ЗГХЭГ-ын дарга асан Л.ОЮУН-ЭРДЭНЭ
2020 оны УИХ-ын сонгуулиар Хэнтий аймгаас хоёр дахь удаагаа сонгогдсон Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын “гал тогоо”-г хоёр жил барьсан. Ингэж ажиллахдаа “Эрдэнэт үйлдвэр”-ийн хувийн компанийн худалдаж авсан 49 хувийг төрд авч, ТӨҮГ болгосон. “E-MONGOLIA” хөтөлбөр нь амжилттай хэрэгжиж эхэлсэн. Бас “Алсын хараа-2050” хөтөлбөрийг боловсруулж УИХ-аар батлуулсан. Мөн сүүлийн нэг жилд ЗГХЭГ-ын даргын хувиар “Рио Тинто”-той хэлэлцээр хийх ажлын хэсгийг ахалсан. “Рио Тинто” татварын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөлгүй Арбитрын шүүхэд хандсан. Манайх бас дутаагүй. Олон улс дахь зэрэглэлээрээ эхний тавд багтдаг томоохон хуулийн фирмтэй хамтарч ажиллаж байгаа юм байна. Түүнчлэн Л.Оюун-Эрдэнэ “Рио Тинто”-д Дубайн гэрээг цуцлах саналыг тавьчихаад байгаа юм.
ЗГХЭГ-ын дарга Ц.НЯМДОРЖ
Ц.Нямдорж Монголын хамгийн хөдөлгөөнтэй улстөрчдийн нэг. Тэрээр Л.Оюун-Эрдэнээс урилга авч Засгийн газрын “гал тогоо”-г барьж эхэллээ. Тэрээр “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудал, эрүүдэн шүүсэн хэргийг нэг тийш болгох үүрэгтэй ирсэн гэж буй. Түүнчлэн ЗГХЭГ-ын даргын хувиар Оюутолгой төслийг Монголд ашигтайгаар эргүүлэх асуудлаар “Рио Тинто”-тай хэлэлцээр хийх Засгийн газрын ажлын хэсгийг ахална. Гэтэл “...Ц.Нямдорж бол “Рио Тинто”-г хамгаалагч” гэж яриад эхэллээ. Үнэхээр ч Ц.Нямдорж 2019 оны арваннэгдүгээр сард хэвлэлд “...Дубайн гэрээг хүчингүй болговол юу болох вэ. Оюутолгойн гэрээг зогсоовол хэн хожих вэ. Хамгийн аюултай нь Монгол Улс ганцаардана. “Рио Тинто” компани дэлхийн хоёр номерт зогсдог компани. Энэ компанийн ард Английн хатан хаан, Европын холбоо байдаг. Хүч тэнцвэргүй маргаанд Монгол Улс орвол яах вэ” гэж байсан юм.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.2.2 МЯГМАР № 23 (6500)