Ц.БАЯР
Банкийг олон нийтийн хяналттай нээлттэй банк болгох гэж буй талаар санхүүч Г.Батжаргалын байр суурийг хүргэж байна.
-Банкны салбарт реформын шинжтэй өөрчлөлт, шинэчлэл хийхээр хуулийн төсөл хэлэлцэж байна. Гол шинэчлэл нь банкуудын эздийн хувь эзэмшлийг бууруулах зорилгыг агуулж байна. Үүн дээр ямар бодолтой байна вэ, банкны салбарыг шинэчилье гэвэл шинэчлэл юунаас эхлэх хэрэгтэй гэж үзэж байна вэ?
-Миний хувьд банкны салбарт шинэчлэл хийхийг дэмжиж байгаа. Монголд хувьцаа эзэмшлийн хязгаарыг 20 хувь гэж тогтоохоор Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа юм байна. Гадны улсуудад өөр өөрийн онцлогт тохируулж хувьцаа эзэмшлийн хязгаарыг тогтоож өгсөн байдаг. Ингэснээр компанийн сайн засаглалыг нэвтрүүлэх, хувьцаа эзэмшлээр дамжуулан хяналт тавих зэрэг давуу тал их бий. Гол нь цаг хугацааны хувьд тохиромжтой юу. Ингэж хуулийн хугацаагаар шахах гэхээсээ илүү тодорхой зохицуулалтын дагуу уян хатан байдлаар, шат дараатайгаар хийсэн нь дээр байх. Одоо хуулиа батлах нь зөв. Гэхдээ хэрэгжих хугацааны хувьд 2023 он гэхэд 100 хувь биш, ядаж 50 хувь нь нээлттэй болсон байх, дараагийн ээлж нь 2028 он гэх ч юм уу. Банкны дүрмийн санг шат дараалсан байдлаар хугацаа зааж нэмдэгтэй адилаар үе шаттайгаар л явах нь зөв байх.
-Тэгэхээр нийт системийн хувьд төвлөрлийг бууруулахаас өөр ямар өөрчлөлт ирэх вэ?
-Хууль батлагдсанаар хөрөнгийн зах зээл дээрх гол бүтээгдэхүүн нь зөвхөн банкуудын хувьцаа болчихоор байгаа. Өөрөөр хэлбэл, идэвхтэй арилжаалагддаг хувьцаа нь банк, санхүүгийн байгууллагуудын хувьцаа болж нэг төрлийн төвлөрлийг бий болгож магадгүй. Гэхдээ энэ нь яваандаа хөрөнгийн зах зээлийн хөгжилд эерэгээр нөлөөлөх нь тодорхой. Нөгөөтэйгүүр, банкны үйл ажиллагаа хүндэрвэл хадгаламж эзэмшигчдээс гадна хувьцаа эзэмшигчдийн хохирлын асуудал гээд олон л зүйл яригдах байх. Бидэнд хоёр ч банкны муу кэйс байгаа. Үүнийг дагасан хариуцлага, хяналтын асуудлыг хуульд нарийн тусгаж өгөх хэрэгтэй байх. Санхүүгийн зохицуулах хороо хөрөнгийн зах зээлээ хянаж байгаа. Банкууд харьцангуй засаглал сайтай учраас тайлангаа ил тод гаргахад асуудалгүй байх. Ер нь банкуудын хувьд зориудаар л хөрөнгө оруулагчдыг хуурч, мэхэлье гэхгүй бол хөрөнгийн зах зээл дээр гарахад асуудалгүй. Анод зэрэг банкны хувьд хөрөнгийн зах зээлийг мөнгө босгох арга гэж хараад зориуд буруу мэдээлэл өгөх маягаар хөрөнгө оруулагчдыг хуурч мэхэлсэн тал байдаг. Дахин ийм асуудал гаргахгүй л байх хэрэгтэй. Мэдээж банкийг нээлттэй болгосноор ач холбогдол их. ТУЗ-д нь жижиг хувьцаа эзэмшигчид орж санал бодлоо илэрхийлнэ, дуу хоолойгоо хүргэнэ. Банк харилцагчдад чиглэснээс бусад мэдээлэл нь нэг их нээлттэй биш байдаг.Тэгэхээр олон нийтийн тухайд банкны талаарх ойлголт сайжирч, үйл ажиллагааных нь онцлогийг мэдэж авах зэрэг боломж гарна. Банкны нэр хүнд ч сайжирна. Гадны томоохон бүхий л банк хувьцаат компани шүү дээ. Тэгэхээр том зургаараа урт хугацаандаа эерэг үр дүнтэй.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.1.28 ПҮРЭВ № 20 (6497)