Б.ДОЛЖИНЖАВ
Сүхбаатар дүүргийн VII хороонд барьж байгаа он удаан жилийн “настай” Үндэсний номын сангийн шинэ байрны барилгын явц 85 хувийн гүйцэтгэлтэй байгаа гэж Соёлын яамнаас мэдээллээ. Ерөнхийлөгчийн зарилгаар 2008 онд шинэ байр барина гэсэн боловч төсөв санхүүгийн асуудал шийдэгдэхгүй байсаар өдийг хүрээд байсан юм.
11 давхар шинэ номын сан нь 450 хүний суудалтай, харааны болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан соёл боловсролын танхимтай юм. Мөн ном хэвлэлийг тоон хэлбэрт шилжүүлснээр хялбар аргаар, хурдан шуурхай мэдээлэл олж авах боломж бүрдсэн байна.
Харин хуучин номын сангийн төв байр Монгол судлалын номын сан, гар бичмэл ном судрыг сэргээн засварлах төвийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах юм. Энэ хуучин байрыг 1951 онд 500 мянган номын даацтайгаар тооцоолж ашиглалтад оруулж байсан бол гурван сая орчим номтой болж өргөжин даац хэтэрсэн. Мөн ашиглалтад орсноос хойш нэг ч удаа засвар, өргөтгөл шинэчлэлийн ажил хийгээгүй бөгөөд МХЕГ-ын дөрвөн удаагийн шалгалтаар ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гарсан юм.
Эх сурвалж:www.polit.mn