Ч.ҮЛ-ОЛДОХ
Гандантэгчэнлин хийдийн зурхайч, лам Д.Цогтбаатартай үхэр жилийн өнгө зурхайд хэрхэн буусан талаар ярилцлаа.
-Жилийн өнгийг зурхайн зурлагаар хэрхэн тодорхойлдог юм бэ?
-Уламжлалт ёсоор гарч буй жилийг хаан, түшмэл, эзэн гарагын зурлага, цасан чихрийн амт, боовны үр, шороон үхрийн зурлагаар шинждэг. Жилийн төлөвийн хамгийн дэлгэрэнгүй нь шороон үхрийн зурлага юм. Хуучин ёсонд билгийн цаг тоололын шинэ он гарах үед Бурханы шашны хүрээ хийд, дацангууд шороон үхрийн зураг үүдэндээ томоор зуруулж тавьдаг байжээ. Энэ нь ард иргэд тэр зургийг харж гарч буй жилийн үрийг шинжин амьдрал ахуйдаа хэрэглэж мэддэг байсных юм.
-Энэ жилийн шороон үхрийн зурлага ямар гарсан бэ?
“Шороон үхэр”-ийн зурлагыг дүрсэлбэл, үхэр нь: шороон үхрийн толгой нь цагаан, бие, ходоод, өвчүү, цулбуур нь шар, омруу, туурай нь ногоон, эвэр, чих, сүүл нь хөх, дөрвөн шийр, ногт нь улаан, амаа хамхиж, сүүлээ баруун тийш нь шарвасан байна. Үхэр хариулаачийн хувьд царай нь улаан, дээл нь хөх, бүс нь шар, малгайныхаа баруун чихийг сөхөөд, зүүн талыг нь буулгасан, үс нь чихнийхээ араар хийссэн, ногоон гутлаа баруун хөлдөө өмссөн, зүүн гутлаа баруун бүсэндээ хавчуулсан, зүүн хөл нүцгэн, унгасаар томсон бургасан шилбүүр барьсан, хүч чадал бага идэр залуу, үхрийнхээ өмнө яаравчлан гүйж явна" хэмээн дүрслэгджээ. Жил, улирлын эхэн сарууд, өндөр уулын бүсэд цас, бороо их, мөн жилийн эхээр салхи ихтэй. Тал, нам дор газар, өвлийн сарууд, адаг саруудад ган хуурай болох. Зун, намрын саруудад газрын шим арвижиж, тариа, хүнсний ногоо, хадлан бэлчээрийн ургац элбэгшин урт намар болж, буян хурж мал, эд агуурс дэлгэрэх сайн нигуртай.
-Гарч буй үхэр жилд ямар хүмүүс онцгой анхаарвал зохилтой вэ?
-Хонь жилтнүүд “дүнсэр” буюу “их харш” жилтэй учирна. Хулгай, дайсан, зохисгүй юм болж магад. Догсом, Базарсад, Жанцанзэмүвүнжан, замд явбал Далх тахь. Нохой, луу жилтнүүд “шишид” буюу “бага харш” буух тул Жадамба, Ногоон дарь эх уншуул, Амин золиг гаргуул.
Тахиа, могой жилтнүүд “ивээл жилийн” буюу “түнсүм” засалтай. Гарз гарах тул их үйл эхлэн үйлдэхийг тэвч. Хийморийн сан, Цагаан шүхэрт, Ганшиг уншуул. Бар жилтнүүд “цагаан жил” буюу “логар” ургах тул сэтгэл энэлэх, шарх гарах гарах гэм буй. Маналын чого, Сахиусаа тахь. Хулгана, бар, луу, морь, бич, нохой жилтнүүд суудлын өнцгийн засал хийлгэ. Бич, тахиа жилтнүүд жилийн нашидүрсүмийн засалтай. Төрсөн жилийн мэнгэ голлосон хүмүүс, 1922, 1931 1940, 1949, 1958, 1967, 1976, 1985, 1994, 2003, 2012, 2021 онд төрөгсөд Жанаггагдог, Цэвэгмэдийн чого, Цэнд насны тоогоор уншуул гэж зурхайд буусан.
-Түүнчлэн жил орж байгаа хүмүүс юуг анхаарвал зохих вэ?
-Жил орогсод буюу 2009, 1949 оны үхэр жилтнүүд “хүү” махбодатай жил бөгөөд эрүүл мэнд хямрах гэмтэй тул Найман гэгээн, Лхамын ганшиг хуруулж, балин өргө. 1997, 1937 оны үхэр жилтнүүд “нөхөр” махбодатай жил бөгөөд жаргал зовлон ээлжлэн, ад зэтгэр босох тул Догсом, Доржнамжом, Цэнд, Доржнамжомын жавтий тавиул. 1985, 1925 оны жилтнүүд “дайсан” махбодатай жил бөгөөд эдийн гарлагатай тул Юмжайвриндүйсүм, Цэвэгмэдийн чог хуруулж, Лусад балин өргө. 1973 оны үхэр жилтнүүд “эх” махбодатай жил бөгөөд сүлд хийморь доройтох тул Нити, Жинсрэг айлдуул. 1961 оны үхэр жилтнүүд “өөрийн төрсөн жилтэй адил” махбодатай жил бөгөөд ад зэтгэр, шулмын хөнөөл гарах тул Бум цац “талби”, “Цэдэв-Насан бүтээл” үйлдвээс сайн.
-Мөн зүг, мөрөө гаргах тухайд та юу хэлэх бол?
-Монголчууд бид уламжлалт Цагаан сарын шинийн 1-нд мөр зүгээ гаргадаг. Махбодийн зурхайн чухал нэгэн зурлага бол энэ юм. Шинэ ондоо зүг мөрөө гаргаснаараа жилийнхээ барчад саадыг арилгаж, тухайн жилдээ эрүүл энх, аз жаргалтай, гадна дотны хэл үг, атаа жөтөө үгүй, улс орон, айл гэр амар төвшин эв эетэй, бодсон санасан зөв ажил үйлс нь бүтэмжтэй, буян хишиг нь хурсан, амжилт бүтээл арвинтай байхыг бэлэгддэг чухал зан үйлийн нэгэн ёсон юм. Тэр ч үүднээс гурван настай балчраас эхлээд эрхэмлэн үзэж хүн бүр зүг мөрөө гаргавал зохилтой. Харин хуучин цагт бол өрхийн тэргүүн идэвхтэй оролцдог байлаа, Анхаарах бас нэг зүйл бий. Орон сууц, байшин барилга ихтэй болсон, хаалга үүд нь одоо цагт дөрвөн зүг, дөрвөн зохис руу харсантай холбоотой. Зүг мөрөө гаргах гэж буй хүн маань гэрийнхээ ойролцоо байгаа хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэн, ахмад настны амралтын саад зэрэг чөлөөт талбайн дунд зогсоод гарч байгаа төмөр үхэр жилийнхээ зурхайн хөлөлийн зүг мөр гаргах хүснэгтнээс тухайн жилд суусан суудал, гарах зүг, гаргах цээр, ирэх зүгээ мэдсэнээр сэтгэлдээ гүнээ бясалган бодож, аливаа барчад саад амирлаж, эрүүл энх, ажил үйлс бүтэмжтэй, сэтгэлийн амар амгалан байх болтугай хэмээн дотоод сэтгэлдээ гурваас доошгүй удаа бодож зүг мөрөө гаргах зан үйлээ хийвээс зохилтой.
-Хүүхэд засал хийлгэх шаардлагагүй гэдэг. Энэ талаар?
-Цаг үе маш их хурдацтайгаар өөрчлөгддөж байна. Балчир хүүхдүүд нийгмийн харилцаанд идэвхтэй оролцож, сэтгэлд таагүй үйл явдлууд гарах нь элбэгшлээ. Хүүхдэд засал ном уншуулбал зохилтой тусыг үзүүлэх болно.
-Заслыг хэзээ хийлгэх нь зөв бэ, зарим хүн шинийн 15 дотроо багтах ёстой гэлцдэг?
-Өвлийн адаг сарын 20-ноос хойш, бар сарын 15-ний дотор өрхийн засал номоо интернетээр бичүүлж уншуулах хэрэгтэй. Монголчууд билиг төгөлдөр ард түмэн, тэр ч утгаараа жилийн, сарын, өдрийн эхлэлийг чухалчлан амьдрал ахуйгаа байгаль дэлхийтэйгээ зохицуулан амьдарч ирсэн билээ. Засал номын тухайд энэ цаг үетэй зохицож, хүмүүс өөрийн бие, гэр бүл, овог аймаг, улс түмнийхээ буян заяаг даатгаж, өөрсдийн шүтдэг бурхан шүтээн, уул ус, газар нутаг, өвөг дээдсийн шүтэж ирсэн ариун дагшин бурхан шүтээндээ даатгаж авралыг одуулбал зохилтой. Тиймээс цаг үетэйгээ зохицож интернетээр номоо бичүүлэх хэрэгтэй. GANDAN.mn сайтаар орж бичүүлж болно. Харин өөрийн онцгойлох засал номоо сүүлд цаг үе сайжрахаар хийлгэж болно.
-Монгол түмэн одон зурхайн цаг улирлын билгийн тоололыг ашигладаг. Энэ дагуу зан үйлээ хийх үү?
-Тийм ээ, монголчууд бид, ер нь Азийн ихэнх улсууд арга, билиг хосолсон одон зурхайн билгийн цаг улирлын тоололын бичгийг ашигладаг.
-Зарим хүмүүс засал ном хийлгэхэд ач холбогдол өгдөггүй. Ялангуяа залуус. Засал ном хийлгээгүйгээс үүдэх сөрөг үр дагавар байдаг уу?
-Засал ном хийлгэх, хийлгэхгүй нь хувь хүний асуудал. Бурханы шашны сургааль номын нэг ухаан болох одон зурхай, махбодын зурхайн шинжлэх ухааны үүднээс маш нарийн ухаан юм. Тэр нь мэргэ төлөг, уул, ус, онгод тэнгэрээ шүтэхээс өөр зүйл юм. Таван махбода нь (гал, шороо, төмөр, ус, мод) шинжлэх ухааны үүднээс хоорондын шүтэн барилдлагыг шинжлэн, тухайн хүний амь нас, эрүүл мэнд, буян хишиг, хийморь лүндаа, сүлдний дэлгэрэх, буурахыг шинжсэнээр засал ном хийлгэх зүйтэй.
-Зарим зурхайч төр, иргэний харилцаа ийм байна гээд хэлж байдаг. Зарим нь Сонгуульд аль нам, ямар жилтэй хүн ялахыг зурж, хэлэх болжээ. Энэ хэр боломжтой зүйл вэ?
-Энэ нь зурхайч гэхээсээ илүүтэйгээр мэргэ төлөг хийдэг хүмүүсийн явдал байх. Хүний хувь тавилан өөрийн хичээл зүтгэлийн үр дүн гэж хэлмээр санагдаж байна. Эзэн хичээвэл, заяа түшинэ гэдэг шүү дээ.
-Үхэр жилийн босгон дээр сүсэгтэн олон, монголчууддаа хандаж та юу хэлэх вэ?
-Төгс буянт шинэ зурхайн ёсны XVII жарны "Цөөвөр" хэмээх төмөр үхэр жилдээ Монгол түмнийг минь заяа буян түшиж, өвчин тахал амирлаж, энх тунх, төрлөөрөө төвшин амгалан байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2021.2.5 БААСАН № 26 (6503)