Х.ОЮУНБОЛД

“Залуу уншигч” шинэ булангийн анхны зочноор Өсвөрийн зохион бүтээгчдийн ахлах сургуулийн IX ангийн сурагч З.Төгсжаргалыг урилаа. 

-Фэйсбүүкийн “Номын тухай буу халъя” бүлгэмд оруулсан “Гашуун кофе” номны тухай бичсэн тэмдэглэлийг чинь уншсан. Уншсан номынхоо тэмдэглэлийг үргэлж хөтөлдөг үү?
-Сүүлийн хагас жил уншсан номынхоо талаар тэмдэглэл хөтлөх гэж хичээдэг болсон. Мөн номын тэмдэглэлээс гадна подкаст тэмдэглэл хөтөлдөг юм. Гэхдээ ихэвчлэн “Ideree’s podcast”, ”Nomin coach”-ийн подкастыг сонсоод тэмдэглэл хөтөлдөг. Миний тэмдэглэлүүд дэвтрийн хоёр хуудсанд багтдаг.
 

-Номын тэмдэглэл хөтлөхийн ач тус нь юу вэ?
-Миний хувьд бичих чадвараа хөгжүүлж, номын гол утга санааг ойлгож, мэдлэг мэдээлэл авахад их ойр байдаг. Уншсан зүйлээ тогтоон бататгах давуу талтай байдаг юм шиг санагддаг. Тэмдэглэл хөтөлснөөр уншсан номынхоо үйл явдал, гол санааг мартдаггүй. Мөн тэмдэглэлдээ зохиолчийн товч намтар, номтой холбоотой мэдээлэл буюу хэдэн хуудастай, редактор, хэзээ хэвлэгдсэн, онцлох эшлэлүүд, зохиолын гол дүр, товч үйл явдал, надад төрсөн сэтгэгдлийг багтаадаг. Мөн зохиолч номоороо дамжуулж бусдад хүргэхийг хүссэн мэдээллийн талаар бичдэг.
 

-Номоо хэрхэн, яаж сонгож авдаг вэ. Тэмдэглэл бичсэн номнуудаас сэтгэлд чинь хүрсэн нь ямар ном байна?
-Номоо сонгохдоо өмнөх үгийг нь уншиж үзээд авдаг. Мөн хүмүүсийн энэ номын талаар бичсэн сэтгэгдлийг уншдаг. Ер нь нэг их голж шилээд байдаггүй. Их сэтгэгдэл төрүүлсэн ном гэвэл зохиолч Б.Содонгоогийн “Гашуун кофе” номонд  нийгэмд байдаг хар бараан, аз жаргалтай зүйлсийг их энгийнээр, сонирхолтойгоор уншигчдад хүргэсэн юм шиг санагддаг. Энэ номыг хоёр хоног уншиж дуусгасан байдаг юм.
 

-Уншсан номнуудаас чинь мартагддаггүй үгтэй ном гэж байдаг уу?
-Байдаг. Фүмио Сасакийн “Би энгийн амьдралыг сонгосон” нэртэй номны “Бидний сэтгэл хөдлөлд хязгаар гэж байдаггүй” гэсэн эшлэлийг мартдаггүй юм. Харин надад уншсаны дараа их урам зориг авч, юуны төлөө хичээх ёстойг ойлгуулж чадсан ном гэвэл “Гашуун кофе” гэж хэлнэ.
 

-Найзууд чинь номын тэмдэглэл хөтөлдөг үү?
-Бий. Зөвхөн номын тэмдэглэл биш. Подкаст, өдрийн тэмдэглэл хөтөлдөг хүүхдүүд байдаг. Харин миний хөтөлдөг номын тэмдэглэлийн онцлог нь төлөвлөгч ажил хэрэгч хэв маягтай бүтээлчээр хөтөлдөгт байдаг гэж боддог.
 

-Өөрийгөө номтой зүйрлээч гэвэл ямар номтой зүйрлэх вэ?
-Зохиолч Жожо Мойесийн гурван цуврал “Чамтай учрахаас өмнө” ном байх байсан болов уу. Яагаад гэвэл тэр номын гол дүр Кларк хөгжилтэй, олон зүйлийг туршиж үздэг. Заримдаа гунигтай ч гаргасан алдаанаасаа суралцаж ухаарал авдаг  болохоор адилхан юм шиг санагддаг.
 

-Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?
-Зураг зурах, төлөвлөгч дэвтрээ хөтлөх дуртай. Энэ дэвтрийг хөтөлдөг найзуудтайгаа эвент зохион байгуулахаас гадна спортоор хичээллэх дуртай.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ"  сонин 2021.1.21 ПҮРЭВ № 15 (6492 )