Ч.ҮЛ-ОЛДОХ 


Монголын  Үндэсний  Музейдтэй хамтран хүргэж буй “Цахим музей” булан энэ удаа нэрт хуурч С.Түвдэнгийн эдэлж хэрэглэж байсан морин хуурыг онцоллоо. Монгол  туургатны  хойморт  зуун  зууныг  өртөөлөн  уянгалж,  язгуур  соёлын  нь  салшгүй  илэрхийлэл  болж  дээдлэгдсэн  хөгжмийн  зэмсэг  бол  морин  хуур  юм.  Морин  хуурын  үүсэл  төдий  л  тодорхойгүй,  ихэнхдээ  “Хөхөө  Намжилын  домог”  тэргүүтнээр  баримжаалж  ирсэн  хэдий  ч  Хүннү  нарын  шанаган  хуурыг  морин  хуурын  өвөг  гэж  үзэх  нь  түгээмэл  болоод  буй.  Монголчууд  морин  хуур  бүтээж,  түүнийг  тоглох  арга  барилыг  үндэсний  уламжлалт  урлагийн  сонгодог  төрөл  болтол  хөгжүүлж  чадсан  нь  хүн  төрөлхтний  соёлын  өвийн  санд  монгол  угсаатны  оруулсан  хувь  нэмэр  мөн  хэмээн  үнэлж  2003  онд  ЮНЕСКО-оос  Монголын  уламжлалт  морин  хуурын  урлагийг  “Хүн  төрөлхтний  аман  болон  утга  соёлын  шилдэг  дээж”-ээр  тунхаглаж,  улмаар  2008  онд  “Хүн  төрөлхтний  соёлын  биет  бус  өвийн  төлөөллийн  жагсаалт”-д  бүртгэсэн  түүхтэй. 

Монголын  Үндэсний  Музейд  монголчуудын  хөгжмийн  түүхийн  нэгээхэн  хэсгийг  өгүүлэх  морин  хуур  цөөнгүй  бий.  Эдгээрийн  нэг  нь  ХХ  зууны  20,  30-аад  онд  алдарт  хуурч  Ө.Лувсан,   Д.Түдэв,  Б.Алтангэрэл  нарын  хамт  хуур  хөгжмийн  аялгуу  эгшгээр  ард  олноо  соёлжуулан  гэгээрүүлэх  үйлсэд  зүтгэж  асан  нэрт  хуурч  С.Түвдэнгийн  хэрэглэж  байсан  морин  хуур  юм.   Энэхүү  Түвдэн  хэмээгч  нь  ХХ  зууны  Монголын  хөгжмийн  урлагийн  өнгийг  тодорхойлогсдын  нэг,  нэрт  хуурч  Г.Жамьян  тэргүүтэнд  хуурын  эрдэм  заасан  ачтай  нэгэн  аж.  Түвдэнгийн  эл  хуур  нь  уламжлалт  хийцийн  буюу арьсан  цартай,  цар,  иш,  толгойдоо  ясан  сийлбэр  чимэгтэй.  Хуурын  өндөр  110 см,  өргөн  нь  27  см.  Дашрамд  өгүүлэхэд,  1960-аад  оны  сүүлээр  Зөвлөлтийн  хөгжмийн  мэргэжилтэн,  хийл  урлаач  Денис  Яровой  Монгол  морин  хуурын  царыг  модоор  урлах  санаачилга  нэвтрүүлсэн  гэдэг.  Үзмэрийн  түүхээс  үзэхэд,  энэ  хуурыг  Цамын  (Цамбын)  Гомбо  гэгч  урлаж  хуурч  С.Түвдэн  хэрэглэж  байж.  Ингээд,  Ардын   хувьсгалын  50  жилийн  ойн  өмнөхөн  буюу  “1971  оны  тавдугаар сард  Улаанбаатар  хотын  Сүхбаатарын районы  ОСГ-ны  40-р  хороо,  2-р  40 мянгатын  11-р  байрны  3-р  орцны  36  тоот  хаалганд  суугч,  иргэний  372204  тоот  паспорттой  Соль  овогтой  Цоодолоос  Хувьсгалын  музейн  үзмэрт  зориулж  500  төгрөгөөр  худалдан  авсан”  баримт өнөө хүртэл хадгалагдан ирсэн хэмээн  Монголын   Үндэсний  музейн  куратор  Б.Ууганбаяр онцлон тэмдэглэж байна.

Эх сурвалж: www.polit.mn