Б.ДАМДИН-ОЧИР

Хэд хоногийн өмнө, хүний эрхийн асуудал яригдаж, эсэргүүцлийн жагсаал цуглаандаа тулсан. Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх өргөдлөө өгч огцорсон. Естой л “...Юу болоод өнгөрөв өө” гэдэг шиг юм болов. Дөнгөж төрсөн эх, нярай хоёр бол үндсэн шалтгаан биш. Гэхдээ У.Хүрэлсүхийн яагаад огцорсныг одоогоор хэн ч хэлэхгүй байна.

У.Хүрэлсүх дараагийнхаа Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг нэрлэж, тэр хүн томилогдлоо. Одоо Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар COVID19 цар тахлын халдварыг хумих, энэ тахлаас үүдсэн эдийн засгийн хямралыг гэтлэх ажлуудтай тулна. У.Хүрэлсүхийн Засгийн газрын эхлүүлсэн нефтийн үйлдвэр, төмөр замын бүтээн байгуулалтыг дуусгах, Оюутолгойн гэрээ, бусад дагалдах гэрээг Монгол Улсад ашигтайгаар өөрчлүүлэх зэрэг үндсэн томоохон ажлуудыг үргэлжлүүлнэ. Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар өнгөрсөн баасан гаригт бүрдлээ. Янз бүрийн эрх ашиг, төлөөллийн сайд нар харагдаж л байна. Хамгийн гол нь энэ Засгийн газар “Эрдэнэт үйлдвэр”-ийг дээрэлхэж, “Рио Тинто”-гоос юмаа авах ажлыг л хийж чадах юм байна.

Хэлснээ сийрүүлбэл, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдаж авчирсан Д.Эрдэнэбилэг нарыг хууль хяналтын байгууллага руу дахин чирэх бололтой юм. Мөн “Рио Тинто”-гоос алдсан “юм”-аа аваад ирэхээр сайд нар энэ Засгийн газарт багтсан байна. “...Юмаа авна” гэхээр авлига энэ тэр гэж андуураад маргаж заргалдах хэрэггүй. Оюутолгойн үр ашиг гэж хэлж байгаа юм.

АХ ЯВЖ, ДҮҮ ДЭВШИВ

Монгол Улсын  31 дэх Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

МАН-ынхан 2017 онд Засгийн газраа огцруулж, оронд нь У.Хүрэлсүхээр удирдуулсан Засгийн газрыг дахин байгуулсан. 2020 оны УИХ-ын сонгуулийг хүртэл Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн нэр хүнд тогтмол өсч, огцрох хүртлээ Монголын №1 рейтингтэй улстөрчөөр нэрлэгдэж байв. Ийм өндөр дээрээс өөрийн хүслээр “...Огцорно” гэдэг ховор үйл явдал. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр ийм алхам хийсэн үү, аль эсвэл Оюутолгойн “салхи”-нд хийсчихэв үү. Ийм байдлаар У.Хүрэлсүхийн огцорсон шалтгаан юу байсан бэ гэдгийг олон нийт ухаж байна, удахгүй ил болно гэсэн үг. У.Хүрэлсүх одоо УИХ-ын сул гишүүн, эрх баригч намын даргын албан тушаалтай үлдлээ.

Тэрээр анх гурван жил гаруйн өмнө Ерөнхий сайдаар томилогдохдоо шударга ёсыг тогтоох, хууль бус үйлдлүүдтэй тэмцэх, энэ бүхний төлөө хэний ч нөлөөнд автахгүй байх, бас хэнээс айхгүй, амь биеэ үл хайрлана гэж ярьж гарч ирсэн. Тэгж ярьсаар буув. Гэхдээ түүний нэр дээр хотын утаа багассан, нефтийн үйлдвэр, төмөр замын бүтээн байгуулалт, уул уурхайн олон орд төрийн нэртэй болсон гэсэн гурван том ажил хаяглагдан үлдэж буй юм.

 

Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Л.Оюун-Эрдэнийн хувьд хоёр Засгийн газрын ХЭГ-ын даргаар ажилласан. Гурав дахь засагт орохдоо Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд боллоо. Ерөнхий сайдын албан тушаал Л.Оюун-Эрдэнэд маш хүнд ачаатай ирж байна. Түүнийг Ерөнхий сайд болоход хүний, өөрийн намынхан улстөржилгүй дэмжицгээсэн. Тэр нь эдгээр олон асуудлыг дажгүй даваад гарчихна гэсэн хүлээлт нийгэмд байна гэсэн үг.

Харин өнгөрсөн баасан гаригт Засгийн газрынх нь сайд нар тодроход “...Энэ Засгийн газар хаа хүрэх вэ” гэдэг асуултын хариуг олон эксперт хэлнэ лээ. Тэд “...Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар “Эрдэнэт”-ийг дээрэлхэж, “Рио Тинто”-д нам тавиулна” гэж байна. Л.Оюун-Эрдэнэ ч “...Хувь хүн биш хууль засагладаг төртэй байх болно” гэж амласан. Энэ үг нь олон үйл явдлын “гарчиг”, бас хүлээлт боллоо. Мөн цар тахлыг богино хугацаанд даван туулах төлөвлөгөө, эдийн засгаа сэргээх төлөвлөгөө, дундаж давхаргыг дэмжих үндэсний шинэ тогтолцоо, шударга ёс, цахим засаглал гэсэн дөрвөн зорилтоо хэрэгжүүлэх замдаа гарлаа.

 

ОНЦГОЙ КОМИССЫГ УДИРДАХ ХАМГИЙН САЙН СОНГОЛТ НЬ С.АМАРСАЙХАН БОЛОВ

 

Шадар сайд асан Я.СОДБААТАР

2020 оны УИХ-ын сонгуульд “дүүрэн” ялаад 31 дэх Ерөнхий сайд болсон У.Хүрэлсүхийн олны санаанд хүрээгүй томилгооны нэг нь Я.Содбаатар байсан юм. Я.Содбаатар өмнө нь УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайдаар ажиллаж байхдаа ЖДҮ-гийн асуудалд холбогдож сайдын ажлаа өгч байсан. Шадар сайд болсных нь дараа “Эрдэнэт үйлдвэр”-т шахаа хийсэн гэдэг баримтууд гарч ирсэн. Түүнчлэн Я.Содбаатарын Шадар сайд болоод ахалсан анхны ажлын хэсэг нь “Эрдэнэт үйлдвэр”-ийнх байж таараад бүр баларсан. Ингэж байтал 2020 оны арваннэгдүгээр сарын 10-нд Монгол Улс COVID19 цар тахлыг дотооддоо алдсан. Одоо бүр тарж байна. Энэ бүхнийг түүний удирдлага, зохион байгуулалт муу байсантай холбоотой гэх хүн олон байдаг. Ер нь бол Я.Содбаатар Шадар сайдаар томилогдсоноосоо хойш ажил ч ихтэй, хэл ам ч арвинтай байсаар огцорсон.

 

Шадар сайдС.АМАРСАЙХАН

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын тун дажгүй сонголтын нэг нь Шадар сайдаар С.Амарсайханыг томилсон явдал юм. Түүний төрийн, улс төрийн ажлын туршлага гэвэл Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-нд консулын ажилтан, атташе, НИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, 2020 оноос УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар ажиллаж байв. С.Амарсайханы хувь улстөрчийн араншин, Хотын даргаар ажиллаж байхдаа бий болгосон идеал нь энэ албанд томилогдоход нэмэр түшиг болсон нь дамжиггүй. Энэ Засгийн газрын хамгийн эхний, хамгийн хүнд болох COVID19 цар тахлыг гэтлэхэд С.Амарсайханы үүрэг маш их байх болно. Тэр хэрээр түүнийг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын хувиар сайн ажиллана гэсэн хүлээлт нийгэмд байна.

ХҮНДЭТ ДҮҮГИЙН УРИЛГААР ХҮРЭЭД ИРЖЭЭ, ТЭР

ЗГХЭГ-ын дарга асан Л.ОЮУН-ЭРДЭНЭ

2020 оны УИХ-ын сонгуулиар Хэнтий аймгаас хоёр дахь удаагаа сонгогдсон Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын “гал тогоо”-г хоёр жил барьсан. Ингэж ажиллахдаа “Эрдэнэт үйлдвэр”-ийн хувийн компанийн худалдаж авсан 49 хувийг төрд авч, ТӨҮГ болгосон. “E-MONGOLIA” хөтөлбөр нь амжилттай хэрэгжиж эхэлсэн. Бас “Алсын хараа-2050” хөтөлбөрийг боловсруулж УИХ-аар батлуулсан. Мөн сүүлийн нэг жилд ЗГХЭГ-ын даргын хувиар “Рио Тинто”-той хэлэлцээр хийх ажлын хэсгийг ахалсан. “Рио Тинто” татварын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөлгүй Арбитрын шүүхэд хандсан. Манайх бас дутаагүй. Олон улс дахь зэрэглэлээрээ эхний тавд багтдаг томоохон хуулийн фирмтэй хамтарч ажиллаж байгаа юм байна. Түүнчлэн Л.Оюун-Эрдэнэ “Рио Тинто”-д Дубайн гэрээг цуцлах саналыг тавьчихаад байгаа юм.

ЗГХЭГ-ын дарга Ц.НЯМДОРЖ

Ц.Нямдорж Монголын хамгийн хөдөлгөөнтэй улс­төрчдийн нэг. Тэрээр Л.Оюун-Эрдэнээс урилга авч Засгийн газрын “гал тогоо”-г барьж эхэллээ. Тэрээр “Эрдэнэт”-ийн 49 ху­вийн асуудал, эрүүдэн шүү­сэн хэргийг нэг тийш болгох үүрэгтэй ирсэн гэж буй. Түүнчлэн ЗГХЭГ-ын даргын хувиар Оюутолгой төслийг Монголд ашигтайгаар эргүүлэх асуудлаар “Рио Тинто”-тай хэлэлцээр хийх Засгийн газрын ажлын хэсгийг ахална.  Гэтэл “...Ц.Нямдорж бол “Рио Тинто”-г хамгаалагч” гэж яриад эхэллээ. Үнэхээр ч Ц.Нямдорж 2019 оны арваннэгдүгээр сард хэвлэлд “...Дубайн гэрээг хүчингүй болговол юу болох вэ. Оюутолгойн гэрээг зогсоовол хэн хожих вэ. Хамгийн аюултай нь Монгол Улс ганцаардана. “Рио Тинто” компани дэлхийн хоёр номерт зогсдог компани. Энэ компанийн ард Английн хатан хаан, Европын холбоо байдаг. Хүч тэнцвэргүй маргаанд Монгол Улс орвол яах вэ” гэж байсан юм.

 

Д.САРАНГЭРЭЛИЙН САЙДЫН СУУДАЛД “САРАНГЭРЭЛ” ГЭВ ҮҮ

 

БОАЖ-ын сайд асан Д.САРАНГЭРЭЛ

У.Хүрэлсүхийн эхний Засгийн газарт Эрүүл мэндийн сайдаар ажилласан Д.Сарангэрэл 2020 оны сонгуулийн дараагаас БОАЖ-ын сайдаар ажилласан. Монголд COVID19 цар тахал дэгдээгүй байх үед Д.Сарангэрэлийн нэр хүнд чухамдаа л хаданд гарсан. Сайн удирдсан гэж дүгнэсэн хэрэг. Тиймээс 2020 оны сонгуулиар айхтар “булгисан” Хан-Уулынхан Д.Сарангэрэлээс саналаа харамлаагүй. Гэвч түүний “...Эмнэлгүүд бэлэн байдлыг бүрэн хангасан” гээд байсан нь сая үгүйсгэгдлээ. Өргөө амаржих газарт тусгаарлах өрөөгүй учраас дөнгөж төрсөн эх, нярай хоёрыг ХӨСҮТ рүү зөөх гэж юу болгов доо. Ерөөсөө л эмнэлгүүд халдварын голомт болчихсон нь Д.Сарангэрэл  Эрүүл мэндийн сайд байхдаа юу хийсэн бэ гэж асуухад хүргээд байна.

Харин Д.Сарангэрэл БОАЖ-ын сайдаар томилогдоод ажил авсан даруйдаа НҮБ, ДЭМБ, ЖАЙКА, Швейцарийн хөгжлийн агентлаг гэсэн олон улсын томоохон байгууллагын төлөөлөл, Монгол Улсад суугаа Элчин сайд нарыг хүлээн авч уулзан, цаашдын хамтын ажиллагааныхаа чигийг гаргачихсан гэж үнэлэгддэг.

 

БОАЖ-ын сайд Н.УРТНАСАН

Сэтгүүлч мэргэжилтэй сайд. Бас мэргэжлээрээ ажиллаж ирсэн. Бас бизнес хийж иржээ. Энэ салбарт төрийн бус байгууллагаар дамжуулан ажиллаж байсан гэх юм билээ. Өөрөөр хэлбэл, Н.Уртнасангийн байгаль орчныг салбарт ажиллах туршлага, мэдлэг гэхээсээ улс төрийн нөлөөлөл нь их яригдаж байна. Тэрээр МАН-ын эмэгтэйчүүдийн байгууллагад удирдах албан тушаалд ажиллаж ирсэн.

Өмнөх сайд Д.Сарангэлтэй ойр гэгддэг. Мөн УИХ-ын Ч.Ундрамын хэвлэлийн ажлыг хариуцдаг байсан гэх мэдээлэл яригдаж байна. Харин Засгийн газар нь түүний хариуцсан салбар дээр “...Цар тахлын дараа хамгийн хурдтай сэргэх салбар бол дэлхийд аялал жуулчлалын салбар гэдэг нь ойлгомжтой. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэгчлэн Монголд ирэх гадаад жуулчдад үүсдэг бэрхшээл, хүнд суртал, хариуцлагагүй байдлыг арилгаж, цахим Элчин сайдын яам байгуулах, цахим виз олгох, агаарын тээврийг  либералчлах асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэнэ” гэдэг бодлого тавьчихаад байна.

 

ЧИМЭЭГҮЙ “БАРИЛГАЧИН”-ЫГ ҮЛДЭЭЖЭЭ

Барилга хот байгуулалтын сайд Б.МӨНХБААТАР

Б.Мөнхбаатар өөрөө дуу чимээ багатай ч нэр нь томилгооны гадуур үлдэлгүй өнөөдрийг хүрч байгаа юм. Үүнийг баталж, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт сайдаараа үлдлээ. 2017 онд У.Хүрэлсүхийн Засгийн газрын БХБ-ын дэд сайд болж, 2020 олны сонгуулийн дараах Засгийн газарт нь яг л энэ замаараа сайд болж байв. Тэрээр цэвэрлэх байгууламж, “Майдар” хот төслийг үргэлжлүүлэх үүрэгтэй. Б.Мөнхбаатар сайд үүргээ маш сайн гүйцэтгэж, дээрх томоохон төслүүдийг амжилттай урагшлуулсан. Энэ нь дэд сайдаар ажиллаж байсных нь сайн тал байж мэднэ. Мөн иргэдийн орон сууц, түүнийг дагадаг ипотекийн зээл хэмээх мөнхийн сэдэв Б.Мөнхбаатарыг зовоож буй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрынхаа дөрвөн зорилтыг танилцуулахад “...Ирэх гурван жилийн хугацаанд “Залуус 1, 2, 3 хороолол”-ыг нэгдсэн зургаар барих ажлыг өрнүүлж, орлогод нийцсэн орон сууцны шинэ санхүүжилтийн загварыг Хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоонд шилжих замаар шийдвэрлэнэ” гэж мэдэгдсэн. Энэ нь Б.Мөнхбаатар сайдын шууд хариуцах ажил гэсэн үг.

 

ГЕНЕРАЛ Г.САЙХАНБАЯР ШИНЭЧЛЭЛИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ

Батлан хамгаалахын сайд Г.САЙХАНБАЯР

-Нутаг ус яривал өмнөх болоод одоогийн Ерөнхий сайдтай ойр гэдэг нь харагдана. Гэхдээ Бригадын генерал Г.Сайханбаярыг батлан хамгаалах салбарын хууль эрх зүйн шинэчлэлтэй гарцаагүй холбоотой гэдэг. Салбарынхаа ачааны хүнд, асуудлын цөмтэй ажилладаг гэж үнэлдэг. Тэрээр сайд болсныхоо дараа Цэргийн албаны тухай хуулийн өөрчлөлтийн төсөл дээр  ажилласан. Энэ хууль нь гарснаар хугацаат цэргийн албаны орчин нөхцөл сайжрах, залуус цэргийн албанаас зугатах биш зорьж ирж хаадаг орчин бүрдэхээр болсон. Мөн Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт оруулах төсөл дээр нэлээд чамбай ажилласан. Энэ хуулийг хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хамт УИХ-ын чуулганы  2021 оны нэгдүгээр сарын 28-ны нэгдсэн хуралдаанаар эцэслэн баталсан. Хуульд нэмэлт оруулснаар Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн хөрөнгийн эх үүсвэр нэмэгдэж, Зэвсэгт хүчний хөгжилд бодитой үр дүн үзүүлэх ач холбогдолтой болжээ.

Л.ЭНХ-АМГАЛАН ИРСЭН Ч Л.ЦЭДЭВСҮРЭН ЯВСАНГҮЙ

БШУ-ы сайд асан Л.ЦЭДЭВСҮРЭН

Уг нь Л.Цэдэвсүрэн яамандаа маш удаан ажилласан. Тэр утгаар нь харвал меритээр өгсөж сайд болсон гэж харагдана. Гэхдээ сайдаар ажилласан хагас жилийг Л.Цэдэвсүрэн ашиглаж чадаагүй. Салбар шигээ асуудалтай байсаар буулаа.  Л.Цэдэвсүрэн сайд их, дээд сургуулийн хичээлийн хөтөлбөрөөс Монголын түүх, хэл бичгийн хичээлийг хасах шийдвэр гаргасан нь баахан шүүмжлэл дагуулсан. Өнгөрсөн намар Өвөрмонголд хос бичгийн төлөөх тэмцэл гарч, монголчууд дэмжсэн. Энэ асуудалд Боловсролын сайдын хувиар ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй. Гэтэл дээрх шийдвэрийг гаргачихсан.  Мөн тэрээр хүүхэд харах үйлчилгээ хэрэгжихгүй хэмээн мэдэгдсэн. Гэтэл удалгүй Засгийн газраас хүүхэд харах үйлчилгээг хэрэгжүүлэхээр зарласан. Түүнчлэн Олон улсын хөтөлбөртэй сургуулиудын тоог үе шаттайгаар нэмэгдүүлнэ, ингэхдээ орон нутгийн зургаан сургуульд нэвтрүүлэх туршилтыг хийнэ гэчихэв. Гэвч Кембрижийн хөтөлбөртэй холбоотой асуудал парламент дээр нэлээд асуудал дагуулсан. Энэ мэт ороо бусгаа байсаар огцорсон доо.

БШУ-ы сайд Л.Энх-Амгалан

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын даацтайхан сайд нарын нэгээр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланг нэрлэж болно. Түүнийг БШУ-ы сайдаар томилсон. Мэдээллийн технологийн инженер-эдийн засагч мэргэжилтэй Л.Энх-Амгалан Монцамэ агентлаг, Ил товчоо сонинд хариуцлагатай нарийн бичгийн дарга, “Интерпресс” ХХК-ийн ерөнхий захирал, “Эм Си Эс” группын Тэргүүн дэд ерөнхийлөгч, “Юнител” группын Захирлуудын зөвлөлийн дарга, Ерөнхий сайдын зөвлөх, УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд даргаар ажиллаж байв.

Түүний өмнө байгалийн баялагтаа өртөг шингээх шинжлэх ухаан, технологи, инновацийн хөгжлийг хурдасгах ажил байна. Мөн Л.Энх-Амгалан сайд монгол хүн болж төлөвших сургалтын багц, монгол хэл, бичгийн төгс хэрэглээ, хот, хөдөөгийн сургалтын чанар,  их дээд сургуулийг нэгтгэж өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, англи хэлийг хоёрдагч хэл болгож, дэлхийн иргэд бэлтгэх  зэрэг асуудлыг онцгой анхаарах ёстой. Түүнчлэн Боловсролын шинэчлэлийн багц хуулийг УИХ-ын  хаврын ээлжит чуулганаас өмнө өргөн барихад онцгой үүрэгтэй оролцоно.

“ГАЛ”-ААС ЗУГТДАГ Н.ЭНХТАЙВАНЫ ОРОНД АМАА МЭДДЭГГҮЙ Б.БАТЦЭЦЭГ ИРЭВ

Гадаад харилцааны сайд асан Н.ЭНХТАЙВАН

-Н.Энхтайван УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны даргаар ажиллаж байгаад Гадаад харилцааны сайд болж дэвшсэн. Тэрээр 2020 оны есдүгээр сарын дундуур БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И манай улсад гэнэт айлчлах үеэр “Монгол, Хятад улс бие биенийхээ хэрэгт хөндлөнгөөс үл оролцох зарчмыг баримталж ажиллана” гэж БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И-д хэлээд явуулсан юм.

Энэ нь “Гадаад харилцааны сайд шууд бусаар монгол бичгийг хэрхэх нь бидэнд хамаагүй гэсэн Монгол Улсын байр суурийг илэрхийллээ” гэж шүүмжлүүлсэн. Үүнээс 14 хоногийн дараа Н.Энхтайван сайд “Саарал жагсаалтаас Монгол Улсыг гаргасан шийдвэрийг Европын холбооны Сангийн сайд нар энэ аравдугаар сарын 6-нд гаргав” гэж мэдэгдэв. Гэтэл манай улс ФАТФ-ын саарал жагсаалтад бичигдчихээд байв. Үүнээс бусдаар Н.Энхтайван Гадаад харилцааны сайдын албан дээр нам жим байж байгаад буулаа. Энэ хооронд COVID19 цар тахлын улмаас гадаадад гацсан монголчуудын асуудлаар ч “гал” авч байгаагүйг дурдах хэрэгтэй.

Гадаад харилцааны сайд Б.БАТЦЭЦЭГ

Одоогоос хоёр жилийн өмнө Б.Батцэцэг Гадаад харилцааны дэд сайдаар ажиллаж байв. Тэр үедээ маш ноцтой алдаа гаргасан. ШХАБ-тай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлсэн юм. Тэгэхдээ “...Хоёр хөрш гүрэн маань биднийг эрхшээлдээ оруулъя гэж үнэхээр бодож байгаа бол ШХАБ-аар дамжуулах хэрэггүй. ШХАБ-тай ШХАБ-гүй үүнийгээ хэрэгжүүлэх боломжтой улсууд. Харин ч том тоглогчтой хоёулхнаа байх тохиолдолд шахалтад орох магадлал байдаг” гээд туучихсан. Баларсан.

Ер нь бол энэ ярианы утга нь Монгол Улсын тусгаар тогтнолыг үгүйсгэчихсэн хэрэг л дээ. Гэвч тэр дэвшээд сайд болжээ. Одоо Б.Батцэцэг сайдыг олон ажил хүлээж байна. Нэн түрүүнд гадаадад гацсан монголчуудаа хэл амгүй татах асуудалд гар бие оролцох ёстой. Ойрын үеийн нислэгийн хуваарь нь ч гарсан харагдсан. Засгийн газар энэ сард  Сөүл, Токио, Истанбулаас 850 орчим иргэнээ авчрахаар төлөвлөсөн байна билээ. Ер нь гадаад харицааны салбар бол Монгол Улсын нүүр царай, хэл, бүх зүйл нь гэдэг. Тэгэхээр сайдын амнаас бодолтой, боловсролтой үг унаж байх ёстой.

“АЖИЛСАГ ЗӨГИЙ” ЗАМУУДАА БАРЬЖ ДУУСГАНА

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР

Улирч үлдсэн Л.Халтар сайдын хувьд зам тээврийн салбарын, мэргэжлийн хүн. Цэвэрлэгчээс ажлын гараагаа эхлүүлж, сайд болтлоо дэвшсэн. Салбараа маш сайн мэднэ. “Ажилч зөгий шиг” гэж салбарынхан нь ярьдаг. Зүгээр суудаггүй нэгэн аж. Тэрээр сайд болсноосоо хойш төмөр замын бүтээн байгуулалтад анхаарал илүүтэй тавьсан. Дарханы зам гэж нэг Зам тээврийн сайд нарын шүдний өвчин бий. Л.Халтар сайд түүнд ч бас дайруулсан. Тэрээр сайд болоод  төмөр замын бүтээн байгуулалтаас гадна Өмнөговь аймгийн чиглэлд “Анхны тусламж”-ийн цэгийг байгуулж, Орхон аймагт “Тээвэрчин” төгөлийг сэргээсэн. Ирэх жилүүдэд их ажил хүлээж байна. Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг яаралтай барьж дуусгах зорилтыг Засгийн газарт нь тавьчихсан. Мөн автозамын төслүүдийг, тэр дундаа хилийн боомтууд болон аялал жуучлалын замыг тавихаар төлөвлөжээ. 

УЛСТӨРЖДӨГ САНГИЙН САЙД ЯВЖ БАНКИР ИРЭВ

Сангийн сайд асан Ч.ХҮРЭЛБААТАР

У.Хүрэлсүх Ерөнхий сайд болоод Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаараа ажиллуулсан. Тэрээр 2017 оноос хойш Сангийн сайдаар ажилласан. Түүнийг томилох У.Хүрэлсүхэд хүнд байсан биз. Учир нь Ерөнхийлөгч түүнийн нэг нүдээрээ ч харахгүй. Томилогдох бүрт нь ах дүү нартайгаа нийлж Солонгос руу зарсан гэгддэг “Хотгор шанага”-ын асуудал буосч ирдэг. Ч.Хүрэлбаатар өөрөө болохоор “...Би тэгээгүй” л гэдэг.  Өнгөрсөн хугацаанд Ч.Хүрэлбаатарын гол PR нь “...Бондын өрийг төлөө”, бас “...Бонд босгож өрөө дарлаа” гэдэг дээр явдаг. Үүнээс гадна ФАТФ-ын саарал, Европын Холбооны хар жагсаалтад “..Орлоо, гарлаа” гэж баахан бичүүлсэн.  Ер нь Ч.Хүрэлбаатар хувь улстөрчийн хувьд зөрчил ихтэй. Гэхдээ Сангийн яамыг муугүй удирдсан гэдэг үнэлэлтийг мэргэжилтнүүд хэлдэг.

Сангийн сайд асан Б.ЖАВХЛАН

УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдсон Б.Жавхланг Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхтэй маш ойр, садан төрлийн холбоотой гэсэн мэдээлэл явдаг. 2016 оноос УИХ-д орж ирсэн. Сая УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж байв. Б.Жавхлан мөн л энэ Засгийн газрын ачааны хүндийг үүрнэ.

Монгол Улсын гадаад өр талийсан. Энэ жилээс их хэмжээний өр төлөх хуваарьтай. Ам.доллар, бусад валютын ханш тэнгэрт тулсан. Мөн Б.Жавхлан Засгийн газрынхаа гол зорилт болгосон Үндэсний баялгийн сан байгуулах, орлогод нийцсэн орон сууцны шинэ санхүүжилтийн загварыг Хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоонд шилжүүлэх зэрэг томоохон ажлуудыг амжуулах үүрэгтэй.

“МАНЖИЙН ТҮҮХ”-ИЙН ОРОНД “НОЁН УУЛ”

Соёлын сайд асан С.ЧУЛУУН

Түүхч С.Чулуун шинээр байгуулагдсан Соёлын яамыг толгойлсон. Зургаан сар сайдаар ажиллаад буув. Шинэ тутам байгуулагдсан яамыг хөл гарыг нь олуулах ажил ярвигтай байсан нь мэдээж. “Соёлын цаг” акцыг дүүрэг бүрт зохион байгуулж, иргэдэд ойртож үйлчлэхийг хичээсэн. Гэвч тэр нь бүтэлгүйтэж урлаг, соёлоо гудамж руу түлхэн гаргасан хэрэг болж хувирсан. Буухаасаа өмнө амжаад Киноны хууль, Музейн хуулийг батлуулж чадсан. Гэхдээ С.Чулуунд өөрт нь асуудал нэлээд байв. Манжийн үеийн түүхийг Хятадад өгсөн гэх тааруухан асуудалтай нэр холбогдсон. Бас салбарын эрдэмтэд нь соёлын өв хулгайлдаг, бусад эрдэмтдийн бүтээл хулгайлсан хэмээн шүүмжилсээр байсан. Мөн тэрээр Ерөнхийлөгчтэй маш ойр байсан Асашёорюү Д.Дагвадоржоос Улсын циркийг, Д.Сосорбарамаас “Ард” кинотеатрыг буцааж авна гэж хэсэг яриад таг болсон. 

 

Соёлын сайд Ч.НОМИН

“Гацуурт”-ын Л.Чин­батын охин Номин Соёлын сайдаар томилогдсон нь энэ Засгийн газрын талаар элдвийг ярих сэжим болж өгсөн. Ч.Номин нь  Кембриджийн коллеж, Зүүн Английн Их сургууль, Хар­вардын Бизнесийн сургууль төгссөн. Эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэй. 2008-2011 онд “Тэрэлж Сүйх” ХХК-ийн захирал, 2011 оноос одоог хүртэл “Монгол телевиз” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байжээ. Түүнийг томи­лог­доход сөрөг гэмээр мэдээллүүд нэлээд хөвөр­сөн. Тухайлбал, “Соё­лын үнэт өв Ноён уулыг аавынх нь компани ухсан” гэж яригдаад авна лээ.Ч.Номингийн хувьд Зас­гийн газрынх нь дөр­вөн зорилтод багтсан “...Бахархам түүх, баялаг соёлынхоо өв уламжлалд түшиглэн бүтээлч эдийн засгийн салбарыг хөгжүүлнэ. Соёлын яам­ны менеж­ментийг шинэ түвшинд гаргаж, соёл, урлаг, кино урлагийг дэл­хийн түвшинд гаргаж, эдийн засгийн үр өгөөжтэй бол­гох” ажилд гар бие оролцоно гэсэн үг.

АМНААСАА Л БОЛОХГҮЙ БОЛ АЙХТАР САЙД

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.НЯМБААТАР

У.Хүрэлсүхийн Засгийн газраас Л.Оюун-Эрдэнийх рүү “улирч” суусан цөөхөн сайдын нэг нь ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар. Сул гишүүн байхаасаа нийгмийн сүлжээний идэвхтэй нэгэн байж ирсэн. Өөрөөр хэлбэл Х.Нямбаатар сошиалыг шуугиулж, нийгэмд дуулиан тарьж, улс төрийн хэрүүл уруултай байнга холилдож явдаг хүн. Хэнтийнх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй бараг садан төрлийн холбоотой гэгддэг.

ХЗДХ-ийн сайд гэдэг Засгийн газрын гаргаж буй бүх шийдвэрийн хууль зүйн хариуцлагыг хүлээх үүрэгтэй.

Тэр утгаараа Ерөнхий сайдынхаа дэвшүүлсэн зорилтуудын нэг болох шударга ёсыг тогтоох, авлигатай тэмцэхэд Х.Нямбаатар баруун гар нь болж ажиллана гэсэн үг. Тодруулбал, энэ Засгийн газар Шүгэл үлээгчийг хамгаалах тухай, Улс төрийн намын санхүүжилтын тухай, Төрийн албаны ёсзүйн тухай хуулийг олон улсын жишигт нийцүүлэн боловсруулж, Авлигын эсрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар төрийн байгууллагын албан тушаалтнууд, орлогоосоо давсан хэрэглээтэй эсэх, хөрөнгө орлогын мэдүүлгээ буруу мэдүүлж байгаа эсэхийг бүртгэлжүүлэн цэгцлэх эрхзүйн орчныг бүрдүүлнэ гэж байгаа юм. Ер нь тэр амнаасаа л болохгүй бол ажилтай сайд.

А.АРИУНЗАЯАГААС ЖИНХЭНЭ АЖЛЫГ ШААРДАНА

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.АРИУНЗАЯА

П.Жасрай сайдын зээ охин А.Ариунзаяа ХНХ-ын сайдаар хоёр дахиа томилогдлоо. МАН-д ажилласан, сүүлд ҮСХ-ны даргаар ажиллаж байгаад У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газарт орж ирж байлаа. Ажлынх нь талаар тодорхой амжилтыг одоо ярихад эрт. Ямар ч байсан энэ салбарыг сайн мэддэг хүмүүст шүүмжлүүлдэг. Тэгэхээр өөртөө дүгнэлт хийгээд ирэх сар, жилүүдэд амжилттай ажиллаж, хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарт өөрийн гэсэн мөрөө үлдээх биз ээ.

Нэг зүйлийг зөвлөхөд цахим сүлжээнд хааяа үзэгддэг төрийн тамгыг төрсөн өдрийн мэндчилгээнд дардаг зэрэг нь байж боломжгүй үйлдэл юм. Хичээх биз ээ. Одоо тэр шинэ Ерөнхий сайдынх нь зорилт болгож тавьсан дундаж орлоготой иргэдийг дэмжих үндэсний тогтолцоог бүрдүүлэхэд халамжаас хөдөлмөрт шилжих, эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн зах зээлд дэх оролцоог нэмэгдүүлэх, дундаж орлоготой иргэдийг дэмжиж үндэсний цоо шинэ тогтолцоонд шилжихэд идэвхийлэн ажиллах шаардлагатай.

Г.ЁНДОН ДАХИН ЁНДООРЛОО

УУХҮ-ийн сайд Г.ЁНДОН

У.Хүрэлсүх 2020 оны УИХ-ын сонгуульд ялж 31 дэх Ерөнхий сайд болоод Г.Ёндонг УУХҮ-ийн сайдаар томилсон. Тэр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт үлдэж чадлаа. Хүмүүс “...Г.Ёндон дахин ёндоорлоо” гэцгээж байна. Г.Ёндон уул уурхайн салбар харьцангуй чимээгүй болсон хойно сайд болсон юм. Өмнөхөн нь Тавантолгойн IPO гээд бужигнадаг байлаа. Гэвч мань сайдын хүүхдийн сургалтын төлбөрийг “Монголсросцветмет” төлчихсөн нь ил болж хэсэг шуугиулсан. Дүнд нь Г.Ёндон сайд олны танил болсон. Харин тэр ирэх жилүүдэд хамгийн ихээр ажилд дарагдана. Шинэ Засгийн газар нь аж үйлдвэрийн IV хувьсгал хийнэ гэж байна. Уул уурхайн салбарын орлогыг илүү өгөөжтэй байлгаж, байгалийн баялгийг шударга хүртээмжтэй хувиарлахын тулд Үндэсний баялгийн сан байгуулна. Уул уурхайн стратегийн орд газруудын шууд өгөөжийг сайжруулна. Газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулна гэсэн зориултууд бий. 

У.ХҮРЭЛСҮХЭД ӨГСӨН АМЛАЛТАА Л.ОЮУН-ЭРДЭНЭД БИЕЛҮҮЛЖ ӨГНӨ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.МЭНДСАЙХАН

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргаар томилогдоод удаагүй байсан З.Мэндсайхан 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа У.Хүрэлсүхийн Засгийн газрын ХХААХҮ-ийн сайдаар томилогдож байв. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт улирч үлдлээ. Тэрээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд “Атар-4” аян хэрэгжүүлж, дотооддоо сүүний үйлдвэрлэлийг 200 сая литрт, гурилаар дотоод хангаж, гадаадад экспортлох, өндгийг 90 хувьд, төмсийг 100 хувьд хүргэх, махны экспортыг  гурав дахин нэмэгдүүлэх, Дарханд арьс ширний цогцолборыг ашиглалтад оруулах, Ховд аймагт  үйлдвэрлэл, технологийн парк, ноос, ноолуур боловсруулах хүчин чадалтай үйлдвэр ашиглалтад оруулна гэсэн төсөл танилцуулж байв. Одоо З.Мэндсайхан сайд шинэ Засгийн газрынхаа импортыг орлох, экспортын баримжаатай хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн цоо шинэ тогтолцоог яаралтай бүрдүүлэх, малын түүхий эдийг боловсруулах үйлдвэр болон тээвэрлэлтийн суурь төвүүдийг үе шаттай барьж байгуулах зорилтыг биелүүлэхэд ханцуй шамлан орохоор болж байна.

ТАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦЫН АЖЛЫГ Н.ТАВИНБЭХ ЭХЛҮҮЛНЭ

Эрчим хүчний сайд Н.ТАВИНБЭХ

У.Хүрэлсүхийн танхимаас улирч үлдсэн цөөхөн сайдын нэг нь Эрчим хүчний сайд Н.Тавинбэх юм. Тэр мэргэжлийн хүн. Олон таван улс төр байхгүй. Сайд Н.Тавинбэх Оюутолгойн уурхайн зарим хэрэглээг төвийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс хангах ажил, Чойбалсангийн дулааны цахилгаан станцын хүчин чадлыг 50 МВт-аар өргөтгөх төслийн барилга угсралтын ажил, Нийслэлийн зүүн бүсэд сайжруулсан түлшний үйлдвэр барих ажил, Ховд аймгийн Мянгад суманд 10 МВт-ын хүчин чадалтай Нарны цахилгаан станц барих барилга угсралтын ажлыг эхэлсэн.  Мөн “Дулааны IV цахилгаан станц” ТӨХК-ийн Турбоагрегат №2-ын барилга угсралтын ажлыг дуусгаж, ашиглалтад оруулсан. Өмнөх Засгийн газрынхаа хамгийн хүнд ачааг өнгөрсөн оны сүүлчээс эхлээд үүрсэн. Энэ оны долдугаар сарын 1-нийг хүртэл бүх айл, зарим аж ахуйн нэгжийн цахилгаан дулааны үнийг чөлөөлснөөр эрчим хүчний салбарынхан их ажилд дарагдсан. Энэ үүргээ сайн биелүүлж яваа. Одоо Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрын зорилт болгож тавьсан Тавантолгойн цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг яаралтай дуусган, V цахилгааны станцын ажлыг эхлүүлэх ажил Н.Тавинбэх сайдын өмнө байна.

ОНГИЧУУЛАХ ДУРГҮЙ ЭМЯ-ЫГ “БИТҮҮ МОРЬ” ТОЛГОЙЛНО

Эрүүл мэндийн сайд асан Т.МӨНХСАЙХАН

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан салбартаа, бас нийгэмд хамгийн өндөр үнэлгээтэй байлаа. Менежмент сайтай, “гар хүрсэн” ажлаа амжилттай дуусгадаг гэгдэж байв. Сайн ч ажиллаж байсан. Т.Мөнхсайхан сайд болоод олон ажил хийсэн, эхлүүлсэн. Мөн салбарын хуулиудад орох нэмэлт, өөрчлөлтийг УИХ-ын ээлжит бус чуулганаар батлахад түүний оруулсан саналаар эрүүл мэндийн салбарын эмч, ажилчид гүйцэтгэлээрээ цалин, урамшууллаа авах боломж нь бүрдсэн байдаг. Гэвч ийм албан тушаал хаших туршлага, улс төрийн нөлөө гэдэг хоёр асуудал дээр бүдэрсэн. Учир нь эрүүл мэндийн салбарт бугшсан “идээ бээр”-ийг хагалж эхэлснээр “дайсан”-ууд нь босч, нүдсээр байгаад буулгасан.

Эрүүл мэндийн сайд С.ЭНХБОЛД

Олон хүн энэ яам руу зүтгэсэн ч огт яригдаж байгаагүй, Улсын II эмнэлэгийн захирлаар ажиллаж байсан С.Энхболд томилогдчихов. “Битүү морь” гэсэн үг. 2007-2019 онд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Дүрс оношил­гооны төвийн дарга, 2019 оноос Улсын хоёрдугаар төв эмнэлгийн захирлаар ажиллажээ. Тэр хүнд ачаа үүрлээ. Шударга нь дэндвэл Т.Мөнхсайхан шиг хувь заяа хүлээж байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ Засгийн газрын тэргүүнийхээ зорилт болгож тавьсан иргэн бүрийг жил бүхэн бүрэн оношлогоонд хамрагддаг тогтолцоонд алдалгүй шилжүүлж, ирэх дөрвөн жилийн хугацаанд Эрхтэн шилжүүлэн суулгах үндэсний төв, Зүрх судасны үндэсний төв, Түлэнхийн төв, Хавдар судлалын үндэсний төвийг шинээр барих ажилд анхаарлаа хандуулж таарна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.2.2 МЯГМАР № 23 (6500)