Ц.МЯГМАРБАЯР

2020 оны арваннэгдүгээр сард Жак Ма-гийн удирддаг дэлхийн хамгийн том групп болох “ANT” компани Шанхайн хөрөнгийн биржид 35 тэрбум ам.долларын IPO хийж хувьцаагаа тус хөрөнгийн биржид зэрэг гаргах гэж байсан. Ингэснээр тус групп дэлхийн хамгийн том IPO гаргах байлаа.  Тухайн үед захиалгын хэмжээ 1000 дахин давж тодруулбал, гурван трилион ам.доллараар хувьцааг нь худаллаж авах захиалга ирж хамгийн эрэлттэй байхаар харагдаж байсан. Харамсалтай нь БНХАУ-ын зохицуулагч байгууллагаас энэ IPO-г зогсоож хойшлуулснаар одоог хүртэл гараагүй байдалтайгаар 2021 онтой золголоо.

 

ЖАК МА-ГИЙН ANT-ИЙН IPO-ГООС ХОЦОРСОН БОЛ “ТЕНСЕНТ”-ИЙН “KUAISHOU” IPO ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА

2021 он гарснаар Хонгконгийн хөрөнгийн биржид Хятадын “Kuaishou Technology” компани IPO-гаа гаргах мэдээ түгж эхэллээ. Тус компани хүүхэд, залуучуудын сонирхож буй “video iive stream” буюу бизнес сурталчилгаа болон хувь хүний хөгжилд чиглэсэн платформыг цахим орчинд байршуулах түүгээрээ хэдэн зуун мянган хэрэглэгч, дагагч татах, ирж яваа цагийн бизнес платформын компани гэж хэлж болно. Ирэх сарын 5-нд БНХАУ дахь Хонгконгийн хөрөнгийн биржид IPO гаргаж 5.4 тэрбум ам.доллар татан төвлөрүүлэхээр төлөвлөж байна. Өчигдрөөс эхлэн анхдагч зах зээлийн захиалга эхэлж байна. Манай “Golomt capital” Үнэт цаасны компани тус захиалгад оролцох талаар судалж монголчуудад мэдээлэл түгээж эхлээд байна. Энэ нь 2018 оноос хойш тус хөрөнгийн биржид ийм хэмжээний IPO хийгээгүй байсан.

Хэрэв амжилттай болбол интернэтээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд дундаас хамгийн өндөр дүнтэй IPO гаргасан хоёр дахь компани болох юм байна. Мөн 2019 оноос хойш Азийн зах зээлд хийсэн хамгийн өндөр дүнтэй хувьцааны арилжаа болох төлөвтэй байна. “Tencent”-ийн хөрөнгө оруулалттай тус компани даваагаас баасан гариг дуустал институтийн хөрөнгө оруулагчдаас захиалга авна. Одоогоор тус компани 10 хөрөнгө оруулагчаас 2.45 тэрбум ам.долларын захиалга аваад байгааг эх сурвалж мэдээллээ. Өөрөөр хэлбэл, “Kuaishou Technology” компани нь “TikTok”-ийн хамгийн том өрсөлдөгч болох юм. Энэ платформыг БНХАУ-ын жижиг хотууд, хөдөө орон нутгийн залуучууд их хэрэглэж байгаа ажээ.

 

“KUAISHOU TECHNOLOGY”-ИЙН ХУВЬЦААНД ХӨРӨНГӨ ОРУУЛНА

COVID-19-тэй холбоотойгоор дэлхий нийтэд хөрөнгийн зах зээлд шинээр данс нээн оролцогчдын тоо нэмэгдсээр байна. Тухайлбал, манай урд хөрш болон Итали улсад оролцогчдын тоо сая, саяар нэмэгдсээр байгаа аж. Манай улсын тухайд тодорхой хэмжээний хөрөнгө санхүүгийн боломжтой хэсэг нь сонирхон оролцож байна. Мөн гадаадын хувьцаанд хөрөнгө оруулж мөнгө өсгөх үйлдлийг дотоодын аж ахуйн нэгж хийж эхэлсэн талаар эх сурвалж хэлсэн. Энэ нь цаашид эрчтэйгээр үргэлжлэх төлөв байгааг онцолж байна. Хамгийн гол нь эрсдэлээ тооцох хэрэгтэйг зөвлөөд өндөр эрсдэлийн цаана үлэмж хэмжээний ашиг ирдэг гэдгийг сануулсаар.

2020 онд “Би Ди Сек” ҮЦК, “Эрдэнэ ресурс девепломент”-ийн хувьцааг  “Торонто”-гийн хөрөнгийн биржээс Монголын хөрөнгийн бирж рүү амжилттай хөрвүүлж чадсан. Ингэснээр дотоодын хөрөнгийн биржээс тус компанийн хувьцааг худалдан авч “Торонто”-гийн хөрөнгийн биржид арилжаалах боломж манай оролцогчдод бий болсон. Нөгөөтэйгүүр, манай хөрөнгийн зах зээлд оролцогчид гадаадын хөрөнгийн биржээс хувьцаа авах нь нэмэгдсэн байна. Жилд нэг сая ам.долларын арилжаа хийдэг байсан бол 2020 онд дөрвөн сая ам.долларын арилжаа хийсэн нь цаашид оролцогчдын тоо нэмэгдэхээр байгааг “Би Ди Сек” ҮЦК-ийн гүйцэтгэх захирал онцолж байсан. Цаашид түүхий эд нийлүүлдэг компанийн хувьцааг биржээр арилжаалах талаар судалж байгааг хэлж байв.

 

2021 ОНД ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛД “САЛХИ” ЭРГЭНЭ

2021 он хөрөнгийн зах зээлд их эргэлт авчрах түүхэн жил болно гэж шинжээчид онцолж байгаа. Учир нь нэгдүгээрт, эдийн засаг талаас төгрөгийн хадгаламжийн хүү 10 хувьд ирж зарим банкинд есөн хувьд хүрсэн бол ам.долларын хадгаламжийн хүү 2-3 хувьд хүрсэн. Ингэснээр хадгаламж эзэмшигчид өндөр хүүтэй хадгаламжид мөнгө эргэлдүүлж ашиг хүртдэг цаг өнгөрч тодорхой хэмжээний эрсдэл үүрэх ч өгөөж өндөртэй хөрөнгийн зах зээлд хэрхэн хөрөнгө оруулж ашиг хүртэх вэ гэсэн хувилбарт бодол санаа нь чиглээд байна. Ингэснээр эдийн засгийн суурь макро түвшин рүү нэлээдгүй мөнгө орж ирэх төлөвтэй. Түүнчлэн банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж 2022 оноос эхлэн банкууд хувьцаат компани болох эхлэл тавигдана.

Мэдээж том дүнтэй найдвартай банкуудаас эхлэн IPO хийж хувьцаагаа олон нийтэд нээлттэй худалдаалж эхэлнэ. Ингэснээр хүмүүсийн хувьцаанд хөрөнгө оруулах сонирхол идэвх, итгэлцэл улам нэмэгдэнэ. Түүнчлэн тэтгэврийн даатгалын шинэчлэл реформыг хийх нийгмийн даатгалын хуулийг өөрчлөх талаар идэвхтэй ярьж байна. Хэрэв энэ хууль батлагдвал хөрөнгийн зах зээлд жилд 30-40 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх санхүүгийн нөөц боломж бий болно. Ингэснээр манай дотоодын зах зээлд том хөрөнгө оруулалт үүсч үүнээс хөрөнгө оруулалт татах компаниуд бий болж хөрөнгийн зах зээл сонгодог утгаараа хөгжих үүд нээгдэнэ. Мөн энэ жил “Тавантолгой”-н төмөр зам ашиглалтад орсноор манай нүүрсний экспорт нэмэгдэж найдвартай орлого хэвээр байсаар байна. Хэдийгээр Оюутолгойн гэрээ асуудалтай байгаа ч хэлэлцээрүүд нааштайгаар шийдвэрлэгдэж далд уурхайн хөрөнгө оруулалт хийж ажил цааш үргэлжилнэ. Эндээс харахад Монгол Улсын эдийн засаг “объём”-оороо тэлэлт хийх боломжтой гэж хөрөнгийн зах зээл судлаач, эдийн засагч Г.Мөнх-Эрдэнэ хэлсэн.

 

ҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИУД АМИЛАХ НӨХЦӨЛ БҮРДСЭН

Хөрөнгийн зах зээлд бодитойгоор нөлөөлөх бүтээгдэхүүн бол хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, бондыг зах зээлд гаргах эдийн засгийн суурь нөхцөл бүрдсэн. Үүнд үнэт цаасны компаниуд идэвхтэй ажиллаж чанартай бүтээгдэхүүн гаргах тухайд чармайх цаг үед ирээд байна. Одоогоор манай улсад 200 гаруй үнэт цаасны компани байдаг. Тэдний 40 орчим нь идэвхтэй гэсэн мэдээлэлтэй ч ихэнх нь сураг төдий. 2021 оны эхний сард “Инвескор акитив” үнэт цаасны компани хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргасан. Дөрвөн тэрбум ам.доллар босгох байсан ч найман тэрбум ам.долларын захиалга иржээ. Цаашид энэ төрлийн бүтээгдэхүүн гарах хүлээлт үүссэн. Урт хугацаандаа хөрөнгийн зах зээлийг онилсон бүтээгдэхүүнүүд ар араасаа гарах нь тодорхой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2021.1.27 ЛХАГВА № 19 (6496)