Б.ТАМИР
“Зууны мэдээ” сонин “Тэнхлэг зууч” үл хөдлөх хөрөнгийн компанитай хамтран шинэ орон сууцны дундаж ханшийг танилуулж байна.
“Тэнхлэг зууч” компани 2013 оны нэгдүгээр сараас эхлэн Монголбанкны захиалгаар Улаанбаатар хотын Орон сууцны үнийн индексийг сар болгон Хедоник регрессийн аргаар тооцож байна.
Нийслэлд ашиглалтад орж байгаа шинэ орон сууцны дундаж үнэ өнгөрсөн сарын байдлаар 2.450.855 төгрөг байна. Харин арав, арваннэгдүгээр сард дундаж үнэ 2.506.105 байсан бол өнгөрсөн сард 56 мянган төгрөгөөр буурсан үзүүлэлттэй байгаа юм. Харин дүүргээр авч үзвэл хамгийн үнэтэй буюу Хан-Уул дүүргийн Зайсан, Оргил хавийн орон сууц мкв нь 4.844.444 төгрөгийн үнэтэй байна. Харин хамгийн хямд нь 1.665.000 төгрөг буюу Баянзүрх дүүргийн XVI хороололд худалдаалагдаж байна.
Захиалга авч байгаа нийт орон сууцны тоог зэрэглэлд ангилбал 50 хувь нь стандарт, 24.9 хувь буюу 10310 айлын орон сууц нь дундаж, 21.1 хувь нь бизнес, 3.9 хувь буюу 1.631 айлын орон сууц өндөр зэрэглэлд хамрагдаж байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс стандарт зэрэглэл 3.3 пунктээр өсч, дундаж зэрэглэл 7.3 пунктээр буурч, бизнес зэрэглэл 3.6 пунктээр, өндөр зэрэглэл 0.5 пунктээр өссөн байна.
Өнгөрсөн сард захиалга авч буй нийт 239 төслийн 41.407 айлын орон сууцнаас Хан-Уул дүүрэгт 49.36 хувь буюу 20.437 айлын төсөл, үүний дараа Баянзүрх дүүрэгт 24.81 хувь буюу 10274 айлын төсөл хэрэгжиж байгаа аж. Улаанбаатар хотод хэрэгжиж буй шинэ орон сууцны нийлүүлэлт 2019 оны долдугаар сараас нэмэгдэж байгаа. Ялангуяа, Хан-Уул дүүрэгт орон сууцны төслийн нийлүүлэлт өнгөрсөн оны мөн үеэс 38.62 хувиар өсч, өнгөрсөн сараас 0.6 хувиар буурсан байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2021.1.25 ДАВАА № 17 (6494)