Х.ОЮУНБОЛД 

АНУ-ын ерөнхий­лөгчөөр сонгогдсон Жо Байденийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Сулливан “Исламын Бүгд найрамдах улстай хийх хэлэлцээрийн ширээн дээр Ираны баллистик пуужингийн хөтөлбөр байх ёстой” гэж мэдэгджээ. Тэрээр “Бидний бодож байгаагаар энэ хөтөлбөр нь ирээдүйд хийх хэлэлцээрийн  нэг хэсэг учраас тэгэх ёстой” гэж “CNN” телевизэд ярьсан байна. Түүнээс гадна Жо Байден өмнө нь Иран цөмийн гэрээний заалтыг дахин биелүүлнэ. АНУ энхтайвны гэрээнд дахин нэгдэнэ. Энэ нь ирээдүйд хийх хэлэлцээрийн суурь болно гэж амласныг сануулжээ. Жейк Сулливан талуудын хийх хэлэлцээр НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн таван орноос цааш өргөжиж болно. Тухайлбал, бүс нутгийн орнуудыг оролцуулна гэв. 
Түүний хэлснээр энэ том хэмжээний хэлэлцээрт эцэст нь Ираны баллистик пуужингийн технологийг хязгаарлахыг баталгаажуулж чадах аж. Мөн энэ нь бид гадаад харилцааны шугамаар олж чадахыг зорьж байгаа зүйл юм. Үүнд шууд цөмийн архив, бүс нутгийн хамтарсан өргөжсөн асуудлыг хамруулна гэж ярьжээ. Харин Ираны ерөнхийлөгч Хасан Рохани өнгөрсөн сард баллистик пуужингийн хөтөлбөрийн талаар хэлэлцээр хийхгүй. Учир нь цөмийн зэвсгийн асуудалтай  ямар ч холбоогүй гэж мэдэгдэж байжээ. Тэрээр “АНУ олон сар цөмийн зэвсгийн хэлэлцээрт пуужингийн тухай сэдвийг хамруулахыг зорьсон. Гэвч энэ нь няцаагдсан. Жо Байден цөмийн гэрээнд буцаж орохын тулд өөр гэрээ байгуулах ёстой гэж хэлэхийг сонсоогүй. Доналд Трамп үүнийг хэлсэн” гэж ярьсныг “Ройтерс” агентлаг мэдээлсэн байна.

 

Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН 2021.1.5 МЯГМАР № 2 (6479)