Т.БАТСАЙХАН
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн баасан гаригийн чуулганд танхимын сайд нараа танилцуулав. Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ендон, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нар улиран ажиллахаар болов.
Харин Шадар сайдаар С.Амарсайхан, ЗГХЭГ-ын даргаар Ц.Нямдорж, БОАЖ-ын сайдаар Н.Уртнасан, Сангийн сайдаар УИХ-ын гишүүн Б.Жавхлан, ГХ-ны сайдаар Б.Батцэцэг, Соёлын сайдаар Ч.Номин, Эрүүл мэндийн сайдаар II эмнэлгийн дарга асан С.Энхболд, БШУ-ны сайдаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нарыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санал болгож, УИХ дэмжсэнээр сайд нар тангараг өргөн, үүрэгт ажилдаа орлоо.
Л.Оюун-Эрдэнийн сайд нарын “сонголт” олон нийтийн таамгийг эвдсэн гэхэд болно. Тухайлбал, ЗГХЭГ-ын даргаар УИХ-ын гишүүн асан Ц.Нямдоржийг “урьжээ”.
Мөн Соёлын сайдаар “Монгол НD” телевизийн захирал Ч.Номин, БОАЖ-ын сайдаар хэвлэл мэдээллийн салбараас Б.Уртнасан нарыг томилсон нь анхаарал татав. УИХ-ын чуулганы үеэр ч зарим гишүүн сайд сонголтод сэтгэл дундуур байгаагаа илэрхийлээд авсан. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Ц.Нямдорж сайд орж ирсэнд гайхаж байна. Би түүнийг маш шударга хүн гэж боддог байлаа. Гэтэл таньтай мөр зэрэгцэн ажиллахдаа үг үйлдэл бүр чинь зөрдөг гэдгийг ойлгосон. Монгол төрийн танд төлөх төлөөс дуусаагүй юу. Би таньтай Оюутолгой, Дубайн асуудлаар дандаа санал зөрдөг байсан. Ялангуяа өнөөдөр бид Оюутолгойд яагаад өрөнд орж байна вэ. Та үүнийг улайран хамгаалж байсан хүний нэг. Хуульзүйн сайд биш “Рио тинто”-гийн сайд шиг хамгаалж байсан. Ганц би биш нийгэм тэр чигээрээ гайхаж байна. Танд захиж хэлэхэд Монгол төрийн ажилд багахан шиг гай болоорой. Л.Оюун-Эрдэнэ сайдын хамгийн эмзэг цэг ЗГХЭГ-ын дарга боллоо шүү “ гэдгийг хэлж байв.
Өмнөх Засгийн газраас найман сайд улиран томилогдсон юм. Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нар мэргэжлийн хүмүүс учраас шүүмжлэлд харьцангуй бага өртсөн. Тэднээс салбарын шинэчлэл, хөгжилд хувь нэмэр оруулна гэдэг хүлээлттэй байгаагаа УИХ-ын гишүүд илэрхийлэв. Харин улирч буй сайд нараас хамгийн их шүүмжлэлд өртсөн нь ХНХ-ын сайд А.Ариунзаяа байсан. Түүнийг өнгөрсөн зургаан сарын хугацаанд бодлогын түвшинд биш цахим орчинд ажлаа явуулсан гэдгийг гишүүд хэлэв. Тухайлбал УИХ-ын гишүүн П.Анужин “Таны ярьдаг статистик тоо, ард түмний амьдрал хоёр тэс өөр байна. Ажилдаа гүн орж ажилламаар байна” гэв.
Мөн УИХ-ын гишүүн С.Чинзориг “ А.Ариунзаяа сайдыг би зургаан сар дэмжиж ажилласан. Нэг ч үг асуугаагүй, хатуухан үг хэлээгүй. Анзаарсан бол бусад сайд нарыг нэлээн чимхээд л байсан. Залуу хүн миний оронд ажиллаж эхэлсэн тул сураг, дадлага олог гээд ажигласан. Тодорхой үр дүн гарахгүй байна. Фэйсбүүкээр ажил явуулдгаа болих хэрэгтэй. Мориноосоо буумаар байна. Амьдрал дээр буумаар байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан иргэдийг ажилтай, орлоготой болгох ажил бий. Яамны бүтэц хийнэ, төрийн албан хаагчдыг халж солино гэж бужигнуулдгаа болимоор байна. Өөр ажил хийсэнгүй. Ийм замаар ажил хийвэл хатуу шаардлага тавина, хариуцлага тооцох асуудлыг хөндөнө” гэдгээ ч мэдэгдсэн байдаг.
Ийнхүү Л.Оюун-Эрдэнийн танхимын сайд нарыг парламент дэмжив. Улмаар баасан гаригийн орой Засгийн газрын гишүүд тангаргаа өргөж, тамга тэмдгээ гардан авч ажилдаа орлоо.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.2.1 ДАВАА № 22 (6499)