Б.ДОЛЖИНЖАВ

Бүхэл бүтэн дэлхий хэмээх нэгэн гаригаараа бид бүгд тахлын үед шинэ оноо угтан авлаа. Нэг жилийн хугацаанд 83.8 сая хүн халдварлаж, 1.8 сая хүн тахлаар амиа алдлаа. Ихэнх оронд улсынхаа хамгийн том төв талбайдаа бөөнөөрөө цуглах нь байтугай хамаатан садан, найз нөхөд, халуун гэр бүлээрээ ч шинэ оноо тэмдэглэж чадсангүй. Гэсэн ч зарим нэг оронд өмнөх жилүүдтэйгээ адил тэмдэглэжээ. Ийн  цар тахлын үеийн шинэ жилийг улс орнууд хэрхэн тэмдэглэснийг орчуулан хүргэж байна.

Европ:Нам гүмхэн шинэ оноо угтлаа

COVID-19-ийн шинэ хувилбар хурдацтай тархаж байгаагаас үүдэн Европт шинэ жилийн олныг хамарсан үйл ажиллагаа цуцлагдсан. Вирусын шинэ хувилбар хамгийн анх тархсан Англи улс иргэдээ баяраар гэрээсээ гарахгүй байхыг Ерөнхий сайд Борис Жонсон уриалсан юм.  Тиймээс Лондонгийн үдэш шинэ жилийн баярын туршид нам гүм байжээ. Хэн нэгэн гэрээс гарсан тохиолдолд цагдаа нар гэртээ тэмдэглэхийг анхааруулж байсан юм. Гэхдээ салют буудуулж, гэрлийн шоу хийсэн байна.

Мөн Франц улс шинэ жилийн өмнөх оройн үдэшлэгийг тарааж, шөнийн цагаар хорио цээрийн дэглэм тогтоохын тулд 100 мянган цагдаа харуулд гарчээ.

 Түүнчлэн Парис хотод метроны буудлуудын тал хувь нь хаагдаж, бар, зоогийн газар болон бусад үйлчилгээний байгууллагууд шинэ жилийн үеэр хаалгаа барьсан байна.

Германд нэгдүгээр сарын 10 хүртэл хөл хорио тогтоосон. Тиймээс олноороо цуглах, салют буудуулахыг ч хориглосон юм. Харин Италид 22:00 цагаас эхлэн зоогийн газар, дэлгүүрүүдийг хаажээ.

Америк:Хөл хориотой шинэ он

Америкийн ихэнх хот, мужуудад хөл хорио тогтоосон. Австралийн  Сидней хотод салют буудуулах ёслол болсон ч хүмүүсийг талбайд цугларч, энэ ёслолыг харахыг хориглосон юм. Энэтхэг улс Дели болон бусад томоохон хотууддаа шөнийн цагаар хөл хорио тогтоожээ.

Харин вирус анх тархаж эхэлсэн Хятадын Ухань хотын төвд мянга мянган хүн цугларч, агаарт бөмбөлөг хийсгэн баяраа тэмдэглэсэн байна.   Мөн Шинэ Зеландад шинэ жилийг ердийн байдлаар тэмдэглэжээ.

Эх сурвалж:BBC