Ц.БАЯР
Та өрхийнхөө жилийн төсвийг зохиохдоо зорилгоо тодорхойлох нь чухал. Энэ онд танайх эрүүл хэвшилтэй гэр бүл болох зорилт тавилаа гэж бодьё. Эхлээд сарын хоолын цэсээ өөрчлөх шаардлагатай. Үүний тулд мэдээж материал сонголт эрүүл хэвшилтэй болно.
Хоолны нэр төрлөө олон болгосон болохоор хүнсний зүйлдээ өмнөхөөс арай илүү мөнгө зарцуулах тооцоо гарна. Ингээд зохиосон цэсээ нэг бүрчлэн бичиж мөн материалаа түүний дагуу бичиж мөнгөө тооцно.Дараа нь хэрэгжүүлнэ, хянана гэсэн үг. Түүнчлэн дасгал, хөдөлгөөн хийхээр төлөвлөсөн бол мэдээж гудас авах болно. Мөн сард гэр бүлийн нэг гишүүн 1-2 ном уншина гэж тооцвол тус бүрийн үнийг бичиж төсөвтөө суутгана. Жилийн хоёрдугаар хагасаас дасгалын клубт явах, гэр бүлийн гишүүдээ хөгжүүлэхэд төсвөө зориулахаар төлөвлөнө. Энэ бүгдийн дараа орлого орж ирлээ хамгийн түрүүнд зээлүүдээ төлнө.
Дараа нь хуримтлалдаа мөнгөө хийнэ. Үүний даргаагаар цахилгаан болон байрны төлбөрөө барагдуулна. Түүнчлэн гар утас, интернет гурвалсан холбооныхоо төлбөрийг хийлээ. Тэгээд хүнсний төсөв тодорхой учраас мөнгөө үлдээнэ. Харин сэтгэл хөтлөлтөд автахгүйг хичээн элдэв зүйл рүү харахгүй байх, худалдан авалт хийхээс зайлсхийх хэрэгтэй. Мөн хэн нэгэнтэй барьцаж хэрэггүй зардал гаргахгүй байхыг хэвшүүлэх хэрэгтэй. Тогтмол болон хувьсах зардлаа сайн ялгадаг байх хэрэгтэй.
Хамгийн гол нь жилийн төсөвт суулгасан тогтмол зардлаа сайн хянах хэрэгтэй. Таны хүнсний сагсанд танай гэрийн бүх гишүүдийн зорилго байгаа гэдгийг мартаж болохгүй.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2021.1.20 ЛХАГВА № 14 (6491)