Ц.МЯГМАРБАЯР
Covid-19-ийн нөлөө эдийн засаг, ажлын байр, төсвийн алдагдал, орлогын тасалдал, компаниудын оршин тогтнох, эс оршин тогтнох, өрхийн орлого буурах зэрэгт нэг талаар хүндээр тусч буй ч нөгөө талдаа эрсдэлийг боломж болгох том сорилтын өмнө ирснийг сануулсан жил болон ард үлдэж байна. Сүүлийн хоёр жил дараалан төсвөө 4.3 их наяд төгрөгийн алдагдалтай баталсан нь ирэх жилүүдэд /2021-2023 /алдагдлыг арван их наядаар хэмжигдэж тэлэхээр байгааг онцольё. Төсвийн алдагдал хэдий чинээ бага байна тэр хэмжээгээр манай улсын өр бага байна. Гэвч ирээдүйд орж ирэх орлогыг урьдчилж тооцон алдагдлыг өсгөж буй нь төсвийн хүрээнээс хальж 1940 оноос мөрдөж ирсэн төсвийн тогтвортой байдал, хариуцлагатай байдалд нөлөөлж буй харамсалтай дүр зургийг энэ онд улам тод харууллаа. Түүнчлэн төсвийн 25 орчим хувийг бүрдүүлдэг уул уурхайн орлогоос урд хөрш рүү гаргах коксжих нүүрсний хэмжээг жил бүр арав гаруй сая тонноор давуулан төсөвлөж байгаа нь олон улсын судалгааны байгууллагуудын тооцсон дүнгээс хэтэрч энэ нь өрийг нэмэгдүүлж байна. Ингэснээр манай улсын нэг хүнд ноогдох өр 20 гаруй сая төгрөгтэй тэнцэхээр байна. Гэтэл Covid-19-ийн хатуу хөл хорионд тушигдаж зогсонги байдалд орсон жижиг дунд бизнес, хувиараа хөдөлмөр эрхэлдэг хэсгийнхэнд хүндээр тусч хэдэн жил тордож эргэлтийн хөрөнгө нь 200 саяас 2-3 тэрбумд хүрсэн тэдний хувьд ирэх онд дампуурлаа зарлах хэмжээнд хүрч байгаа нь харамсалтай. Аливаа зүйл аажмаар өсдөг шиг гэнэт зогссон бизнес, эдийн засаг өмнөхөөсөө илүү их хөрөнгө зарж байж сэргэх нь тодорхой. Эрсдэлийг боломж болгож хувь хүн, өрх, аж ахуйн нэгж, улс бүхлээрээ амьдралын, бизнес, эдийн засгийн шинэ хэв маягт шилжих торгон агшинд 2020 оныг үдэж байна. Манай сонины байнгын эх сурвалж болох эдийн засагч, судлаач Г.Ганзориг 2020 оны Монголын эдийн засгийг тоймлож буйг энд онцоллоо.
Г.Ганзориг: Эдийн засгийн зогсонги жилийг дагасан хүндхэн жил ирж байна
-Энэ жилийн эдийн засгийн өнгө төрхийг нэг үгээр тайлбарлавал “зогсонги” гэмээр байлаа. Монголын эдийн засаг III улирлын байдлаар 7.3 хувийн бууралттай гарсан. Оны эцсээр ч хасах утгатай байх нь тодорхой харагдаж байна. Энэ нь нөгөө зогсонги гэдгийг илэрхийлж буй гол тоо. Дээр нь байнга л асуудал болж байдаг инфляци, валютын ханш маш тогтвортой байлаа. Ханш тогтвортой байсан нь хаврын саруудыг эс тооцвол гол тавааруудын экспорт л биднийг аварсан. Харин нөгөө талд нь валютын гадагшлах хэрэгцээ буурсан. Өөрөөр хэлбэл, бодит эдийн засгийн хангалттай хөдөлгөөн байхгүй болохоор, зах зээл дээрх нийт эрэлт муу байв. Улмаар валютын эрэлт ч байсангүй. Нэг л л валют хүчтэй чангарсан. Энэ бол БНХАУ-н юань. Гэхдээ энэ нь АНУ болон БНХАУ-ын эдийн засаг болон тэдгээр улсуудын мөнгөний бодлоготой холбоотой. Манайд кросс ханшаараа л ингэж өсч байгаа юм. Харин инфляцийн хувьд дэлхийн таваарын зах зээл дээрх үйл явдал илүү нөлөөлсөн гэвэл зохилтой. Олон улсын зах зээл газрын тосны үнэ хасах болсон түүхэн үйл явдлын гэрч бид болсон. Энэ нь манай шатахууны үнэнд нөлөөлж, инфляцийг нам дор байлгасан. Нэгэнт инфляци валютын ханш хоёр тогтвортой байгаа тул бодит эдийн засгаа дэмжихээр Төвбанкнаас хүүг буулгах нь тодорхой болсон. Ийнхүү бодлогын хүү анх удаа зургаан хувьд хүрлээ. Үүнтэй холбоотойгоор арилжааны банкуудын хүү ч буурч байна. Сайн хэрэг. Гэхдээ эцсийн дүндээ энэхүү мөнгөний зөөлөн бодлого зээл гаргалтыг нэмэгдүүлж, эдийн засаг, бизнест дэмжлэг болох учиртай. Гэтэл нөгөө л зогсонги байдалд байгаа эдийн засаг маань тэрхүү зээлийг шингээх чадамжгүй байгаа юм.
Ирэх онд гадаад худалдааны тэнцэл эерэг байх хүлээлттэй
2020 он гарснаас хойш арилжааны банкуудын нийт зээлийн үлдэгдэл 5.4 хувиар буурсан. Дэлхий даяар тархсан цар тахал иргэдийн тэгш бус байдлыг нэмэгдүүлсэн хэрэг боллоо. Ямар ч эдийн засгийн хүндрэл нийгмийг доороос нь эхэлж иддэг. Цагийн ажлууд үгүй болж, олон гэр бүлүүд орлогын асуудалтай болдог. Манайд ч бас өөрцгүй. Яг л хямралын үед гардаг дүр зургууд харагдаж эхэлсэн. Энэ жил ч ингээд дууслаа. Сайнгүй л жил боллоо. Ирэх оныг сайн талаас нь харвал олон улсын зах зээл дээр бидний импортолдог бүтээгдэхүүний ханш энгийн үеэс бага, харин экспортолдог бүтээгдэхүүний ханш энгийн үеэс өндөр байх хүлээлттэй байна. Иймд манай гадаад худалдааны тэнцэлд их эерэг жил болох шинжтэй. Энэ дүр зураг эхний хагас жилд үргэлжлэх болов уу. Харамсалтай нь сайн мэдээ үүгээр дуусч байна. Одоо эрсдэлийг нь яръя.
Мөнгөний зөөлөн бодлого урт хугацаандаа нөлөөлдөг
Бид 2020 онд хүчтэй сангийн тэлэх болон мөнгөний зөөлөн бодлого баримталсан. Энэ төрлийн бодлогууд нь бодит эдийн засагт хугацааны хоцрогдолтой нөлөөлдөг жамтай. Түүнчлэн тунг нь тааруулахгүй бол сөрөг үр дагаварууд ч авч ирдэг. Өөрөөр хэлбэл, эдгээр бодлогын нөлөөгөөр мөнгөний нийлүүлэлт огцом өсөх магадлалтай. Гэхдээ энэ нь хөл хориогүй, эдийн засаг бүрэн сэргэж буй үед л хамааралтай. Тэр тохиолдолд зах зээл дээр төгрөгийн хэмжээ огцом өснө гэсэн үг. Энэ нь инфляци болон валютын ханшид том дарамт болно. Хэдий гадаад худалдааны тэнцэл эерэг байх ч энэ бол нийт валютын урсгалын ердөө нэг л данс нь гэдгийг санах нь зүйтэй. Тэгэхээр эдийн засаг эргэн хэвийн эргэлтэд орох үед эдгээр том эрсдэлээс бид зайлахгүй бололтой. Түүнчлэн одоогоор яг ямар компани цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон нь хангалттай тодорхой болоогүй байна. Бүгд бүсээ чангалаад л үзээд байна. Гэхдээ ингээд удаан явахгүй. 2021 онд хэд хэдэн компани цаашид үйл ажиллагаа явуулахад хүнд болж, бүр мөсөн зогсох болов уу гэсэн айдас байна. Энэ нь банкуудын хувьд маш том зээлийн чанаргүйдэл үүсгэнэ. 2020 онд ажилгүй болсон иргэд тийм ч хурдан ажилд орчихгүй. Иймд хөдөлмөрийн зах зээл дээр үүссэн асуудлууд ч 2021 онд үргэлжилсээр байх болов уу гэж харж байна. Эцэст нь хэлэхэд зогсонги жилийг дагасан хүндхэн жил ирж байна даа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.12.28 ДАВАА № 251, 252 (6476, 6477)