад харилцааны сайд Б.БАТЦЭЦЭГ
Одоогоос хоёр жилийн өмнө Б.Батцэцэг Гадаад харилцааны дэд сайдаар ажиллаж байв. Тэр үедээ маш ноцтой алдаа гаргасан. ШХАБ-тай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлсэн юм. Тэгэхдээ “...Хоёр хөрш гүрэн маань биднийг эрхшээлдээ оруулъя гэж үнэхээр бодож байгаа бол ШХАБ-аар дамжуулах хэрэггүй. ШХАБ-тай ШХАБ-гүй үүнийгээ хэрэгжүүлэх боломжтой улсууд. Харин ч том тоглогчтой хоёулхнаа байх тохиолдолд шахалтад орох магадлал байдаг” гээд туучихсан. Баларсан.
Ер нь бол энэ ярианы утга нь Монгол Улсын тусгаар тогтнолыг үгүйсгэчихсэн хэрэг л дээ. Гэвч тэр дэвшээд сайд болжээ. Одоо Б.Батцэцэг сайдыг олон ажил хүлээж байна. Нэн түрүүнд гадаадад гацсан монголчуудаа хэл амгүй татах асуудалд гар бие оролцох ёстой. Ойрын үеийн нислэгийн хуваарь нь ч гарсан харагдсан. Засгийн газар энэ сард Сөүл, Токио, Истанбулаас 850 орчим иргэнээ авчрахаар төлөвлөсөн байна билээ. Ер нь гадаад харицааны салбар бол Монгол Улсын нүүр царай, хэл, бүх зүйл нь гэдэг. Тэгэхээр сайдын амнаас бодолтой, боловсролтой үг унаж байх ёстой.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.2.2 МЯГМАР № 23 (6500)