Б.ДОЛЖИНЖАВ
Монгол орон даяар мал тооллогыг жил бүрийн арванхоёрдугаар сард зохион байгуулдаг. Энэ тооллого нь тэжээвэр амьтдын өсөлт бууралт, сүргийн бүтцэд гарч буй өөрчлөлт, мал аж ахуйн салбарын үйлдвэрлэлийн бодит хэмжээг тооцож тодорхойлох, зорилготой юм. Энэ жилийн хувьд мал тооллогын ажил энэ сарын 17-ноос хойш хэвийн үргэлжилж байна.
Энэ талаар ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батмөнх “Мал тооллогын ажил улс орон энэ сарын 17-нд эхэлсэн. Коронавирус цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор эрүүл ахуй, ариутгалын дүрэм журмыг чанд баримталж, мал тооллогыг энэ онд багтаан зохион байгуулахаар Засгийн газраас шийдвэрлэсэн. Тиймээс ХХААХҮЯ болон Үндэсний статистикийн хорооноос мал, амьтны тооллоготой холбоотой заавар зөвлөмжүүдийг орон нутагт хүргүүлсэн. 2021 оны эхээр мал тооллогын эхний ажлын урьдчилсан дүн гарна” гэсэн юм.
Эх сурвалж:www.polit.mn