Амьдарч буй орчин, соёл, хэл, үзэл бодлоороо ялгаатай долоон тэрбум гаруй хүний сэтгэлийг ганцхан зүйл зовоож, айдаст автуулж, амьдралын хэв маягийг эрс өөрчилсөн үйл явдал энэ онд тохиосон нь цар тахал байв. Арванхоёрдугаар сарын 25. Дэлхийн олон орон энэ өдрийг тэсэн ядан хүлээдэг, хамгийн чухал, хамгийн их аз жаргалаар бялхсан өдөр байдаг сан. Гэвч энэ жил Зул сарын баяраа өмнөх шигээ уламжлалт байдлаар найз нөхөд, хамаатан садныдаа зочилж өнгөрөөх эрхээ бид цар тахалд булаалгасан. Тэгвэл таван өөр оронд, таван өөр гэр бүл цар тахлын үед Зул сарын баяраа хэрхэн тэмдэглэснийг сонирхуулж байна.
Швед:Гэр бүлээрээ ихэнх цагийг гадаа өнгөрүүлэх нь жинхэнэ аз жаргал юм
Швед улсад амьдардаг Майкл, Эмил Босон болон тэдний зургаан настай хүү Лукас, 13 настай хүү Каспер нартай бид холбогдлоо. Цаг агаарын температур өдөрт дунджаар -2 градус байгаагаас үл хамааран тэд Зул сарын баяраа Стокголм хотоос хойд зүгт 643 километрт байрлах уулаар бүрхсэн Ари хотод анх удаа тэмдэглэхээр төлөвлөсөн юм. Ингэхдээ цана, чаргаар гулгаж өөрсдийгөө дулаацуулан, өдрийн хоолондоо тахианы шарсан мах идэж, халуун вино ууж, жимс, самраар даруулан цагийг тун зугаатай өнгөрүүлжээ.
Цар тахлын хөл хорионы улмаас Майкл ажлаасаа гарсны дараа долдугаар сард гэр бүлээрээ энэ хотод нүүж ирсэн юм. Хоёр ах болон хүүхдүүд нь халдвараас сэргийлэхийн тулд тэдний ойролцоох зочид буудалд байрлажээ. Бусад хамаатнуудтайгаа цахимаар холбогдож, баярын мэнд дэвшүүлэв. Энэ талаараа Майкл “Гэр бүлийнхээ бүх гишүүдтэйгээ хамт байхгүй болохоор уйтгартай юм. Уг нь манайд 20 хүн цуглаж, Зул сарын өдрийн хоолоо иддэг уламжлалтай. Гэхдээ би хот руу буцаж очмооргүй байна. Хөдөө байх нь надад сайхан байна. Учир нь амьдралын өртөг багаас гадна гэр бүлээрээ ихэнх цагийг гадаа өнгөрүүлэх таатай санагдаж эхэлсэн” гэж ярилаа.
Испани:Өмнөх жилүүдээсээ эрт гацуураа засч, чимэглэв
Кенза Мекоуар, Жуан Олайзола нар хүүхдүүдийнхээ хамт Испани улсын Мадрид хотод амьдардаг. Найзууд, хамаатан садан нь өөр өөр газарт тусдаа амьдарсан огт өөр Зул сарын баярыг тэд үдлээ. Кенза уг нь Марокко улсын Рабат хотынх боловч хоёр хүүхэдтэйгээ хамт нөхрийнхөө төрсөн хот Мадридад амьдарч байна. Тэд ихэнхдээ Зул сарын баяраа Мадрид болон Марбелла гэсэн хоёр хотын хооронд өнгөрүүлдэг. Гэтэл хавраас эхэлсэн хөл хорионоос сургууль хаагдаж, нислэгүүд зогсож, санаанд оромгүй жил болов. “Энэ жил илүү хөгжилтэй зүйлс туршиж үзэхийг хүссэн юм. Тиймээс бид баяр хөөр бэлэглэх, биднийг аз жаргалтай болгох зүйлсийг хийж үзэхийг хичээж байна” гэж Кенза ярив.
Энэ жил Кенза өмнөх жилүүдээс эрт гацуур модоо чимэглэж, анх удаагаа зул сарын захидал илгээжээ. Гэвч хөл хорионоос болж Зул сарын баярын уламжлалт уулын аялалаа хийж чадсангүй. Өөрчлөгдөөгүй ганц зүйл нь баярын уламжлалт зоог байв. Лондонд амьдардаг байхдаа сурсан Британи жороороо шарсан цацагт хяруулын махан дээр Испанийн далайн хүнсийг нэмж Зул сарын өмнөх оройн хоолонд гэр бүлийнхэндээ хийж өгчээ. Хамгийн сонирхолтой нь тэд гэртээ Англи, Франц, Испани хэлээр ярьдаг юм.
Австри:Нам гүмхэн “Зул сарын баяр”
Австрийн Залцбургт хүүхдүүдийн хамт амьдардаг Эва болон Грахам Кревтэй холбогдлоо. Эва Австри, Грахам Их Британи хүн юм. Тиймээс Грахам жил бүр Их Британид амьдардаг эцэг эх рүүгээ очдог. Гэвч энэ жил очих боломжгүй болсон юм. Энэ тухай Эва “Бид бүтэн бүрэлдэхүүнээрээ уулзаж чадахгүй нь. Өмнөх жилүүдээс цөөн хүн цуглалаа. Өөр хотод амьдардгаас 97 настай эмээтэйгээ бид уулзсангүй. Тиймээс цахимаар бичлэг явуулна” гэв.
Тэдний гэр бүл Австри болон Британийн уламлжлалыг хослуулан Зул сарын баяраар арванхоёрдугаар сарын 24-нд бэлгээ өгч, 25-нд нь баяраа тэмдэглэдэг юм. “Бид цацагт хяруулын махтай Англи өдрийн хоол бэлтгэдэг. Гэхдээ энэ жил мөнгөө хэмнэж тахианы мах авна. Бүх төлөвлөгөө цуцлагдсан. Нам гүмхэн баяраа тэмдэглэх нь. Зул сарын баяр гэр бүлээрээ цуглах гол боломжийг олгодог байсан юм. Ирэх жил дэлхийн өнцөг булан бүрт байгаа бүх найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ уулзахыг тэсэн ядан хүлээж байна” гэж Грахам ярилаа. Гэхдээ Амели төгөлдөр хуур, Элена хийл тоглодог зарим уламжлалт үзүүлбэрүүд хэвээрээ үлджээ.
Итали: “Whatsapp” аппликейншнаар холбогдож, хундагаа өргөж, ерөөл хэлсэн
Надиа, Симон нар хоёр хүүгийн хамт Италийн Ром хотод амьдардаг. “Манай гэр бүл том бүрэлдэхүүнтэй. Зул сарын баяраар бүгд ээж дээр очдог. Гэвч энэ жил анх удаа бүгдээрээ баяраа тэмдэглэсэнгүй. “Whatsapp” аппликейшнаар холбогдож, хундагаа өргөж, ерөөл хэлсэн. Нэг их ярилцаж чадаагүй” гэж Надиа ярилаа. Тэд хүүхдүүдээ уйдахгүйн тулд шинэ жилийн өмнөхөн нохой худалдаж авчээ. Ийн уламжлалт маягаар ширээгээ засч, дөрвүүлээ нохойтойгоо хамт нэг ширээнд суун баяраа тэмдэглэв.
Орос:Өнгөрсөн жил гэр бүлээрээ зоогийн газар орж, цагийг зугаатай өнгөрүүлсэн
ОХУ-ын Москвад амьдардаг Наталья Хартукова болон Владимир Кривелскийтэй холбогдлоо. Наталья Москвагийн эмнэлэгт цар тахлын яг голомтод ажилладаг эмч. Тэрээр “Өнгөрсөн жил гэр бүлээрээ зоогийн газар орж, бүх шөнөжингөө бүжиглэж, цагийг зугаатай өнгөрүүлсэн. Түүний өмнөх жил нөхөртөйгээ Хятад руу явсан. Харин энэ жил бүх зүйл өөрчлөгдсөн. Арванхоёдугаар сарын 31-нд хоёр хүн урьж магадгүй юм. Би өндөр эрсдэлтэй эрүүл мэндийн ажилтан учраас эцэг эх минь баяраар манайд зочлохгүй болов уу. Тиймээс цахимаар мэнд хүргэнээ. Уг нь энэ хүнд хэцүү цаг үед өмнөхөөс илүү өөрөөр шинэ жилээ тэмдэглэж, аз жаргалтай байх ёстой” гэж ярилаа.
Эх сурвалж:BB