С.САРУУЛ

УИХ-ын чуулганаар 32 дахь Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэж байна.

Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнэ яамдын бүтцийг өөрчлөх асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрээр “Цар тахалтай үед Засгийн газрын бүтэцтэй холбоотой асуудалд өөрчлөлт оруулахгүй байх нь зөв гэж үзэж байгаа. Гэхдээ цар тахлын дараа буюу эдийн засаг сэргэх үед хоёр яамыг шинээр байгуулна. Эдийн засаг хөгжлийн яам томоохон төслүүдтэй холбоотой, гаднаас хөрөнгө босгох, гадны хөрөнгө оруулалтыг шууд дэмжихтэй холбоотой эдийн засгийн харилцааг авч явна. Цахим хөгжлийн яамыг байгуулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Энэ яамыг байгуулснаар төрийн албаны данхайсан бүтцийг 30-35 хувиар цомхотгох боломж бүрдэнэ. Асар их хэмжээний цаас хэмнэнэ. Төрийн бүх үйлчилгээг төвлөрүүлэх зорилтыг ирэх гурван жилд тавина. Ямар нэгэн байдлаар төрийн үйлчилгээг төвлөрүүлээгүй бол Ерөнхий сайдын хувиар авлигатай тэмцэх тэмцэлд хувь нэмэр оруулаагүй гэж үзэх болно. Ингэж байж төрийн нугалаа, хүнд суртал алга болно. Авлига авч байгаа эзэнтэй нь биш хөрс, суурьтай нь давхар тэмцэнэ. Төрийн албан хаагчид бэлэг солилцдог, хоорондоо гэрээ байгуулдаг тогтолцоог алга болгохын тулд цахимтай холбоотой томоохон шинэчлэлийг хийнэ. Урьдчилан тооцоолж байгаагаар хоёр яамны асуудлыг намрын чуулганд оруулж ирж хэлэлцүүлнэ. Энэ хүнд үед яамдуудын бүтэцтэй холбоотой өөрчлөлт хийхгүй, үндсэн бүтцийг хадгалж явна” гэв.

Эх сурвалж: www.polit.mn