Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин 2021 оны эхний дугаартаа 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн Засаг дарга нарын үйл ажиллагааг онцолсон. Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр аймаг, нийслэлийг удирдах эрх өвөртөлсөн эрхмүүд ирэх дөрвөн жилийн хөгжлөө хэрхэн харж, төлөвлөж буйг хүргэсэн билээ. Тэгвэл www.polit.mn Засаг дарга нарын байр суурийг хүргэж байна.
-Цар тахал дэгдсэн хүнд үед өвчлөлөөс иргэдийг сэргийлэх ажилд идэвхийлж, нийслэл, дүүргээ хөгжүүлэх үйлсэд өргөсөн тангарагтаа үнэнчээр ажилласан нийт ажилтан, алба хаагчиддаа талархал илэрхийлье. 2021 онд амжилт бүтээлээр дүүрэн байхын ерөөлийг дэвшүүлье. Манай дүүрэгт “Жишиг гудамж”, “Жишиг хороо”, “Дэд бүтцийн төв” гээд томоохон бүтээн байгуулалтууд өрнөсөн. Улаанбаатар хотын гэр хороолол дунд анх удаагаа 200 гаруй өрх хашаандаа сайхан амьдарч, төвийн дулаанд холбогдлоо. Хэд хэдэн спорт цогцолборууд баригдсан. Дүүргийн хүн амын ая тухтай байдал хангагдаж, ажлын байр шинээр үүсч, залуучууд бүтээн байгуулалтдаа оролцож, өдрөөс өдөрт хөгжиж байна. Онцгой дэглэмийн үе таарсан учир ажлаа аваад бүх хороодоороо тойрч ажилласан. Цаашид байшин хорооллын хувьд хүүхдийн тоглоомын болон ахмадын салхилах талбай, гудамж талбайн хашаа хашлага, сургууль, цэцэрлэгийн хүртээмж, орон сууцны гадна дулаалга, дээвэр, лифт, хог хаягдал зэрэг маш олон тулгамдсан асуудал байна. Энэ бүхнийг засч, сайжруулахад анхаарч ажиллана. Гэр хорооллын хувьд гудамжны зам, жалга, ил задгай хог хаягдал, үер усны далан, дахин төлөвлөлт, газрын маргаан зэрэг асуудал бий.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2021.1.4 ДАВАА № 1 (6478)