Б.ЭНХТУУЛ

 

Монголчууд “Эрүүл мэндийн даатгал төлөөд байгаа хэрнээ ач холбогдол, үр дүнг нь үзэхгүй байна” гэж ярьдаг. Тэгвэл ирэх онд хэрэгжих Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд  эрүүл монгол хүний үнэ цэнийг тодотгосон олон чухал нэмэлт, өөрчлөлтийг оруулж өгчээ. Энэ тухай ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэнтэй ярилцлаа.

 

-Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 2021 оноос хэрэгжиж эхлэх өөрчлөлтүүдийн талаар мэдээлэл өгөөч. Эрүүл мэндийн салбарт болон иргэдийн эрүүл мэндэд ахиц дэвшил гарсан олон чухал өөрчлөлт гарна гэж харж байна? 

-2021 оны нэгдүгээр сарын 1-нээс эрүүл мэндийн даатгалын байгууллага стратегийн худалдан авагч болж, нэг худалдан авагчийн зарчимд шилжсэн.

ЭМДЕГ, эрүүл мэндийн байгууллагуудаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нь худалдаж авна. Эрүүл мэндийн байгууллагууд иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хэр чанартай үзүүлсэнээс шалтгаалан гүйцэтгэлдээ тохирсон санхүүжилтыг манайхаас авах юм.  Өмнө нь эрүүл мэндийн байгууллагуудын тогтмол зардал, урсгал зардал, цалин хөлс бүхнийг төсвөөс өгдөг. Эмнэлгийн тусламж үйлчилгээний зардал нь ЭМДС-гаас гардаг байсан бол одоо энэ бүх зардал ЭМДЕГ-аар дамжин гарна.  Тэгэхээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ бүр өөрийн гэсэн өртөгтэй, үнэлгээтэй болно. Үүнийг эрүүл мэндийн байгууллагууд ЭМДЕГ-тай тохирно гэсэн үг. Бид оношоо зарлана. Тэд шаардлагатай тусламж үйлчилгээг бидэнд санал болгоно. Ийм гэрээ хийгээд явна. Тэгэхээр өвдсөн үедээ иргэд эрүүл мэндийн байгууллагуудаар  олон шат дамжлагатай  явдаг байсан бол одоо ийм чирэгдэл гарахгүй. Одоо зориод ирсэн хүн бүрт тухайн эмнэлэг чанартай тусламж үйлчилгээг өөрийн хүчин чадлын хүрээнд үзүүлэх болно. Ийм эрхзүйн орчныг нь бүрдүүлсэн.  Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай үзүүлэх нь тухайн байгууллагын оршин тогтнох үндэс нь болж, үйл ажиллагаа нь тогтворжино гэсэн үг. Тухайлбал, Амаржих газрын тусламж үйлчилгээ, хүүхдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээ, халдварт өвчнүүдийн зардал зэргийг төрөөс даадаг байсан бол одоо эмнэлгүүд гүйцэтгэлээрээ санхүүжээд явна. Хуульд орсон энэ өөрчлөлтөөр бид чанарын хяналт тавьж, санхүүжилтээ олгоно. Тэр хэрээр ЭМДЕГ-ын чадавхи сайжрах ёстой. Үүнтэй холбогдуулан манай ЭМДЕГ-ын бүтэц, орон тоо өөрчлөгдөж байгаа. Бид цахимаар хяналтаа тавиад явна. Шаардлагатай тохиолдолд газар дээр нь биечилсэн хяналт шалгалтыг хийнэ. 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс энэ бүх ажлууд шат дараатай хэрэгжинэ.

Олзуурхууштай нэг зүйл нь эрүүл мэндийн салбарын санхүүжилтыг шинэчлэх, сайжруулах ажлын хүрээнд Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр техник туслалцаа үзүүлэх төсөл хэрэгжиж байгаа. Энэ төсөл дээр манай дотоодын зөвлөхүүд ажиллаж байгаа. Бидний зүгээс дотоодын зөвлөхүүдтэйгээ нягт уялдаа холбоотой ажиллаж байна. 

-Иргэд эмнэлгээ өөрсдөө сонгоод үзүүллээ гэхэд үйлчилгээний үнийн ялгаа хэр байх бол. Жишээ нь, улсын эмнэлгийн төлбөр хувийнхаас арай хямд байдаг. Мөн хувийн эмнэлгүүд улсын эмнэлэгтэй харьцуулахад, ЭМДС-гаас арай бага санхүүжилт авдаг. Үүнийг яаж зохицуулах вэ?

-Иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахдаа шууд төлөх төлбөрийн хэмжээг хөндөж байгаад талархаж байна. ЭМДС-гаас улсын болон хувийн эмнэлгүүдийг санхүүжүүлэх тариф өмнө нь ялгаатай байсныг 2020 оноос эхлэн тарифын зөрүүг арилгаж, улсын болон хувийн эмнэлгээс даатгуулагчид үзүүлсэн ижил төрлийн тусламж үйлчилгээнд ижил санхүүжилтийг  ЭМДС-гаас олгож байна. Хэдий ЭМД-ын тарифын зөрүү арилсан ч иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахдаа өөрөө шууд төлж буй төлбөрийн хэмжээ улсын болон хувийн эмнэлгүүд, мөн хувийн эмнэлгүүд хооронд зөрүүтэй байна. Учир нь улсын эмнэлгүүд ЭМДС-гаас санхүүжүүлэхээр тогтоосон тарифыг мөрдлөг болгодог бол хувийн эмнэлгүүд тусламж, үйлчилгээнийхээ тарифыг өөрснөө тогтоож, даатгуулагчаас зөрүү төлбөрийг нь төлүүлж байгаа юм. Иймд энэ асуудлыг шийдвэрлэх үүднээс бид ЭМДС-гаас санхүүжүүлэх тусламж, үйлчилгээ үзүүлэх эрүүл мэндийн байгууллагыг сонгон шалгаруулах журамд өөрчлөлт оруулж, эрүүл мэндийн байгууллагууд сонгон шалгаруулалтад оролцохдоо үнийн саналаа өгөх, бага үнийн санал нь сонгон шалгаруулалтад тэнцэхэд хөшүүрэг болох шинэчлэлийг нэвтрүүлж байна.

Энэхүү шинэ алхам нь даатгуулагчийн хувийн эмнэлгүүдэд төлөх хамтын төлбөрийн хэмжээг бууруулах, хувийн эмнэлгийн үнийг тогтворжуулах, даатгуулагч аль эмнэлэгт очиход хэдэн төгрөгийн хамтын төлбөр төлөх вэ гэдэг мэдээллийг тодорхой болгох юм. Нөгөө талаар одоогоор эрүүл мэндийн даатгалын сангаас хувийн эмнэлгүүдийн даатгуулагчид үзүүлсэн хэвтүүлэн эмчлэх, уламжлалт, сэргээн засах, сувиллын тусламж, үйлчилгээг санхүүжүүлж, амбулатори, оношилгоо шинжилгээ гэх мэт бусад тусламж, үйлчилгээг санхүүжүүлэхгүй байгаагаас иргэдийн хувийн эмнэлэгт төлөх төлбөр өндөр байгаа тул ЭМДС-ийн чадамж, судалгаа шинжилгээнд үндэслэн, ЭМДС-гаас санхүүжүүлэх хувийн эмнэлгийн үзүүлж буй тусламж, үйлчилгээг  өргөжүүлэх ажлыг үе шаттай хийхээр судалгаа, тооцоо хийгдэж байна.

Цаашид иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахдаа өөрөө төлж буй хамтын төлбөрийн хэмжээг тусламж, үйлчилгээний төрөл, тухайн иргэний орлогын чадамжтай нийцүүлэн, зохистой тогтоох  бодлогыг нэвтрүүлж, хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

-Таны ярианд сая дурдлаа. Уламжлалт эмчилгээ, сувилал, сэргээн засах тусламж үйлчилгээг хөнгөлөлттэй үзүүлэх хувь хэмжээг 2020 онд нэмэгдүүлсэн. Хот, хөдөөд үйл ажиллагаа явуулж байгаа рашаан сувилалын газрууд хамрах хүрээ, үйл ажиллагаа, үйлчилгээний нэр төрөл өөр байдаг. Үүнд яг ямар шаардлага, шалгуур тавьж, санхүүжилт өгдөг юм бэ?

-Энэ их чухал асуудал. Эрүүл мэндийн  тухай хуулийн 16 дугаар  зүйлийн 16.11.Сувилал нь чанар, нөөц нь тогтоогдсон рашаан, байгалийн бусад хүчин зүйлийн орд газрыг ашиглан сэргээн засах болон уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээг хэвтүүлэн эмчлэх хэлбэрээр үзүүлэх байгууллага байна гэж заасан. Тэгэхээр сувилал гэж ямар газар байх ёстой нь тодорхой харагдаж байна.

Цаашид эрүүл мэндийн даатгалын санхүүжилтыг үр ашигтай зарцуулах, эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээг авах үүднээс тухайн эмнэлэг хэвтэн эмчлүүлэх шаардлагатай, яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх шаардлагатай, хурц өвчтэй хүмүүсээ хүлээж авна гэсэн үг. Мөн дараагийн шатны тусламж үйлчилгээ ямар байх вэ. Яаралтай тусламжийн үйлчилгээ, мэс заслууд ямар үнэлгээтэй байх вэ гэх мэтээр тус бүрдээ үнэлгээтэй байх ёстой. Мэдээж, энэ үнэлгээг бид иргэдийн хэрэгцээ шаардлагыг үндэслэн тогтоож өгнө. Харин эмнэлгүүд чухал шаардлагатай эмнэлгийн тусламж үйлчилгээгээр өрсөлдөж эхэлнэ гэсэн үг.

Өнөөдөр иргэдийн зүгээс  улсын эмнэлгийн оочер  дараалал дийлдэхгүй байна, чанартай тусламж үйлчилгээгээ авч чадсангүй гэдэг. Тэгвэл ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжих хуулийн дагуу эмнэлгүүд чанараар, гүйцэтгэлээр чанартай тусламж үйлчилгээгээр өрсөлдөөд ирэхээр энэ шүүмжлэл үгүй болно. Хоёрдугаарт бид уламжлалт сэргээн засалтын чиглэлд анхаарал хандуулсаар ирсэн. Уламжлалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа эмнэлгийн санхүүжилт өмнө нь 110 мянган төгрөг байсан бол одоо 250 мянган төгрөг болсон. Энэ  Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан ажил. Энэ дагуу ЭМД-аас олгож байгаа мөнгөн дүн, санхүүжилт өссөн. Тэгвэл ирэх онд эрүүл мэндийн хуульд заасны дагуу рашаан сувилал, фитнес клубт санхүүжилт олгохгүй байхаар тусгасан. Энэ нь иргэд эрүүл мэнддээ анхаарал хандуулах, өөрсдийнхөө хүсэл сонирхлоор авах ёстой үйлчилгээ гэж үзсэн. 

-Ирэх оноос эмнэлгүүд санхүүгийн хувьд бие даасан байдал руу шилжинэ, чанарааар өрсөлдөнө гэдэг сайн хэрэг. Үүнийгээ дагаад хүний нөөцийн хувьд бас бие даасан байдал руу орох байх. Эмч, сувилагчдын цалин урамшууллын систем яаж тусгагдах вэ?

-Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүртээмжтэй, чанартай байлгахад  анхаарах ёстой. Тэр утгаараа Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн нэг зорилго нь улсын эмнэлгүүдийг хагас бие даасан байдал руу шилжүүлэх юм. Үүнд бас эмч ажиллагсдын цалин урамшууллын системийг тусгаж өгсөн. Жишээ нь, өмнө нь хэдэн хүнд ямар тусламж үзүүлж байгаагаас үл хамааран эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууд тогтмол цалингаа авдаг байсан. Тэгвэл энэ удаа ямар  тусламж үйлчилгээг хэдэн  хүнд үзүүлсэн, тэр тусламж  үйлчилгээ нь чанартай байна уу гэдгээс шалтгаалан эмч, сувилагчийн цалин, урамшууллыг нэмэхээр тусгасан.  Иргэн хүн эмч, эмнэлгээ сонгож, хариуцлагатай хандана.  Чадалтай эмч нар, чанартай тусламж үйлчилгээ үзүүлэх тусам тэр хүний санхүүжилт уг эмнэлэгт очно. Орлогоор нь  санхүүжүүлээд ирэхээр эмнэлгүүдийн оршин тогтнох үндэс, бие даах боломж бүрдэнэ. Чанар, гүйцэтгэлд нь бид хяналтаа тавина. Эмнэлгүүд чанартай тоног төхөөрөмж, дэлхийн жишигт нийцсэн үйлчилгээг үзүүлэхийн төлөө ажиллана. Эмч мэргэжилтнүүд нь өөрийгөө дайчлаад, мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх, хүний төлөө гэсэн сэтгэлээр хичээж ажиллана. Тиймээс ирэх онд эрүүл мэндийн салбарт энэ мэтчилэн олон ажил өөрчлөгдөнө.

-Сүүлийн асуулт. Таны хувьд, ЭМДЕГ-ын даргаар томилогдоод гурван сар болж байна. Ирээд удаагүй томоохон төслүүд, тодорхой ажлуудыг эхлүүлээд байна. Ер нь цаашид эрүүл мэндийн салбарт болон эрүүл мэндийн даатгалын сангаас даатгуулагчдад үзүүлэх тусламж үйлчилгээний хүрээнд хийхээр зорьж, төлөвлөсөн ажлууд юу байна вэ?

-Миний бие хүүхдийн их эмч мэргэжилтэй. Төрд ажиллах хугацаандаа эрүүл мэндийн салбараас холдоогүй. Дүүргийн Эрүүл мэндийн төв, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт ажиллаж байлаа. Мөн Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байсан. Энэ удаа ЭМДЕГ-т томилогдож ирсэн учраас энэ их итгэлийг зүтгэлээр хариулахсан гэж бодож байна. Ирэх онд хийгдэх ажлууд, хууль эрхзүйн орчин бүрдүүлэх шинэчлэлүүдийг цаг үеэ олсон, зоригтой шийдвэр гэж бодож хүлээж авсан. Ажлаа хүлээж аваад удаагүй, Эрүүл мэндийн даатгалын сангаас олгох хөнгөлөлттэй эм олгох ажлыг эхлүүллээ. Эхний ажлуудаа дүгнэж байна. Хүн амын хэрэгцээ өндөр байх тусам эмийн үнэ бага байх ёстой. Гэтэл манайд харьцангүй өндөр үнэлгээтэй байгаа. Тиймээс хөнгөлөлттэй эмийг олгоход үнийн асуудлыг цэгцлэх, нэг худалдан авагчийн систем рүү орох, ЭМДС-аас иргэд чанартай эмийг бага үнээр авч, иргэдийн халааснаас гарах зардлыг бууруулах юмсан гэсэн бодол байна.

Мөн иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дэмжих, дээшлүүлэх юмсан гэж бодож байна. Иргэдийн эрүүл мэндийн боловсрол өндөр байх тусам өвчлөл бага байна. Тиймээс эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг рүү зарцуулж буй ЭМДС-ийн төсөв мөнгө үр дүнгээ өгөөсэй гэж бодож байна. Миний хувьд, эрүүл мэндийн салбарт хэрэгжиж буй ажлуудад өмнө нь гар бие оролцоод явж байсан. Тиймээс цар тахлын халдвараас гадна эрүүл мэндийн үндсэн тусламж үйлчилгээг алдагдуулахгүй байх юмсан. Нас баралт өндөртэй өвчлөлүүд, зүрх судасны өвчлөл, хавдрын өвчлөл, урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлэгт анхаарна.  Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг нь сайжруулах,  үүний төлөө төлөвлөсөн ажлуудаа шат дараатай хийнэ гэж бодож байна. Хамгийн гол хичээж ажиллах чиглэл гэвэл  эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг үр ашигтай, зарцуулж, иргэд  маань өвчлөлөөс шалтгаалсан санхүүгийн дарамтанд битгий ороосой. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг эх орондоо чанартай аваасай гэж зорьж ажиллана даа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.12.23 ЛХАГВА № 245, 246 (6470, 6471)