Б.НАМУУНТАМИР

2020 онд гадаад худалдааны тэнцэл 2.3 тэрбум орчим ам.долларын ашигтай гарсныг Гаалийн ерөнхий газрын урьдчилсан статистик харууллаа.

Худалдааны тэнцлийн ашиг өмнөх оноос огцом өсөхөд импорт эрчтэй буурсан нь голлон нөлөөлсөн байна. Экспорт өмнөх оноос 0.6 хувиар буурч, 7.6 тэрбум орчим ам.доллар хүрсэн бол импорт 13.6 хувиар буурчээ.

Өнгөрсөн онд 5.3 тэрбум орчим ам.долларын бараа, бүтээгдэхүүн импортоор авсан байна.

Цар тахлаас үүдэж хаврын саруудад хилийн хязгаарлалттай холбоотойгоор уул уурхайн экспорт буурсан ч үнэт металл, гоёлын зүйлс бүлэгт багтах барааны экспорт жилийн дүнгээр 1.4 тэрбум орчим ам.доллар буюу 327.1 хувиар өсжээ. Үүнээс алтны экспорт тав дахин өссөн гэж Төв банк мэдээлж байсан юм.

Харин импорт эрчтэй буурахад нефтийн бүтээгдэхүүн, тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж зэрэг өндөр дүнтэй барааны импорт буурсан нь нөлөөлжээ.

Дэлхийн зах зээлд өнгөрсөн онд газрын тосны үнэ -40 ам.доллар хүртлээ буурсан бөгөөд энэ нь импортоос бүрэн хамааралтай шатахууны зах зээлд нөлөөлсөн байна. Мөн эдийн засгийн идэвхжил өндөр үед өсөх хандлагатай байдаг тоног, төхөөрөмж зэрэг хөрөнгө оруулалтын шинжтэй бүтээгдэхүүн, автомашины импорт буураад байгаа юм. 

Эх сурвалж: www.polit.mn