Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд нэгдүгээр сарын 24-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

1848 оны энэ өдөр Оросын алдарт зураачдын нэг Василий Иванович Суриков мэндэлсэн байна. Суриков ОХУ-ын Красноярск хотод казак гэр бүлд төржээ. Суриковыг бага наснаасаа эхлэн зураг зурсан гэдэг. Түүний анхны багш нь зураач Н.В.Гребнев байсан юм. Сургуулиа төгссөний дараа гэр бүл нь мөнгөгүй байсан тул үргэлжлүүлэн гимназид суралцаж чадалгүй захирагчийн албанд зураачаар ажилд оржээ. Ажиллаж байх хугацаанд нь хотын захирагч П.Н.Замятнин Суриковын зургуудыг үзээд авьяасыг нь олж харжээ. Ингээд түүнийг өсч дэвжих боломжийг олгохоор Красноярск хотын алт олборлогч, урлагийг дэмжигч П.И.Кузнецовтой танилцуулж өгчээ. П.И.Кузнецов ч түүнийг дэмжихээ амлаж, 1868 оны арванхоёрдугаар сарын 11-нд Суриковыг Санкт-Петербург руу авч явсан байна. Улмаар сургалтын төлбөрийг нь төлөн Санкт-Петербургийн зургийн академид 1869-1875 онд суралцуулжээ. Суриковын ихэнх бүтээлүүд нь ихэвчлэн түүхийн сэдэвтэй байдаг. Түүний оргил бүтээлүүдийн нэг нь "Цаазын өглөө" зураг юм. Түүхэн үйл явдлыг харуулсан "Сенатын талбай дээрх I Петрт зориулсан хөшөө" бүтээлээрээ Суриков нэгдүгээр Петрийг талархан үздэгээ харуулжээ. Энэ нь зураачийн анхны бие даасан бүтээлүүдийн нэг нь байсан юм. "Гүнж гэлэнмаа нарын сүмд зочилсон нь" бүтээлдээ Борис Годуновын богинохон, хууль бус хаанчлал эцэс болж, босогчид Годуновынхныг гэр бүлээр нь цаазлахад нэг охин нь польш руу оргон зугтаж тэндхийн гэлэнмаа нарын сүмд түр зуур нуугдсаныг харуулсан байдаг. 1883 онд зураг цуглуулагч М. П. Третьяков Суриковын “Меньшиков Березовт” гэдэг зургийг худалдаж авснаар Суриков Герман, Итали, Франци, Австри хотуудаар аялан Дрездены үзэсгэлэн, Луврын цуглуулгыг үзэх боломжийг олж авсан байна.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон үйл явдлуудаас хүргэж байна

1848.01.24. Калифорнийн алтны халуурал: Сакраменто хотын Саттерс Миллийн ойролцоо Жеймс В.Маршалл гэгч алт олжээ.

1862.01.24. Румынь улсын нийслэлээр Бухарест хотыг нэрлэжээ.

1913.01.24. Монгол Улсын Цэргийн яамнаас Өвөр Монголыг гамин цэргээс чөлөөлөхийн тул таван замаар цэргийн ажиллагаа явуулахаар төлөвлөв.

1918.01.24. Хаант Оросын "Ардын төлөөлөгчдийн зөвлөл" Грегорийн тоололд шилжих шийд гаргажээ.

1942.01.24. Дэлхийн хоёрдугаар дайн: Америк болон Их Британийн холбоотон арми Японы мэдэлд байгаа Тайландын нийслэл Бангкокыг хүчтэй бөмбөгджээ.

1943.01.24. Дэлхийн хоёрдугаар дайн: АНУ-ын ерөнхийлөгч Франклин Д.Рүүзвельт, Их Британийн ерөнхий сайд Уинстон Черчиль нар Касабланкагын хэлэлцээг эхлүүлэв.

1946.01.24. НҮБ-ын Ерөнхий ассемблейн хурлаар НҮБ-ын Цөмийн энергийн хороог байгуулахаар болжээ.

1947.01.24. Грекийн ерөнхий сайдын суудалд банкир Димитрос Максимос суув.

1968.01.24. Вьетнамын дайн: Австралийн тэргүүн анги нэгтлэл Хойд Вьетнамын Лонг Бин, Бьен Хоа орчимд Хойд Вьетнамын армитай тулалдаж эхлэв.

1972.01.24. Дэлхийн хоёрдугаар дайн дууссанаас хойш Гуамын ширэнгэнд бүгэж байсан Японы түрүүч Ёокои Шоичиг олов.

1978.01.24. Цөмийн зэвсэг тээж хөөргөсөн Космос 954 пуужин дэлхийн агаар мандлаас гарч чадалгүй дэлбэрчээ. Хожим нь пуужингийн үлдэгдэл Канадын Баруунхойд хэсгээс илэрсэн юм.

1984.01.24. Алдарт Apple компанийн "Макинтош" компьютер Америкийн зах зээлд худалдаалагдаж эхлэв.

1990.01.24. Япон улс түүхэндээ анх удаа сарыг судлах "Хитэн" хиймэл дагуулыг хөөргөв.

Эх сурвалж www.zms.mn