С.САРУУЛ

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томилох асуудлыг чуулганаар хэлэлцлээ. Энэ үеэр АН-ын бүлэг нэг цагийн завсарлага авч үргэлжлүүлэн санал хураасан юм. Завсарлагын хугацаа дуусч, санал хураалт явуулахад хуралдаанд 66 гишүүн оролцсоноос 58 нь буюу 87.9 хувийн саналаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томиллоо.

Л.Оюун-Эрдэнэ гишүүдийн асуултад хариулахдаа “Цар тахалтай холбоотой нэн тэргүүний зорилт эдийн засгийг анхаарах. 430 орчим мянган хүний ажлын байр эрсдэлд ороод байгаа тул хувийн хэвшил, бизнес эрхлэгчдэд илүү анхаарч ажиллана.Төрийн өмчийн байгууллагыг анхаарч ажиллана. Хувийн хэвшлийн 30 хүний хийх ажлыг төрийн өмчит байгууллага 100 хүнээр хийдэг байдал өнөөдрийг хүртэл байсан. Энэ асуудлыг анхаарахгүй бол болохгүй. Төмөр замыг үргэлжлүүлнэ. Миний хувьд өмнө нь хоёр удаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажилласан. Тавантолгойн төмөр замын ажлыг яаравчлах шаардлагатай. Нефтийн үйлдвэрийг үргэлжлүүлнэ. Тавантолгой, Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцыг дуусгахын төлөө ажиллана. Оюутолгойн хэлэлцээ амаргүй нөхцөлд байгаа. У.Хүрэлсүх Ерөнхий сайд Дубайн гэрээг өөрчлөх хатуу даалгавар өгсөн. Хөрөнгө оруулагч талд гэрээг цуцлах санал өгсөн. Самбар тавьж, жинхэнэ ажил ярьдаг тогтолцоонд шилжинэ. Төрийн болон хувийн хэвшлийнхэнтэй уулзана” гэсэн юм.

Эх сурвалж: www.polit.mn