Б.НАМУУНТАМИР
Энэ удаагийн “Старт-ап” буландаа технологид суурилсан хүргэлт, түгээлтийн “Odo shop” ухаалаг хүргэлтийн үйлчилгээний платформын үүсгэн байгуулагч Ч.Машнууцсүхийг урьж ярилцлаа.
-Дэлхий дахины асуудал болсон COVID-19 цар тахлын дэгдэлтийн улмаас манай улс анх удаа дотооддоо бүх нийтийн бэлэн байдлын хорио цээрийн дэглэмийг сахих шаардлагатай болсон нь онлайн захиалга, хүргэлтийн үйлчилгээний эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх гол шалтгаан болж буй. Тэгэхээр “Odo Shop” ухаалаг хүргэлтийн үйлчилгээний платформ анх хэрхэн үүсч байгуулагдсан бэ?
-Манай odo shop апп өдөр тутмын хүнсээ хүргэлтээр авах сонирхолтой хүмүүст зориулан бүтээсэн. Апп нээхэд өөрт нь хамгийн ойр байрлах хүнсний дэлгүүрүүд харагдана. Дэлгүүрээ сонгож ороод хүссэн хүнс, өргөн хэрэглээний бүтээгдэхүүнээ захиалахад тухайн дэлгүүр нь ойрхон гэрийн чинь хажууд учраас хүргэлтийг хурдан бөгөөд зардалгүй хүргээд өгөх хялбар шийдэл. Өнгөрсөн аравдугаар сард зохион байгуулсан “ict expo-2020” дээр анх танилцуулагдсан. Ийм хүргэлтийн аппликейшн дэлгүүр бүр хийж чадахгүй маш өндөр үнэтэй нарийн мэргэжил шаардана. Харин Одо шоп апп байхад хот, хөдөө, суманд гээд хаана байх хүнсний дэлгүүр хэдхэн минутад хүргэлтийн апп-тай болчихож байгаа юм. Одоогоор 250 гаруй дэлгүүр odo shop апп ашиглаж хүргэлтийн үйлчилгээ үзүүлж байна. Томоохон сүлжээ дэлгүүрүүд ч нэгдэж ороод эхэлсэн.
- Цар тахлын улмаас хүргэлтийн барааг гараас гарт дамжуулахаас дэлхий нийт аль болох зайлсхийж байна. Энэ үед танай компанийн зүгээс ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ. Мөн энгийн үеэс орлого мэдээж өссөн байх?
-Хүргэлтийн үйлчилгээ дэлхий дахинд хамгийн эрсдэл багатайд тооцогдож байна. Хятадад гэхэд бүх үйлчилгээг хааж ганцхан хүргэлтийн үйлчилгээг л үлдээсэн. Хүргэлт үүдэнд нь тавиад явдаг учир зайнаас харилцаж төлбөр тооцоо цахимаар явж харилцаанд орохгүй дуусдаг болохоор дэлхийн бүх оронд өсөлттөй байна. Хүргэлтийн хүсэлт эрс нэмэгдэж байгаа ч УОК хүргэлтийн үйлчилгээг хориглосон байсан тул явж чадахгүй л байна. Энэ долоо хоногт зөвшөөрөх байх тэгэхээр хүргэлтийг бүх дэлгүүр хийж эхэлнэ дэ.
-Манайд энэ төрлийн үйлчилгээ эрхэлдэг компани цөөнгүй бий. Сүүлийн үед өрсөлдөөн ч ихтэй зах зээл болж байна. Танайх тэднээс юугаараа ялгаатай, бас онцлог вэ?
-Хүргэлттэй онлайн шоп мэдээж олон бий. Харин бид олуулаа загвараараа эрс ялгаатай. Зах зээлд байгаа цорын ганц “олуулаа” загвартай хүнсний дэлгүүрийн онлайн захиалга хүргэлтийн апп юм. Онлайн хүнсний сүлжээ дэлгүүр гэж хэлсэн ч буруудахгүй. Хамгийн олон салбартай хүнсний сүлжээ дэлгүүрийг хоёр сарын хугацаанд үүсгээд байна. Одоогоор 250 дэлгүүрийг нэгтгэсэн хэрэглэгчийн хүргүүлэх хаяг хаана ч байсан хамгийн ойр хүнсний дэлгүүрээрээ үйлчлүүлэх болно. Дэлгүүрүүд нэмэгдэх тусам улам л өргөн хүрээнд үйлчилгээ үзүүлж чадна гэсэн үг.
-Хамтран ажиллаж буй байгууллагуудаа хэрхэн сонгон авч байна вэ. Мэдээж тодорхой хэмжээний шалгуур бий байх. Мөн одоогийн байдлаар ямар ямар компанитай хамтран ажиллаж, иргэдэд хэдэн төрлийн бараа бүтээгдэхүүнийг хүргэлтээр үзүүлж байна вэ?
-Платформ загвар өөрөө онцлог нь хэн сайн ойлгож ажиллаж чадаж байгаа нь улам хөгжөөд явдаг тэгш боломжтой талбар. Facebook хүссэн хүн нээж болдог ч идэвхтэй бас ухаалаг ашигласан нь бизнес ч болгон өргөжүүлж чаддагтай ижил манай odo shop апп хүссэн дэлгүүр болгонд нээлттэй гагцхүү хэн бараагаа сайн оруулна, хэн үйлчилгээ хүргэлтээ цаг тухайд нь хийнэ тэр хэрэглэгчдээс өндөр үнэлгээ авч улам олон үйлчлүүлэгчтэй болно. Ийм үйлчилгээ ганц дэлгүүрүүд биш өөр олон салбарт хэрэгтэйг бид саяын хөл хориогоор анзаарлаа. Иймээс энэ сараас барилгын материалын дэлгүүр, эмийн сангууд, номын худалдааныхан гээд бүх худалдаа үйлчилгээнийхэн өөрийн бизнес үйлчилгээгээ онлайнд нээж ажиллах боломжийг нээж өгөөд байна.
-Компанийн боловсон хүчний талаар товч танилцуулбал. Энэ хүндрэлтэй цаг үед компаниа тогтвортой үйл ажиллагаа явуулахын тулд ямар бодлого хэрэгжүүлж байна вэ. Саад бэрхшээл?
-Хамтран үүсгэн байгуулагчид маань Японд программын хангамжаар төгсөж тэндээ томоохон корпариациудын технологийн төслүүд дээр ажиллаж байгаад ирсэн туршлагатай инженежрүүд. Залуу шинэхэн төгссөн программистуудыг авч хамт ажиллангаа сургах замаар багаа бүрдүүлсэн. Одоо маш туршлагатай чадвартай залуус болцгоосон. Тогтвортой ажиллахын тулд мэдээж санхүүжилт чухал хөрөнгө оруулалт татах хүсэл байв ч ийм цаг үед хэн мөнгөтөй байх билээ бүгд л зах зээл хэрхэхийг ажиглаж байна. Ганцхан хүнс биш зах зээлээ тэлж өөр олон салбарын бараа үйлчилгээг нэгтгэж ажиллахыг зорьж байна. Өмнө онлайнаар бараа зарж үзээгүй хүмүүст шинэ шийдэл танилцуулж байгаа болохоор санасныг бодвол удааширалтай ч жил ирэх тусам онлайн худалдаа өснө гэж итгэж байгаа болохоор бага гэлтгүй нэмэгдэж байгаа захиалгын тоо, харилцагчдын тоондоо урамшаад л байна.
-Танай компанийн цаашдын зорилго, зорилт?
-2021 ондоо нээлттэй хувьцаат компани болохыг зорьж байна. IPO хийж олон нийтээс багахан хөрөнгө татаж чадвал хүн хүчээ нэмээд нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй ажиллаж чадна. Хот хөдөөгүй 1000 хүнсний дэлгүүрийг нэгтгэж орон даяар үйлчилгээ үзүүлэхийг хүсч байна. Ингэхийн тулд бидэнд бүх аймагт хамтран ажиллах хүмүүс хэрэгтэй. Биднийг төлөөлөн орон нутагтаа болон дүүрэгтээ ажиллах odo agent буюу төлөөлөгчдийг хайж байгаа. Технологи сонирхдог энэ салбарт бизнес хийх, ажиллах сонирхолтой бол манай www.odo.mn цахимаар болон Odo shop FB хуудсаар холбогдоорой гэж хүсэж байна.
-Үүсгэн бай-гуулагдахын өмнө нэлээдгүй судалгаа хийж энэ төрлийн бизнесийг эхэлсэн байх. Мэдээж эрсдэлгүй бизнес гэж үгүй. Таны хувьд эрсдэлээ хэрхэн тооцож байв?
-Стартапп бизнес өөрөө өндөр эрсдэлтэй бидний хийсэн технологийг хэн ч хэрэглэхгүй бол тэгээд л бүх юм дуусна. Жил ирэх тусам технологи ашиглаж бүтээмжээ нэмэхгүй бол зөвхөн хүний хүчээр өрсөлдөх боломжгүй болж байгаа болохоор технологийн ирээдүйг өөдрөгөөр харж байна. Эрсдэлээ тооцож ганцхан программ биш цогц систем бүтээж байж илүү хэрэглэгч татна гэж үзэж ухаалаг кассын программ Superkacc, дэлгүүрүүд бараагаа үйлдвэрлэгчээс шууд татдаг Odo order, энд ярьсан хэрэглэгч дэлгүүрийг холбосон Odo shop мөн хүргэлтийг шуурхай хийх хувийн машинтай эсвэл дугуйтай иргэд бүртгүүлэн хүргэлтэд ажиллаж болох A-B гэсэн дөрвөн систем зэрэг хөгжүүлж байгаа юм. 2021 онд A-B зах зээлд гарна. Ингээд дөрвөн систем хоорондоо холбогдож ажиллаж илүү цаг хэмнэсэн бүтээмжтэй зардал асар бага үйлчилгээг худалдааны салбарын бүх тоглогчдод үзүүлнэ. Бие биеэ дэмжсэн системүүд эрсдэлийг багасгана гэж итгэж байгаа юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.1.13 ЛХАГВА № 9 (6486)