Т.САЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /01.29/ Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа.

Хууль батлагдсанаар банкны системд нөлөө бүхий банк /үүнд, таван том банк/ нээлттэй хувьцаат компани, бусад банк хувьцаат компанийн хэлбэртэй болох юм. Уг хууль  2021 оны хоёрдугаар сарын 25-ны өдрөөс мөрдөгдөж эхлэх бөгөөд 2022 оны зургадугаар сарын 30-ны өдрийн дотор системийн нөлөө бүхий буюу Хаан, Худалдаа хөгжил, Голомт, Хас, Төрийн банк нээлттэй хувьцаат компани болж, санхүүгийн зах зээлд IPO гаргаж, олон нийтэд хувьцаагаа санал болгоно гэсэн үг.

Мөн банкны нэг хувьцаа эзэмшигч дангаараа болон холбогдох этгээдийнхээ хамт тухайн банкны нийт гаргасан хувьцааны 20 хувиас хэтрэхгүй хэмжээний хувийг эзэмшихээр тусгаж өгсөн. Тус зохицуулалтыг 2023 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн дотор бүх банк хуулийн шаардлагын дагуу гүйцэтгэсэн байх ёстой. Ингэснээр хувьцаа эзэмшигчдийн төвлөрлийг бууруулж, банк олон хувьцаа эзэмшигчтэй болно гэж хууль санаачлагчид үзжээ. 

Эх сурвалж:www.polit.mn