Л.БАТ

Монгол Улсын парла­мен­тын түүхэнд анх удаа Ерөнхий сайд нь сайн дураараа танхимаараа огцорсон үйл явдал өнгөрсөн долоо хоногт өрнөлөө. Өвлийн хүйтэнд нярай эх, хүүхдийг эмнэлэг хооронд зөөвөрлөсөн мэргэжлийн байгууллагын алдаатай холбон тухайн үедээ Ерөнхий сайд огцрох шалтгаанаа тайлбарласан. Энэ тухай тэрээр “Анхан шатан дээр алдаа гаргавал Засгийн тэргүүн нь огцордог юм байна шүү гэдгийг мэдээсэй гэж би хүсч байна” гэж чуулганы нэгдсэн хуралдаан дээр хэлж байлаа. 
Үйл явдал ингэж өрнөхөөс өмнө эхлээд Шадар сайд болон Эрүүл мэндийн сайд нар ажлаасаа чөлөө­лөгдөх хүсэлтээ Ерөн­­хий сайдад өгсөн. Эрүүл мэндийн сайд огцрох хүсэлтээ гаргахтай зэрэг­цээд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүг ажлаас нь чөлөө­лөх тушаалыг яаралтай гаргасан. Уг тушаалд, “...амаржсан эх, нярайг шилжүүлэн авсан ХӨСҮТ-д алдаа гаргасан тул тус төвийн ерөнхий захирал Д.Нямхүүг 2021 оны нэгдүгээр сарын 21-нээс үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй” гэжээ. Гэвч Эрүүл мэндийн сайдын зүгээс Д.Нямхүү эмчийг чөлөөлөхөөр бүр оны өмнөөс шахалт үзүүлж эхэлжээ. Гагцхүү түүнд жаахан ч гэсэн шалтаг хэрэгтэй байсан. Тэгж шалтаг хайж, нөхцөл бүрдсэн даруй яаралтай халах хүртэл сайд, эмч хоёрын маргааны цаана юу өрнөсөн бэ.

Сайдын шийдвэрийг халдвартын эмч нар яагаад эсэргүүцэв? 

Монгол Улсад COVID-ийн халдварын голомтод ажиллаж байсан эмнэлгийн ажилтан вирусаар халдварласан тохиолдол арваннэгдүгээр сарын 6-нд нийтэд ил болсон. Гэтэл энэ нь Т.Мөнхсайхан сайдын бодлогын томоохон алдаанаас улбаатай байжээ. Тэрээр цар тахлын голомт руу мэргэжлийн бус хүнийг оруулж дадлага хийлгэж туршлага судлуулах тушаалыг ХӨСҮТ-ийн удирдлагуудад өгч, Сэлэнгэ аймгаас эмч, сувилагч нарыг ирүүлсэн байна. Сайд өвдөгний үе солих мэс заслаар мэргэшсэн залуухан эмч учраас өөрийн туршлага дээрээ үндэслэж ийм шийдвэр гаргасан гэж өнөөдөр халдвартын мэргэжлийн зарим эмч дүгнэж байгаа. Өвдөгний үе солих гэх мэт энгийн мэс заслын арга, ур чадварт дадлагажуулж сургах, улс үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх цар тахлын онцгой нөхцөл байдалд халдварт өвчний голомт руу тухайн чиглэлээр мэргэшээгүй хүмүүсийг оруулж дадлагажуулах нь тэнгэр газар шиг ялгаатай. Халдварт өвчнийг эмчилж буй голомт руу өөр чиглэлээр мэргэшсэн эмч, сувилагчийг оруулж ажиллуулах нь халдварыг эмнэлгийн ажилтнууддаа халдаах өндөр эрсдэлтэй. Тиймээс сайдын энэ шийдвэрийг ХӨСҮТ-ийн мэргэжлийн эмч нар эхлээд эсэргүүцэж байжээ. Гэвч сайд зүтгэсээр байгаад Сэлэнгэ аймгаас эмч, ажилтнуудыг авчирч дадлагажуулах үед тухайн сувилагч алдаа гаргаснаар өөрөө халдварлаад зогсохгүй цар тахлын голомтод ажиллаж байсан бусад эмчийг эрсдэлд оруулжээ. Улмаар арванхоёрдугаар сарын 10 гэхэд халуун цэг дээр ачааны хүндийг үүрэн ажиллаж байсан ХӨСҮТ-ийн 19 эмч, эмнэлгийн ажилтан халдвар авсан байна. Энэ өдөр Т.Мөнхсайхан сайд УОК-ын шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаярт ХӨСҮТ-ийг бүхэлд нь тусгаарлах чиглэлийг амаар өгснийг хурандаа газар дээр нь шууд хэрэгжүүлсэн байдаг. Ийнхүү арванхоёрдугаар сарын 10-ны өглөө ХӨСҮТ-ийг бүхэлд нь тусгаарласнаас эмнэлгийн бүх эмч, ажилтан үдээс өмнө ажилдаа орох боломжгүй гадаа гацжээ. Тус төвийн захирал Д.Нямхүүгийн зүгээс сайдтайгаа утсаар ярьж учирласнаар тусгаарлалтыг буулгасан ч ХӨСҮТ-ийг бүхэлд нь нүүлгэн шилжүүлнэ гэж Т.Мөнхсайхан сайд шийдсэн хэвээр байв. Иймээс үдээс хойш 16:00 цагийн орчимд цахим хурлаар асуудлыг хэлэлцжээ. Чухам энд л сайд, Д.Нямхүү эмч хоёрын дунд гал авалцсан хэрүүл өрнөсөн байна. Халдварын голомтыг тэр газар нь хумьж дардаг зөвлөмж, аргачлалыг ХӨСҮТ-ийн зүгээс баримталж байсан бол сайдын зүгээс бүх тасаг, нэгжийг Улаанбаатар хотын бусад эмнэлэг рүү өвчтөнгүүдтэй нь зөөж байршуулахаар зүтгэж сүүлдээ Д.Нямхүү эмчийг “Үгэнд орохгүй бол ажлаа өгөөд зайл” гэх мэтээр давшилжээ. Хариуд нь Д.Нямхүү эмч “Юу гээд байгаа юм бэ. Дарамтлаад байгаа юм уу. Чи алдаа гаргаж болохгүй шүү дээ...” гэх мэтээр үг сөрсөн бичлэг өнөөдөр сэтгүүлчдийн гарт оржээ. Ийнхүү нэгдүгээрт, орон нутгаас эмч, сувилагчийг авчирч голомт руу оруулан дадлагажуулж сургах шийдвэр хоёрдугаарт, ХӨСҮТ-ийг нүүлгэх чиглэлийг удаа дараа эсэргүүцсэн учраас Т.Мөнхсайхан сайд Д.Нямхүү эмчийг халахаар эргэлт буцалтгүй шийдсэн байж болох талтай. Тэр шийдвэрээ ч гаргасан. 

Нярай эх, хүүхдийг зөөвөрлөсөн эмчийг гурван сар гэрт нь “хорьжээ” 

2021 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр. Жавар тачигнасан хөхөө өвлийн хүйтэнд нярай эхийг “Өргөө” амаржих газрын үүдээр гаргаад машинд суулгаж буй дүр зураг цахим орчинд анх орлоо. Маргааш өдөр нь уг зураг маш тэсрэлттэй давалгаалж, олон нийтийн хэлэлцүүлгийн сэдэв болсон билээ. 
“...Энэ бүхэн эцсийн эцэст хүн чанар, сэтгэл дутсан асуудал. Бүхэл бүтэн эмнэлэгт тэр эмэгтэйг ороогоод гарах хөнжил байгаагүй гэж үү дээ” гэх мэтээр хүмүүс эгдүүцэж байв. Уг нь өвчтөнийг ажиглан тусгаарлах байрнаас шилжүүлэхээр бол урьдчилан мэдээлдэг журмын дагуу ХӨСҮТ-өөс “Өргөө” амаржих газарт хандаж бэлтгэлээ хангах мэдээллийг дөрвөн цагийн өмнө өгсөн байна. Энэ нь эх, нярай хоёрыг шилжүүлэх ажиллагаанд бэлдэх хангалттай хугацаа. Гэвч эцсийн мөчид эх, хүүхдийг халад, тавчигтайгаар өвлийн хүйтэнд зөөвөрлөсөн. ЭМЯ, ХӨСҮТ-өөс эмнэлгийн байгууллагууд бэлэн байдлаа хангаж, сэжигтэй тохиолдолд хэрхэн тусгаарлан, ажиллах заавар зөвлөмжийг өдөр бүр танилцуулсаар байтал түүнийг нь Нэгдүгээр төрөхийнхөн дагаж мөрдсөнгүй. Тэр ч бүү хэл эх, нярайг дотоодын тусгаарлах өрөөндөө байлгаагүй.
Энэ талаар ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал “... Өргөө амаржих газар буюу нэгдүгээр төрхөд төрсөн эхийг халдвартай гэдгийг тодорхойлж, тусгаарлах өрөөнд оруулж хувцсыг нь өмсүүлж зөөвөрлөдөг дүрэм журмыг мөрдөхгүйгээр төрсөн эхэд гадуур хувцас өмсөхгүйгээр, хүүхдийг нимгэн өлгийтэй зөөвөрлөж тээвэрлэсэн асуудал гарлаа. Тухайн байгууллагын удирдлагууд болон эмнэлэгт ажиллаж байгаа бүх хүн өвчтөнийг эмнэлэг хооронд хэрхэн шилжүүлэх бүхий л дүрэм журмыг зөрчиж ажилласан” гэж 20-ны үдээс өмнө мэдэгдсэн. Мөн “Өргөө” амаржих газрын зүгээс ч алдаагаа нэн даруй хүлээн зөвшөөрч, ХӨСҮТ-ийн тандалтын албаныханд эхийг хүлээлгэн өгөхдөө хариуцлагагүй алдаа гаргасандаа уучлал хүссэн байдаг.  
 Гэтэл эх, нярайг зөөвөрлөсөн ХӨСҮТ-ийн эмч үүнтэй зэрэгцэн яаран сандран уучлал гуйж бүх бурууг хүлээснээр олны бухимдал, анхаарлыг өөр тийш нь залуурдав. Тэрээр “Намайг Пүрэвсүрэн гэдэг, ХӨСҮТ-д ажилладаг. Энэ сарын 19-ний өдөр амаржсан эмэгтэйг тээвэрлэж авч явсан. Халдвартай иргэнийг тээвэрлэх журам гэж байдаг. Би эх, хүүхэд хоёрыг яаралтай тээвэрлэх зорилгоор хувийн алдаа гаргалаа. Энэ бүхэн миний буруу. Эх, хүүхдээс уучлал гуйж байна. Мөн УОК-ын алба хаагчдаасаа, эрүүл мэндийн салбарынхнаасаа уучлалт гуйя. Би бүх хариуцлагаа хүлээнэ. Миний алдаанаас болж нийгэмд бухимдал үүссэнд харамсаж байна. Уучлаарай” гэв. 
Гэтэл бүх хариуцлагаа хүлээнэ гэж гэмшиж байсан эмчид хэн ч, ямар ч хариуцлага хүлээлгэсэнгүй. Учир нь тэр ямар ч алдаа гаргаагүй юм. ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргалын мэдээлснээр бол арванхоёрдугаар сарын 25-нд бүх эрүүл мэндийн байгууллагад тусламж үйлчилгээ, халдвар хамгааллын дэглэм хэрхэн сахих, шилжүүлэх талаар дүрэм, журмыг шинэчилж хүргүүлжээ. Уг журмаар бол ХӨСҮТ-ийн эмч Л.Пүрэвсүрэн шууд алдаа мадаг гаргаагүй гэдгээ өөрөө мэдэж байжээ.  
Тиймээс бүхний бурууг өөртөө хүлээж, хариуцлага хүлээх шаардлагагүй байсан гэдгээ тэрээр удирдлагадаа хожим хэлсэн байдаг. Тэгвэл түүнийг уучлал гуйлгуулах ажлыг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан санаачилж зохион байгуулжээ. Сайд эмчийг уучлал гуйсны дараа гурван сар гэртээ чимээгүй бүгэх, энэ хугацаанд цалин мөнгийг нь таслахгүй олгож байх тохиролцоо хийсэн байна. Ийнхүү бүх бурууг би хүлээнэ, бүх хариуцлагаа үүрнэ гэж байсан эмч маань шийтгэл биш сул цалин аваад өнөөдөр гэртээ “амарч” байна. Сайдын заавраар эмч нь уучлал гуйсны үр дүнд олон нийт ХӨСҮТ-ийг бүхний буруутан гэж харах болсон. Нийгмийн энэ сэтгэл зүй, дэмжлэг дээр дөрөөлөн Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан ХӨСҮТ-ийн удирдлагыг чөлөөлөх зорилгоо гүйцэтгүүлсэн гэж харагдаж байна.   

ХӨСҮТ-ийн удирдлагыг солих жинхэнэ эрх ашиг юу байв? 

“Би ажлаасаа дөрөв дэх удаагаа чөлөөлөгдөж байна”. Энэ бол ХӨСҮТ-ийн гүйцэтгэх захирал Д.Нямхүүгийн хэвлэлд өгсөн хамгийн сүүлийн мэдээлэл. Түүнээс хойш тэрээр хэл чимээгүй, сураг ажиггүй болжээ. Өмнө нь шинэ сайд ирэх бүртээ л ямар нэг шалтгаанаар халчихдаг байж. Ихэнхдээ хөрөнгө мөнгөтэй холбоотой. Ялангуяа, олон улсын байгууллагын хөтөлбөрийн хүрээнд хэрэгждэг хэдэн сая ам.долларын төсөл дээр өөрсдийн хүнээ тавих гэж намайг ажлаас халдаг байсан гэж Д.Нямхүү 2018 онд телевизийн нэвтрүүлэгт орохдоо ярьж байжээ. 
Гэтэл гадны байгууллагын төсөл, хөтөлбөр хэрэгжихдээ хөрөнгө мөнгө захиран зарцуулах эрхийг Монгол талын байгууллагад олгодоггүй. Тухайн байгууллагад хэрэгцээтэй байгаа тоног төхөөрөмж, эм тариа, эмчилгээ үйлчилгээний шинэ арга барил нэвтрүүлэх, баг хамт олныг чадавхижуулах үйлчилгээг шууд үзүүлдэг. Тиймээс л мань хүний “хэрэг” цагаадаад буцаад л үндсэн албандаа томилогддог. 
Энэ удаагийн Эрүүл мэндийн сайдын эрх ашиг ч мөн л томоохон төсөл хөтөлбөртэй холбоотой гэж таамаглаж байна. Энэ оноос ХӨСҮТ-ийг Улаанбаатар хотоос гаргаж шинэ нисэхийн орчимд нүүлгэх нүсэр ажлын төлөвлөгөө эхлэхээр байсан. Манайхаас өөр улсынхаа нийслэлийн төвд халдварт өвчний төв нь байдаг улс орон дэлхийд бараг үгүй.  Одоогийн байгаа ХӨСҮТ 20 га газар, 27 байшинтай нүсэр байгууламж. Тэгвэл шинэ төслөөр бол хэдэн арван га газар бүхий маш том цогцолбор байгууламж хэдэн арван тэрбумаар бий болно. Хаана мөнгө байна тэнд эрх мэдлийн зодоон болдог гэдэг. Одоогийн байдлаар Т.Мөнхсайхан сайд асан Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцооны хамгийн том зарим төвийн удирдлагыг өөрчилж өөрийн талын хүмүүсээ томилсон гэсэн шүүмжлэл дагуулаад байгаа. Мөн ХӨСҮТ-д ч өөрийн хүнээ байршуулснаар ирээдүйд байгуулах шинэ төвөөс эхлээд олон улсын төслөөр орж ирэх олон арван сая ам.долларыг захиран зарцуулах гэсэн далд зорилго байсан уу гэдэг асуулт нээлттэй үлдэж байна. Үүний тулд л эрхэм сайд асан нэгэн цагт “багшаа” хэмээн дуудаж, хүндэлж байсан эрхэм хүнээ золигт гаргаж, бяцхан Хүрэлсүх хүүг тойрсон дүйвээнээр яаран сандран үндэслэлгүй тушаал гаргах, ямар ч буруугүй эмчийг хүчээр уучлал гуйлгуулах, ингэснээр магадгүй Засгийн газар огцрох “шалтгаан” болсон амаржсан эхийг нярайн хамт зөөвөрлөх үед гарсан алдааг өөрөөсөө бүрмөсөн зайлуулснаар шинэ Засгийн газарт үлдэх санаархалтай байсан бус уу. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.2.3 ЛХАГВА № 24 (6501)