Т.САЙХАН
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар бүрдсэний дараагаар Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ сайд нарыг хүлээн авч уулзав. Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг хариуцлагагүй худал мэдээлэл чуулганы танхимд илэрхийлсэн хэмээн Ерөнхийлөгч Х.Баттулга шүүхэд өгөхөө мэдэгдлээ.
2021.01.21 УИХ-ын чуулганы танхимд
Х.Нямбаатар: Төрийн ордны гурван давхарт шүүгч нар ирж, Ерөнхийлөгчөөс даалгавар авдаг байсан шүү
-Шударга бусын хонгилыг нураахын тулд шүүхийн тухай хууль, авилгын эсрэг хуулиудыг шинэчлэн батлах ажлыг Засгийн газар хамтдаа хийлээ. Ерөнхийлөгчид төвлөрсөн эрх мэдлийг салгах үйл явц амаргүй байлаа. Ерөнхийлөгчийн зүгээс шүүхийн тухай хуулиа тат гэдэг шахалтыг надад удаа дараа тавьж байсан. Төрийн ордны зүүн жигүүрийн гурван давхарт шүүгч хүн ирж, хэнд хэдэн жилийн ял өгөх вэ гэдэг даалгавар авдаг байсан шүү. Энэ байдлыг халах гэж бид Ерөнхийлөгчийн шахалтын эсрэг явж, иргэдийнхээ хараат бус, шударга шүүхээр шүүлгэх үндсэн эрхийг улам бататгаж өгсөн. Сүхбаатарын талбай дээр болсон жагсаал ард түмний эвлэлдэн нэгдэж, дуу хоолойгоо хүргэх гэсэн алхам байсан. Харамсалтай нь энэ жагсаалыг улстөрийн зорилгоор ашиглаж, үндэсний эв нэгдлийг сарниулах оролдлого гарсан гэдгийг Хууль зүй, дотоодын хэргийн сайдын хувиар хариуцлагатай мэдэгдэж байна.
2021.01.29 Ерөнхийлөгчийн өрөөнд
Х.Баттулга:Та Монгол Улсын сайд болохоос МАН-ын сайд биш
-Хууль зүйн сайд яагаад улстөржөөд байна вэ? Яагаад Монгол Улсын Ерөнхийлөгчийг УИХ-ын чуулганы танхимаас худлаа гүтгээд байна вэ. Үүнийгээ тайлбарлах ёстой шүү. Би өөрийг чинь шүүхэд өгнө. Би яахаараа Төрийн ордны гурван давхраас хүмүүст ял өгөөд сууж байдаг юм бэ. Хууль зүйн сайд ийм юм ярьж болохгүй. Чи Монгол Улсын Хууль зүйн сайд болохоос биш Монгол Ардын намын Хууль зүйн сайд биш. Чи залуу хүн. Хууль зүйн салбар бол улс орны тархи толгой болсон том салбар. Чи эхний алхмаа улстөржилтөөс эхлэвэл ажил чинь явахгүй. Бид өмнө нь олон удаа уулзаж, Монгол Улсаа хөгжүүлэх талаар ярьж байсан биз дээ. Тэр уулзалтуудын үр дүн хаана байна вэ. Энэ бодлоо цэгцэлж, нэг тийш болго. Ерөнхий сайдтайгаа зөвлө. Ард түмнээсээ уучлалт гуй” хэмээн анхааруулав.
Уулзалтын үеэр Х.Нямбаатар сайд ямар нэгэн байр суурь илэрхийлсэнгүй, толгойгоо тохисоор гарч ирэв.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.2.1 ДАВАА № 22 (6499)