Б.ДОЛЖИНЖАВ

Шинэ оны эхний өдрийг дэлхий нийт ДЭМБ-аас COVID-19-ийн эсрэг анхны вакцинд зөвшөөрөл олгосон мэдээгээр эхлүүлэв. Тодруулбал, ДЭМБ АНУ-ын “Pfizer”, Германы “BioNTech” компанийн хамтран бүтээсэн “Pfizer” вакциныг хэрэглэх зөвшөөрлийг яаралтай журмаар энэ сарын 1-нд баталлаа. Ингэснээр дэлхийн хэмжээний байгууллагаас зөвшөөрөл авсан анхны вакцин болж байна. Ийн ДЭМБ зөвшөөрөл олгосноор НҮБ тэргүүтэй олон улсын хамтын ажиллагааны байгууллагууд энэ вакциныг худалдан авч, гишүүн орнууддаа тараах боломжтой болж байгаа юм. ДЭМБ-ын тусгай зөвлөл энэ сарын 5-нд хуралдаж, вакциныг түгээх зөвлөмжийг гаргахаар төлөвлөсөн байна. Тэд “Pfizer” вакциныг судалж үзээд COVID-19 эсрэг ашиглахад үр дүнтэй, хүний биед аюулгүй, ямар нэгэн сөрөг нөлөөгүй хэмээн дүгнэжээ. 
ОХУ, АНУ, Их Британи тэргүүтэй хэд хэдэн орон өөрийн улсад үйлдвэрлэсэн вакциндаа иргэдээ хэдийнэ хамруулж эхэлсэн. Тухайлбал, Израйлийн эрүүл мэндийн яамны мэдээлснээр тус улсын 9.3 сая хүн амын 10 хувь буюу 950 мянга нь “Pfizer” вакцины эхний тунг тариулжээ. Ингэснээр  Израйль нийт хүн амынхаа 10 хувийг вакцинжуулсан дэлхийн анхны улс боллоо. Оксфордын их сургуулийн вакцинжуулалтын жагсаалтаас үзвэл Израйлийн араас Бахрейн улс хүн амынхаа 3.37 хувийг вакцинжуулснаараа, гуравдугаар байранд Нэгдсэн Вант улс хүн амынхаа 1.39 хувийг вакцинжуулснаараа жагссан бол АНУ хүн амынхаа 0.84 хувийг вакцинжуулаад байна.
Харин Хятадын төрийн өмчит “Sinopharm” эмийн үйлдвэрийн коронавирусын эсрэг бүтээсэн вакциных нь сүүлийн шатны туршилт 79.34 хувийн үр дүнтэй дуусч, зөвшөөрөл авахаар Засгийн газартаа хандсан тухай арванхоёрдугаар сарын 30-нд  зарлажээ.Хэрвээ зөвшөөрөл өгвөл хүн амын дархлаажуулалтад ашиглах Хятадын хамгийн анхны вакцин болох юм. Мөн  Их Британийн засгийн газар Оксфордын их сургууль, “AstraZeneca” компанийн хамтран бүтээсэн коронавирусын эсрэг вакциныг тус улсын хүн амын дархлаажуулалтад ашиглах зөвшөөрлийг арванхоёрдугаар сарын 30-нд олгожээ. Бусад вакцинтай харьцуулахад “AstraZeneca”-гийн вакцин уламжлалт технологиор бүтээгдсэн тул өртөг хямд, ердийн хөргөгчинд хадгалах, тээвэрлэх боломжтой юм. 
Монгол Улсын хувьд гуравдугаар сарын 1-нээс иргэдээ вакцинжуулж эхлэхээр төлөвлөжээ. Энэ талаар  Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Манай улс долдугаар сарын 24-нд  COVAX  хөтөлбөрт бүртгүүлсэн. Албан ёсоор бүртгэлд хамрагдсаныг арванхоёрдугаар сард мэдэгдэж, хүн амын 20 хувийг вакцинд хамруулна гэсэн мэдээлэл ирсэн. Бид богино хугацаанд ард иргэдээ вакцинд хамруулахаар ажиллаж байгаа. Цаад хугацаа нь гуравдугаар сарын 1-н гэж тооцож байна” гэж ярьсан юм.   Харин ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл “Манай улс ДЭМБ хүлээн зөвшөөрсөн, -20 хэмд хадгалах боломжтой вакциныг оруулж ирнэ” гэж мэдээлсэн. Тэгэхээр “Pfizer” вакциныг ДЭМБ хүлээн зөвшөөрсөн ч -60-аас -90 градуст хадгалах шаардлагатай учир манай улсад ашиглах боломжгүй юм. 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.1.4 ДАВАА № 1 (6478)