Б.ДОЛЖИНЖАВ

Насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн гэмт хэрэгтний ялыг хөнгөрүүлж, сулласан  Өмнөд Солонгосын хууль, эрх зүйн тогтолцоо ихээхэн шүүмжлэлд өртөөд байна. Тодруулбал, 12 жилийн өмнө Сөүлийн баруун өмнөд зүгт орших Ансан хотод сургуульдаа явж байсан найман настай охиныг 56 настай эрэгтэй  Чо хулгайлж, хэрцгийгээр биед нь халдаж, хүчирхийлсэн билээ.  Түүнд 15 жилийн хорих ял оноосныг хөнгөрүүлж 12 болгосноор тэрээр өнгөрсөн сарын 12-нд суллагдсан юм.

Гэмт хэрэг үйлдэхдээ Чо согтуу байсан учир ялыг хөнгөрүүлсэн гэж шүүх мэдэгдсэн байна. Солонгост  согтуу болон сэтгэцийн эмгэгтэй хүн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд ялыг бууруулдаг хуультай. Энэ нь бэлгийн хүчирхийлэл үйлдэгчдийг өөгшүүлж байна гэж олон нийт эсэргүүцэж байна.  Тиймээс хэргийг дахин хэлэлцэж, түүнийг нийгмийн амьдралд оруулахгүй байхыг шаардсан бичигт 600 мянга гаруй хүн гарын үсгээ зурсан ч Засгийн газар татгалзсан юм.

Чо-г суллагдаж, гэртээ ирэх үеэр олон иргэн цуглаж “Түүнийг цаазал” хэмээн хашгирч, машиныг нь өшиглөж, өндөг шидэж эсэргүүцлээ илэрхийлсэн юм.  Учир нь гэмт хэрэгтний  суллагдаад очих шинэ гэр  охины гэрээс нэг километрийн зайд байдаг. Охин амьд үлдсэн ч  бие махбодь болоод сэтгэл зүйн хүнд цохилтод орсон.  Энэ талаар охины  аав “Бид эндээс зугтахыг хүсэхгүй байгаа ч өөр сонголт алга. Засгийн газар гэмт хэрэгтнийг 12 жил хорьсноос өөр зүйл хийсэнгүй.  Энэ хугацаанд юу ч өөрлөгдсөнгүй” гэж ярьжээ.

Эх сурвалж:BBC