Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин 2021 оны эхний дугаартаа 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн Засаг дарга нарын үйл ажиллагааг онцолсон. Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр аймаг, нийслэлийг удирдах эрх өвөртөлсөн эрхмүүд ирэх дөрвөн жилийн хөгжлөө хэрхэн харж, төлөвлөж буйг  хүргэсэн билээ.   Тэгвэл www.polit.mn Засаг дарга нарын байр суурийг хүргэж байна.  

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх:Төрийн мэдлийн эмнэлэгтэй болох ажлыг эхлүүлнэ

 

-Баянзүрх дүүргийн бүх шатны төрийн албан хаагчид  цар тахлын эсрэг тэмцэж, хүнд цаг үеийг иргэдтэйгээ хамт, эрсдэл багатай давж гарахын тулд хичээн ажиллаж байна. Хэдий бид хүнд нөхцөл байдалтайгаар ирэх оноо угтаж байгаа ч 2021 он баянзүрхчүүдийн хувьд ололт арвинтай, өгөөжтэй жил байна гэдэгт итгэлтэй байна.  Бид  оны төгсгөлд 80 мянган иргэнээ шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж дууслаа. 2021 оны эхэнд, үлдсэн өрхүүдээ шинжилгээнд бүрэн хамруулахаар төлөвлөж байна. Бид цар тахлыг иргэдийн дунд тархахаас урьдчилан сэргийлж чадахаас гадна эрсдэлтэй байж болохуйц тохиолдлуудыг илрүүлэх нь ач холбогдолтой юм. Азаар бидний өнгөрсөн хугацаанд авсан бүх шинжилгээ сөрөг гарсан нь халдвар олон нийтэд тархаагүй байгааг илтгэж байна.  Эмнэлгийн байгууллагууд халдварын эрсдэл хамгийн өндөртэй гэдгийг бид олон жишээгээр харлаа. Тиймээс оны дараа БЗД-ийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх өрхийн эрүүл мэндийн төв, хувийн хэвшлийн эмнэлгүүдийн гамшгийн үед ашиглах эрсдэлийн төлөвлөгөө, халдвар хамгааллын дэглэм, стандарт дүрэм журам баримталж байгаад нь хяналт тавьж ажиллах болно. Ер нь бид ирэх онд эрүүл мэндийн асуудалд онцгой анхаарч ажиллахаар төлөвлөлөө. Тухайлбал, БЗД-ийн иргэн бүр даатгалаараа эмнэлгийн тусламж, үйлчилгээг үнэ төлбөргүй авах боломжтой улсын эмнэлэгтэй болох шаардлагатай байна. Учир нь БЗД-ийн иргэд сүүлийн 20 гаруй жил эрүүл мэндийн үйлчилгээгээ хувийн эмнэлгээс авсаар ирсэн. Тиймээс эхний ээлжинд төр өөрийн мэдлийн эмнэлэгтэй болж, иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг чирэгдэлгүй өгөхөд онцгой анхаарах ёстой. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.1.4 ДАВАА № 1 (6478)