Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин 2021 оны эхний дугаартаа 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн Засаг дарга нарын үйл ажиллагааг онцолсон. Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр аймаг, нийслэлийг удирдах эрх өвөртөлсөн эрхмүүд ирэх дөрвөн жилийн хөгжлөө хэрхэн харж, төлөвлөж буйг хүргэсэн билээ. Тэгвэл www.polit.mn Засаг дарга нарын байр суурийг хүргэж байна.
Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал: Мега төслүүд хэрэгжүүлж ажлын байр нэмэгдүүлнэ
-Дорноговь улсаас санхүүгийн дэмжлэг авдаггүй, төсвөө орон нутгаасаа бүрдүүлдэг цөөн аймгийн нэг. 2021 онд аймгийн төсвөө өөрсдөө бүрдүүлээд зогсохгүй, улсын төсөвт 2.4 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр төлөвлөсөн. Сумандаа ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр Эрдэнэ, Алтанширээ, Хатанбулаг, Даланжаргалан сумдыг төвлөрсөн шугам сүлжээнд холбосон. Энэ ажил энэ онд үргэлжилж, дахин дөрвөн сумыг нэгдсэн шугам сүлжээнд холбоно. Мөн энэ онд 640 хүүхдийн сургууль, халдвартын эмнэлэг, шинэ театрын барилга ашиглалтад орно. Үүнээс гадна газрын тос боловсруулах үйлдвэр, төмөр зам дагасан уул уурхайн баяжуулах, боловсруулах үйлдвэрүүд, бүс нутгийн логистикийн төв, Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүс гэсэн мега төсөл манай аймагт хэрэгжсэнээр олон зуун ажлын байр бий болж, хүн ам ихээр төвлөрч, орон нутаг илүү их хөгжиж, иргэдийн амьдрал өдрөөс өдөрт өргөжин дээшилнэ гэдэгт итгэлтэй байна. Төрийн үйлчилгээний тэгш хүртээмжтэй, ил тод хариуцлагатай байдлыг дээшлүүлэхэд анхаарч ажиллана. Мөн 2021 онд цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээг шуурхай авах, урьдчилан сэргийлэх, хүн амынхаа эрүүл мэнд, амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн бодлого хэрэгжүүлнэ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.1.4 ДАВАА № 1 (6478)