Б.ОЮУНЗУЛ
Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа монголын түүхэнд арванхоёрдугаар сарын 27-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.
Зууны мэдээ сонины 2013 оны 12 сарын 27-ны дугаар “Хоржоонтой дурсамж” номоороо утга зохиолын дээд шагнал “Алтан Өд” хүртсэн Соёлын гавьяат зүтгэлтэн, эрдэмтэн, зохиолч Л.Одончимэдийг дугаарын зочноор урьж ярилцсан байна. Ингээд та бүхэндээ түүний ярилцлагын нэгээхэн хэсгээс хүргэж байна.
-“Алтан Өд”-өөр бичих эрхэм хүндлэлийг хүлээсэн танд уншигчид, хамт олныхоо өмнөөс баяр хүргэхийн сацуу ярилцлагаа шууд эхэлье. Яагаад та хоржоонтой юм бичээд байдаг юм, дурсамжийг зүгээр бичиж болдоггүй юм уу?
-“Алтан Өд” гэдэг шагнал өгч, авдаг гэдгийг олон жилийн өмнөөс харж, сонсч явлаа. Түүнд оръё, шагнал авъя гэж бодож явсангүй. Шагналынх нь нэрнээс харахад залууст зориулсан юм уу гэхээр. Өд сөд гэдгээс үүдээд дөнгөж “ургаж” байгаа хүмүүсийн ажил гэсэн бодолтой явлаа. Гэтэл явсаар байгаад “Хоржоонтой дурсамж” номоороо “Алтан Өд” авлаа. Миний ном урагшаа Дорноговийн Замын-Үүд, Өмнөговь, зүүн тийшээ Сүхбаатар аймаг хүртэл их нэрд гарсан юм. Яагаад гэхээр говийнхны хүнлэг, цаанаа бодох санах юмгүй ил цагаан, хошин шогч, нэгийгээ явуулдаг, егөөддөг, хошигнодог зан чанарыг гаргасан. Нөгөөтэйгүүр, хүн дурсамжаа би төдөн онд дарга байгаад тийм тогтоол гаргуулаад, ийм байшин бариулаад гээд яриад байвал хүн уншихгүй шүү дээ. Харин хоржоонтой хэлбэрээр бичвэл уншууртай юм уу гэж бодож “Хоржоонтой дурсамж” номынхоо нэгдүгээр ботийг гаргасан юм. Надаас хойш хүмүүс бүгдээрээ тиймэрхүү амттай юмнуудаар чимэглэж бичдэг болсон. Тэгэхээр нь би бас урамшаад “Хоржоонтой дурсамж” номынхоо хоёрдугаар ботийг бичсэн. Ер нь би сая уран бүтээлийнхээ зургаан ботийг гаргасан. Тэр дотроо “Хоржоонтой дурсамж” номынхоо нэгдүгээр ботийг засч сайжруулаад дахиж хэвлүүлсэн. Хоёрдугаар боть бол цоо шинэ ном, сая “Алтан Өд” шагнал хүртлээ.
-Та ер нь яагаад шооч болчихсон юм бэ?
-Манай говийнхон хошин шоггүйгээр, нэгийгээ даваадуулж,егөөдөж, шоглохгүйгээр амьдарч чадахгүй хүмүүс байгаа юм. Худаг дээр хоёр хөгшин тааралдаад ярьж байхад машинтай давхиж ирсэн хөндлөнгийн гурав дахь хүн ойлгохгүй. “Манай зоо үзэгдэв үү” гэхэд “Өчигдөр л 800 үүрээд хойно явж байсан” гэх жишээтэй. Тэгэхээр нөгөө ирсэн хүн зоо гэж нурууг хэлмээр юм. 800 гэдэг нь юу юм бол гэж бодно. Тэгвэл 800-гийн чех карбин үүрээд хойд хэцэд манай зоотехникч явж байсан гэдгийг тэгж л ярина. Ийм зовлонтой хүмүүс байгаа юм. Тэр дотроо миний өсч төрсөн Дорноговийн Дэлгэрэхийнхэн бүр ч онцгой. Намайг зохиолч болгож, хошин шогт дуртай болгосон нь манай сумынхны хийсэн “ажил”. Тэдний өгсөн хүмүүжил, олгосон авьяас чадвар тэр.
-Тэгвэл, говийнхон тэр дотроо танай Дэлгэрэхийнхэн шооч байдгийн учир юунд байна. Ийм эрэл хайгуул хийж үзэв үү?
-Надад онигоо гэхэд 100 гаруй мянган юм бий. Таван тивийн онигоо байна. Онигоо хаана их байдаг юм гээд үзэхээр Дундад Ази, Кавказ, Сибирь, тэндээс Монгол руу орж ирнэ шүү. Оросууд онигоо ихтэй. Ер нь бол монголчуудын дөрвөн улирлын амьдрал, таван хошуу мал, жилдээ арав хорь нүүдэг хөдөлгөөнт амьдрал өөрөө аяндаа шог явдал, тийм тохиолдлыг үүсгэдэг. Нэг хятад хүн байна гэж бодъё л доо. Өглөө гараад нэг жимээр явж тариан талбайдаа оччихоод эргээд ирдэг. Өдөр болжмороос өөр амьтантай тааралдахгүй байхад яаж тэндээс шог төрөх вэ. Тэгэхээр бидний хөдөлгөөнт амьдрал, малаа алдахаас эхлээд эрэх, сурах адал явдал явсаар хошин шог төрж байгаа юм. Тэр дундаа монголчууд өөрийн хөдөлмөр, хатуужлаар тэр бүхнийг даван туулж байна шүү дээ. Шинэ тогтолцооны үед олон аймаг хот руу нүүлээ, Увсаас эхлээд. Тогоогийн хулгайч нар зүгээр байлгахгүй байна гээд л наашаа нүүгээд байсан. Гэтэл Дорноговийнхон наашаа нүүж ирээгүй шүү дээ. Одоо хүн ам нь нэмэгдээд 60 мянга хүрэх гэж байна. Говиос Өмнөговь, Дундговь, Сүхбаатарынхан хот руу нүүгээгүй. Тэгэхээр говьд их нарийн нандин юмнууд байна. Жишээ нь Равжаа хутагтыг аваад үзье л дээ. Тэр хүн 200 гаруй жилийн өмнө хангайд юм уу, өөр нутагт төрөхгүй яасан юм бол. Зэрлэг бүдүүлэг харанхуй говьд тийм гэрэл гэгээ цацруулсан хүн төрснийг юу гэж үзэх вэ. Тэгэхээр говьд асар их эрч хүч, хүнийг татах, хүнд ухаан суулгах чадвар байна. Энергийн төв нь ч байна. Бас нэг гоё юм нь манай говийнхон чадал, чансаатай бүхнээ хутагт, хувилгааддаа дайж, тэднийхээ нэрэн дээр данслуулж хадгалж ирсэн. Би нэг гоё үг хэлчихээд Одончимэд хэлсэн гээд тараах юм бол цаашаа нэг их явахгүй. Равжаа хутагт ингэж хэлжээ гэвэл “Хутагт тэгж хэлж” гээд бүх хүн хүлээж авна. Ардын ухаанаа бичиг соёлгүй үед нэг хүн дээрээ төвлөрүүлж, хадгалж хөгжүүлж ирсэн, хойт дүр нь төрөхөд тэр хүн цааш үргэлжүүлээд явж байсан, энэ бол ардын асар том ухаан. Монголчуудын, говьчуудын ухаан ийм. Доктор Л.Хүрэлбаатар маань хэлдэг байсан юм, “Та нар бүх юмаа Равжаа хутагтдаа тохож байдаг. Говийн том ат шигээ санаж явдаг.Равжаагаас чинь өөр хүн байдаггүй юм уу” гэдэгсэн.
Эх сурвалж www.zms.mn