С.УЯНГА
У.Хүрэлсүхийн Засгийн газар цар тахлын үеэр хариуцлага алдсан үндэслэлээр танхимаараа огцорч дараагийн Ерөнхий сайдыг томиллоо. Хуульд заасны дагуу эрх баригч нам Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдад өмнөх Засгийн газарт Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан Л.Оюун-Эрдэнийн нэрийг дэвшүүлж дэмжсэн юм.
Шинэ Ерөнхий сайдын нэрийг холбогдох байнгын хороогоор хэлэлцүүлж Ерөнхийлөгчид өргөн барьж, чуулганд танилцуулснаар тав хоногийн дотор томилж байгаа нь энэ юм. Ерөнхий сайдын нэр төрийн тэргүүний ширээн дээр нэг хоног “гацсан”, сөрөг хүчин нэг цагийн завсарлага авсныг эс тооцвол цар тахлын хүнд нөхцөл байдалтай холбоотойгоор процесс шуурхай горимоор явлаа.
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ӨМНӨХ ЕРӨНХИЙ САЙД ДУБАЙН ГЭРЭЭГ ӨӨРЧЛӨХ ХАТУУ ДААЛГАВАР ӨГСӨН
Чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүд Ерөнхий сайдад нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнээс асуулт асуув. Гишүүд төрийн өмчит компанийн засаглалыг хууль эрх зүйн орчныг сайжруулах, Засгийн газар байгалийн баялаг ард түмний өмч байх эсэхийг хөндсөн юм. Л.Оюун-Эрдэнэ танхимдаа хоёр яам шинээр байгуулахаа танилцуулж гишүүдийн асуултад хариулахдаа “Нэн тэргүүнд вакцинжуулалт хийнэ. Ойрын хугацаанд вакцинжуулалтыг хийх боломжтой гэх хариу авсан. Цар тахалтай холбоотой нэн тэргүүний зорилт эдийн засгийг анхаарна. 430 орчим мянган хүний ажлын байр эрсдэлд ороод байгаа тул хувийн хэвшил, бизнес эрхлэгчдэд илүү анхаарч ажиллана.Төрийн өмчийн байгууллагыг анхаарна. Хувийн хэвшлийн 30 хүний хийх ажлыг төрийн өмчит байгууллага 100 хүнээр хийдэг байдал өнөөдрийг хүртэл байсан. Энэ асуудлыг анхаарахгүй бол болохгүй. Төмөр замыг үргэлжлүүлнэ. Миний хувьд өмнө нь хоёр удаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажилласан. Тавантолгойн төмөр замын ажлыг яаравчлах шаардлагатай. Нефтийн үйлдвэрийг үргэлжлүүлнэ. Тавантолгой, Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцыг дуусгахын төлөө ажиллана. Оюутолгойн хэлэлцээ амаргүй нөхцөлд байгаа. У.Хүрэлсүх Ерөнхий сайд Дубайн гэрээг өөрчлөх хатуу даалгавар өгсөн. Хөрөнгө оруулагч талд гэрээг цуцлах санал өгсөн. Самбар тавьж, жинхэнэ ажил ярьдаг тогтолцоонд шилжинэ. Төрийн болон хувийн хэвшлийнхэнтэй уулзана.
Цар тахалтай үед Засгийн газрын бүтэцтэй холбоотой асуудалд өөрчлөлт оруулахгүй байх нь зөв гэж үзэж байгаа. Гэхдээ цар тахлын дараа буюу эдийн засаг сэргэх үед хоёр яамыг шинээр байгуулна.Нэгдүгээрт, Эдийн засаг хөгжлийн яам. Үндсэндээ томоохон төслүүдтэй холбоотой, гаднаас хөрөнгө босгох, гадны хөрөнгө оруулалтыг шууд дэмжихтэй холбоотой эдийн засгийн харилцааг авч явах яам юм. Нэг үгээр эдийн засгийн бодлогоо урт хугацаагаар тодорхойлж, тэр хөтөлбөрийн дагуу Сангийн яам санхүүжүүлдэг байх тогтолцоо руу орно. Зардал нэмэгдэнэ гэдэг үүднээс биш хувийн хэвшилтэй илүү нягтарч ажиллах боломжийг дэмжээсэй гэж хүсэж байна.Хоёрдугаарт, Цахим хөгжлийн яамыг байгуулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Энэ яамыг байгуулснаар төрийн албаны данхайсан бүтцийг 30-35 хувиар цомхотгох боломж бүрдэнэ. Асар их хэмжээний цаас хэмнэнэ. Төрийн бүх үйлчилгээг төвлөрүүлэх зорилтыг ирэх гурван жилд тавина. Ямар нэгэн байдлаар төрийн үйлчилгээг төвлөрүүлээгүй бол Ерөнхий сайдын хувиар авлигатай тэмцэх тэмцэлд хувь нэмэр оруулаагүй гэж үзэх болно. Ингэж байж төрийн нугалаа, хүнд суртал алга болно.
Авлигатай тэмцэнэ. Гэхдээ зөвхөн авлига авч байгаа эзэнтэй нь биш хөрс, суурьтай нь давхар тэмцэнэ. Төрийн албан хаагчид бэлэг солилцдог, хоорондоо гэрээ байгуулдаг тогтолцоог алга болгохын тулд цахимтай холбоотой томоохон шинэчлэлийг хийнэ. Урьдчилан тооцоолж байгаагаар хоёр яамны асуудлыг намрын чуулганд оруулж ирж хэлэлцүүлнэ. Энэ хүнд үед яамдуудын бүтэцтэй холбоотой өөрчлөлт хийхгүй, үндсэн бүтцийг хадгалж явна” гэдгийг онцоллоо.
ЕРӨНХИЙ САЙДАД ӨГСӨН ГИШҮҮДИЙН “ДААЛГАВАР”
Ерөнхий сайдын асуудлыг парламентаар хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүдийн ихэнх нь эдийн засгийг сэргээх асуудлыг хөндөв.
Мөн цаашид юунд анхаарах талаар захиас даалгавар дайсныг тоймлон хүргэе.
Б.Бейсен:
-Орон нутагт халдварыг эмчлэх боломжгүй гэж байна. Жилийн хугацаанд бэлдлээ. Юу бэлдэв. Эрүүл мэндийн сайдыг авч үлдэх үү. Багш, эмч нарын цалинг нэмэх үү.Хос хэлтэй сургуулиудын асуудалд хэрхэн анхаарах вэ?
Ц.Даваасүрэн:
-Залуу хүний аагаар төрийг удирддаггүй. Сэтгэл, туршлага, дутагдлыг чинь нөхдөг баг хэрэгтэй. Өөрийг чинь магтдаг хүнээр хүрээлүүлвэл магтсаар байгаад улс төрийн насыг чинь багасгана. Бидэнд өгсөн итгэлийг зүтгэлээр хариулах ёстой.
Б.Энхбаяр:
-Хууль засагладаг төртэй байхыг хүсч байна гэдэг үгэнд баяртай байна. Төрийн байгууллагын хөрөнгийн талаас илүү нь өр төлбөр байгаа юм. Төрийн өмчит хэдэн компани байгааг Засгийн газраас асуугаад, гурван сар хариугаа авч чадсангүй. Төрийн өмчийн компаниудын ажилчдын цалингаас гадна урамшуулал өгч байна. Төрийн өмчит компанийн засаглалыг хууль эрх зүйн орчныг сайжруулах асуудлыг хэзээ оруулж ирэх вэ?
С.Амарсайхан:
-Өмнөх Ерөнхий сайд маш том сургамж үлдээсэн. Доод, дунд шатны төрийн алба хаагчид бүгд муу биш. Гэхдээ дийлэнх нь хариуцлага алддагаас нийгэмд өнөөдрийн ойлголт бий болсон. Шинэ Засгийн газраас их зүйл шалтгаална. Бүх алба хаагчийг чадавхжуулах хэрэгтэй.
Ш.Адъшаа:
-Төмөр замын хөтөлбөр, Газрын тосны үйлдвэрийг цаашид үргэлжлүүлэх үү. Оюутолгой, Дубайн гэрээг зөв гольдрилд оруулах талаар шинэ Засгийн газар ямар байр суурь баримтлах вэ.
Н.Ганибал:
-Монгол Улсын эдийн засаг уул уурхайгаас хамааралтай эмзэг бүтэцтэй. Танай Засгийн газар эдийн засгийг солонгоруулах талаар ямар арга хэмжээ авах вэ?
Ж.Ганбаатар:
-Хэрэггүй зүйлд цагаа зарцуулчих вий, харлуулчих вий гэж болгоомжилж байна. Энэ үед эдийн засагт цаг гаргаарай гэж хүсч байна. Хүний хөдөлмөр эрхлэх хүслийг яаж нэмэгдүүлэх вэ гэдэгт бодлого гаргаж ажиллаасай, халамжаас бүтээмж рүү шилжүүлээсэй гэж хүсч байна.
Ж.Бат-Эрдэнэ:
-Шинэ сайдаас маш их зүйл хүсч байгаа. Энэ нь таны санаачилсан “Алсын хараа 2050” бичиг баримт юм. Эдийн засаг нь хүн рүү чиглэсэн байх ёстой. Ажлын байрны цаана үйлдвэрлэл гэсэн маш чухал зүйл бий.
Санал хураалт явуулахад хуралдаанд 66 гишүүн оролцсоноос 58 нь буюу 87.9 хувийн саналаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томиллоо. Тэрээр 1998 онд Хэнтий аймгийн Бэрх хотын Ерөнхий боловсролын сургууль, 2001 онд Бэрс дээд сургуулийг сэтгүүлчээр, 2008 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрхзүйч мэргэжлээр, 2015 онд Харвардын их сургуулийг Төрийн удирдлагын магистраар төгссөн. Ажлын туршлага нь 2001 онд Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчийн албанд Тамгын газрын дарга, 2002 онд “Дэлхийн Зөн Монгол” олон улсын байгууллагын Хэнтий салбарын захирал, 2006 онд “Дэлхийн Зөн Монгол” олон улсын байгууллагын Бүс хариуцсан захирал, 2008 онд Нийслэлийн Баянзүрх дүүрэгт Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга, 2009 онд МАН-ын Удирдах Зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга, 2010-2014 онд НАМЗХ-ны Ерөнхийлөгч, 2011 онд МАН-ын Нарийн бичгийн дарга, 2012 онд МАН-ын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч, 2016 оноос Их Хурлын гишүүн, 2019 оноос Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, 2020 оноос Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа юм.
Мөн Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх 32 дахь Ерөнхий сайдад тамгыг нь гардуулж ажлын амжилт хүсэн ерөөв. Тэрээр “Түүхэн эгзэгтэй цаг үед улс орноо зөв удирдан, ард түмнийхээ эв нэгдлийг сахин хамгаалж, хоёргүй сэтгэлээр зүтгэнэ гэдэгт огт эргэлзэхгүй байна” гэв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “У.Хүрэлсүх таны тэргүүлж байсан Засгийн газрын бодлогыг үргэлжлүүлж, газрын тос боловсруулах үйлдвэр барих зэрэг томоохон бүтээн байгуулалтыг дуусгана. Монгол Улсаа хөгжүүлэхийн төлөө үүрэг, хариуцлагаа ухамсарлан ажиллана” гэлээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.1.28 ПҮРЭВ № 20 (6497)